Б.Түвшинбат эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат эхний өрсөлдөгчөө яллаа

Боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордонд боллоо. Дэлхийн аваргын тоглолтууд албан ёсоор өнөөдөр 15.00 эхэлж, нийт 11 тоглолт болсон юм.

Нээлтийн ажиллагааны эхэнд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, төрийн далбааг залсан юм. Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон FISU буюу Олон улсын оюутны спортын холбооны төлөөлөгч Игараши Хисато нар нээлтийн ажиллагаанд зориулж, үг хэлснээр боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн албан ёсоор нээгдсэнийг зарлав.

Нээлтийн ажиллагааны үеэр тамирчдыг төлөөлж, олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба тамирчны тангараг өргөсөн бол шүүгчдийг бүрэлдэхүүнийг төлөөлсөн шүүгч мөн тангараг өргөсөн юм.

Энэ сарын 10-ныг дуустал үргэлжлэх боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд маргаашнаас эхлэн 8-ныг хүртэл өдөр бүр 15.00 цагаас Спортын төв ордонд эхлэх бол 9, 10-нд хагас шигшээ, шигшээ тоглолтууд 13.00 цагаас эхлэн явагдах учиртай.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр нийт 11 тоглолт болсноос манай гурван тамирчин эх орныхоо рингэнд гарч тулалдсан. 64 кг-ын жинд Б.Түвшинбат Польшийн тамирчин Микал Сироваткаг 5:3 харьцаатай ялж, дэлхийн аваргын эхний хожлоо авчээ. Харин 75 кг-д Н.Шинэбаяр ОХУ-ын боксчин Андрей Ефременкотой тулалдаж, 6:0 харьцаатай ялагдсан юм. Мөн өнөөдөр манай тамирчин С.Эрдэнэбаяр 81 кг-д эхний тулаанаа Литвийн тамирчин Тадас Тамасаукастай тулалдаж, 1:1 харьцаатай тэнцсэн бөгөөд шүүгчдийн саналаар ялалт байгуулсан.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж