Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Хийл урлаач

Дуурь бүжгийн эрдмийн театр 48 дахь улирлын нээлтээ Италийн алдарт Дж.Пуччини “Madam Butterfly” буюу “ Эрвээхэй хатагтай” дууриар нээлтээ хийсэн билээ. Уг нээлтэнд зориулан Италид улсад хийлийн мастераар сурч ирсэн хөгжмийн мастер Д.Түвшинтөр хийл хөгжмийг хэрхэн урлах тухай бяцхан үзэсгэлэн дэлгэсэн юм. Сонгодог урлагийн өлгий нутаг Италид, нумт хөгжмийг урлах ухаанаас сурч ирсэн түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та Италид хэдэн жил суралцсан бэ?
-Би Италид 2000-2004 онд сурсан. Манай сургууль таван жил сурч төгсдөг ч би өмнө нь хөгжмийн зэмсэг хийдэг байсан болохоор шалгалт өгч хоёрдугаар дамжаагаа алгасч шууд гуравдугаар дамжаанд элсэн сурсан юм. Таван жил суралцах сургуульд  дөрвөн жил сурсан юм л даа. Сургуулиа төгсч ирээд хувиараа  хөгжмийн зэмсгийн үлдвэрлэл худалдаа эрхэлдэг “Сеттимо” ХХК нээсэн. Уг компанийнхаа захирал, гэхдээ өөрөө хөгжмөө урлан. Мөн “Монголын хөгжмийн зэмсэг урлаачдын холбоо” гэсэн төрийн бус байгууллага бий. Манай хөгжмийн зэмсэг урлаачид нийлж байгуулсан холбоо. Тус холбооныхоо үйл ажиллагаанд оролцоно.

-Монголдоо энэ чиглэлээр суралцаж байсан уу?
-Би 1989 онд Соёлын яамны харьяа “Үндэсний хөгжмийн үйлдвэр” гэж байхад анх дадлагаар ажиллаж морин хуурын мастер болж байв. Тийм болохоор хөгжмийн урлал талаасаа шинэ хүн байгаагүй ээ. Өмнө нь хөгжмийн зэмсэг, морин хуур урлаж байсан юм.

-Мужаан хүн бүр хөгжмийн зэмсэг урлаад байдаггүй шүү дээ. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Хөгжмийн зэмсэг урлалыг ямар салбар гэж тодорхойлбол тохиромжтой юм бол гэж би заримдаа боддог юм. Дүрслэх урлагийн салбар гэж хэлэхэд хэцүү. Энэ салбар маань тусдаа нэг төрөл зүйл болчихоод байна. Хөгжмийн мастер болоход гарын ур дүйгээс гадна хөгжмийн сонсгол хэрэгтэй. Огт сонсголгүй мөртлөө гарын ур дүйтэй хүн бол сайн зураач ч юм уу барималчин болж болно.  Харин хөгжмийн мастер болж чадахгүй. Би багадаа их хөгжим сонирхдог, цахилгаан хөгжмийн хамтлагт гитар тоглоод дуулдаг байлаа. Хөгжим тоглодоггүй хүний хажууд бараг л хөгжимчин дөө, би. Бөмбөр цохино, гитар тоглоно, морин хуур оролдоно гээд өөрөө хөгжимд сонирхолтой. Дунд сургуульд байхдаа ахуйн хэрэглээний ойр зуурын зүйлсийг засчихдаг, гар аргаар юм хийх сонирхолтой хүүхэд байсан.  Надад яг таарсан ажил энэ байх гэж боддог л доо.

-Монгол морин хуур хөгжим, сонгодог хийл хөгжим хоёрыг урлахад ялгаатай байх. Гэхдээ бас хөгжмийн зэмсэг гэдэг утгаараа төсөөтэй зүйл ч байгаа байх, тийм үү?
-Ер нь төсөөтэй талууд их бий. Хийцийн зарчим бол их ойролцоо. Морин хуур маань анх ширэн цартай байж л дээ. Сүүлийн үед орчин үеийн шаардлагад нийцүүлэх гэж модон цартай болгосон юм байна лээ. Гэхдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц хөглөлт, арга барилтай. Ерөнхий хийцийн хувьд адилхан мэт боловч зөрчилдөх нь бий. Хийлийн төрлийн хөгжмийг нумт утсан хөгжмийн зэмсэг гэдэг. Үүгээрээ хоорондоо адилхан. Хийлийн мастер болчихсон хүн бүх төрлийн нумт утсан хөгжмийг хийж чадна гэсэн үг. Гэхдээ контр бассын хувьд урлахад арай өөр байдаг.

-Та гарын шавь олонтой юу?
-Гарын шавь гээд айхтар хуучных шиг хадаг бариад шавь орсон хүн бол байхгүй ээ. Гэхдээ шавь гэж хэлэх залуус олон бий. Манай компанид ажилладаг арван залуу бүгд миний шавь нар даа.


Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж