Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-3

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-3

Дэлхийн 2-р дайны дараагаар ялагч гүрнүүд геополитикийн бүсүүдийг хэсэгчлэн хувааж захирах уламжлал тогтоож, улмаар ЗХУ, АНУ, Англи гэсэн хүчирхэг гүрнүүд өөр өөрийн улстөрийн эзэмшлүүдийг бий болгон тухайн бүс нутгийн асуудлыг тэнд оршин байх орнуудын эрх ашгаас үл хамааран шийдвэрлэж байв. Тун удалгүй социалист болон капиталист хүрээллийн цэргийн эвслүүдийг байгуулсан нь Варшавын гэрээ болон НАТО хэмээн томьёологдож ирсэн юм. Харин өнгөрсөн зууны сүүлээр социалист лагерь задарч нэг хэсэгтээ Зөвлөлүүдийн орны суурь болж байсан Орос улсын нөлөө хэсэг зуур суларч энэ нь АНУ, түүний өрнөдийн холбоотнууд болон НАТО-ийн нөлөөллийг хүчирхэгжүүлж байлаа. Харин одоо байдал нэлээд өөр болж эхэллээ.

Өрнөдөөс “зугатах” хүч үйлчилж эхлэв

Өрнөдийнхнөөс тэс өөр чиг баримжаагаар явж байсан Орос болон Хятад улсууд хүчирхэгжиж ирсэн, дээр нь бүс нутгийн орнууд хоорондоо эвсэж өөр өөрийн нэгдлийг байгуулж эхэлсэн зэрэг нь дэлхийн хэмжээний улстөр дэх олон туйлт хэв шинжийг бий болгосон байна. Ялангуяа өнөөгийн нөхцөл байдлыг харахад АНУ болон НАТО-ийн эрх хэмжээний хязгаарыг чамгүй танах оролдлого харагдах болжээ.

Эхний жишээг саяхан болсон манай хөршүүдийн удирдагч нарын уулзалт харуулсан юм. Өнгөрсөн сарын сүүлээр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хятад улсад айлчлах үеэрээ өнөөгийн олон улсын бодлогод шинээр бий болж байгаа чиг хандлагыг ерөнхийд нь сануулаад авсныг эргэн саная. Айлчлалынхаа үеэр Оросын ерөнхийлөгч Хятадын “Жэнминь жибао” сонинд өгсөн ярилцлагадаа,  “ Евразийн орон зай дахь тогтвортой байдал болон хөгжил дэвшлийн ямар ч асуудлыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ( ШХАБ) оролцоогүйгээр шийдэх тухай төсөөлөх ч боломжгүй “ гэж хэлж байсан билээ. Эндээс ямар зүйл харагдаж байна вэ гэвэл өнөөгийн дэлхийн хэмжээний шийдвэр гаргах хүчний хуваарилалтад өөрчлөлт орж байгаа гэдгийг олж харж болох юм.  Тэгээд ч зогссонгүй тэрээр энэ байгууллагаас дэлхийн хэмжээний улстөрийн шийдвэр бодлогод оролцох томоохон төлөвлөгөөнүүд байна гэдгийг ч дурдаад авав. Тухайлбал Д.Медведев дээрхи ярилцлагадаа, “ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Афганистаны асуудлыг шийдвэрлэх бүс нутгийн хамтын ажиллагааны талбар болох бүх үндэслэл бий” гэж нэмэн хэлсэн байгаа юм.
Үнэндээ ч АНУ болон НАТО-ийн Афганистанд явуулж байгаа үйл ажиллагаа тэдний нэр хүндийг унагаахаас өөр дүн авчрахгүй байгаа энэ үед дээрхи байгууллагын “амбиц”-ийг ийнхүү илэрхийлсэн нь цаанаа бол Оросын нөлөөллийг сэргээх оролдлого болж харагдахаар байна. Монгол улс ажиглагчийн оролцоотой яваа ШХАБ-ын тэргүүн эгнээний гол “тоглогчид” нь Орос болон Хятад гэдгийг ч Оросын ерөнхийлөгч тов тодорхой хэлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ байгууллагын ирээдүйн үйл ажиллагаа нь манай хөрш гүрнүүдийн дэлхийн бодлогыг тодорхойлоход оролцох нөлөөллийн “амбицийг” илэрхийлж байх нь тодорхой болов.

Нөлөөллөө тогтоох шинэ арга барил

Энд бас нэг зүйл харагдах мэт. Орос болоод Хятад гүрнүүдийн нөлөөллөө тодруулах арга барил нь АНУ болон өрнөдийнхнөөс арай өөр байгаа юм. Тэд тодорхой бүс нутгийн улс орнуудыг нэгтгэсэн  улстөр,эдийн засгийн түншлэлийг идэвхжүүлж улмаар тодорхой байгууллага болгон зангидах болжээ. Гаднаас нь харвал бүс нутгийн болон бусад нийтлэг эрх ашгийн нэгдэл мэт харагдаж байгаа ч тухайн байгууллагын үйл ажиллагааны цаана манай хөрш хоёр гүрний нөлөөллийн “амбиц” нуугдаж байх болсон аж. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИК (эдгээр байгууллагуудад хоёр хөрш маань хоёулаа багтана), Тусгаар орнуудын хамтын нийгэмлэг (Орос болон хуучин ЗХУ-ын “республик”-ууд) гэх мэтээр тоочвол бас ч цөөнгүй болсон нь харагдана.

Ингээд зогссонгүй Оросын ерөнхийлөгчийн өмнөд хөршдөө хийсэн айлчлал Оросын нөлөөллийн том амбицийг зарлаж дуусаагүй байтал бас нэгэн айлчлалыг нь тойрсон өөр нэгэн шуугиан ялангуяа АНУ-ын улстөрийнхний санааг зовоож эхэлжээ.

Энэ сарын 20-ны орчим болохоор товлогдсон Орос,Франц, Герман гурван орны удирдагч нарын уулзалтын эргэн тойронд ийнхүү бусдын санааг зовоох хэд хэдэн шалтгаан байгаа гэнэ. Николя Саркози, Ангела Меркель нартай уулзах үеэрээ Оросынг ерөнхийлөгч эдгээр орнуудтай эдийн засаг болон аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны бүсийг бий болгох саналаа эцсийн байдлаар шийдвэрлэх болж байгаа юм. Тэгэхдээ энэ бүсийг НАТО-ийн оролцоогүйгээр шийдвэрлэж, үйл ажиллагааг нь зохицуулахаар төлөвлөсөн нь АНУ болон НАТО-ийн эгдүүцэл бас гайхшийг барж байгаа бололтой юм. Ямартай ч нутагтаа хийж байгаа энэ уулзалтын үеэр Францын ерөнхийлдөгч Оросын ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжих магадлал өндөр байгаа гэнэ.

Харин АНУ болон НАТО-ийн удирдлагууд бие даасан ийм бүтэц бий болох нь НАТО –ийн Европт тогтоосон байр суурийг нь ганхуулсан үйл явдал болно гэж сэрэмжилж байна. Тэр тусмаа ирэх сард Португалийн нийслэлд болох НАТО-ийн маш чухал уулзалтын өмнө ийм зүйл яригдах нь туйлын зохимжгүй гэдгийг АНУ, НАТО-ийн зүгээс шийдвэртэй илэрхийлж эхэлжээ. Мөн энэ уулзалтад туйлын таагүй хандаж байгаа өөр бусад орнууд ч байна. Тухайлбал Балти орчмын болон Гүрж улсууд Франц, Оросын тэргүүн нарын уулзалтаас таагүй мэдээ хүлээж байгаа ажээ. Энэ нь Франц улс Орост танк болон нисдэг тэрэг тээгч “Мистраль” ангиллын хөлөг онгоцуудыг худалдахаар болж байгаа асуудал бөгөөд энэ наймаа дээрхи орнуудад Оросын зүгээс нөлөөллөө өргөжүүлэхэд нь нэмэр хандив болно гэж үзэж байгаа юм.

ХАРИЛЦААНААС ХАМААРАЛ РУУ

Энэ мэт олон шүүмжлэлийг хөндлөнгөөс хүлээж байгаа ч Орос улс Европт Герман болон Францтай хамтарсан нөлөөллийн бүсийг бий болгох санаархлаа орхих шинж харагдахгүй байгаа гэнэ. Тийм болохоор НАТО өөрийн зүгээс Оростой харилцаагаа шинэ түвшинд гаргах бололцоо нөхцөлийг эрэлхийлэхээс өөр арга үлдэхгүй байж ч болзошгүй. Тэгээд ч Оросын удирдлага НАТО-тай ойртож ажиллах гурван ч арга замыг авч хэлэлцсэн тухай мэдээлэл гарч байгаа юм. Энэ гурван арга замд Орос улс НАТО-д бүрэн эрхэт гишүүнээр элсэн орох, эсвэл тус байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан холбоотон болох, мөн хамтын үйл ажиллагааны зохицуулах зөвлөлийг байгуулах гэсэн хувилбарууд орж байгаа юм.

Ялангуяа сүүлийн хувилбар маш сонирхолтой. Монгол улсыг ШХАБ-д ажиглагчаар орох үед  төвийг сахих үзэл баримтлалтай орны хувьд зохисгүй алхам хийж байна гэсэн зэмлэл сонсогдож байсан бол Оросын ерөнхийлөгчийн дээрхи хувилбар хэрэгжвэл илүү хатуу шүүмж сонсож болохоор байгаа юм.

Учир нь тэрхүү хамтын ажиллагааны зохицуулах зөвлөл гэдэг нь Монгол улс ажиглагчаар нь байдаг ШХАБ-ын үйл ажиллагааг  НАТО болон Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагуудын үйл ажиллагаатай  уялдуулан зохицуулах үүрэг хүлээх   Эцэст нь хэлэхэд дэлхийн хэмжээний улс төрд голлон тоглогч болоод байгаа том гүрнүүд, тэр дундаа манай хоёр хөрш орон ганцаарчилсан тоглолтоор нөлөөллөө идэвхжүүлэх гэхээсээ илүү бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа зэргээр дамжуулан “амбицлах” хандлага нь улам идэвхжиж байгаа аж.

Энэ тохиолдолд Монгол улс эвсэлд үл нэгдэх байр сууриа хадгалахын тулд багагүй ул суурьтай бодлого, үйл ажиллагаа явуулах учиртай болж байх  шиг байна. Гэвч нөгөө талдаа зонхилогч гүрнүүдийн бодлогоо уламжлуулж байгаа хамтын ажиллагааны байгуулагууд нь бүс нутгийн эдийн засгийн нэн чухал ач холбогдол бүхий харилцааг хянах нь зайлшгүй болж байгаа тул  Монголын хувьд зожигрох байр суурь хэт барих нь дарамт шахалтад өртөх эрсдэлд хүргэж бас болохоор байна. Ёстой л цөлх ухаан зарах бэрх цаг ирж дээ гэхээс өөр юу гэх билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж