
Шинэ хувилбар нь өмнөх загвараасаа хайлтын системийн хувьд илт сайжирсан бөгөөд ангилал, загвараар нь ялган харуулах боломжтой болсон гэнэ. Мөн сонирхсон бүтээгдэхүүнийхээ зургийг дээд зэргийн чанартайгаар томруулан харах боломжийг бий болгосон байна. Гэхдээ тус брэндийн хувьд кибер зах зээлд хэдийнэ хөлөө олсон бусад загварын компаниудтай ширүүн өрсөлдөөнтэй тулгарах нь тодорхой юм.
Тэрбээр виртуаль бэлэн хувцасны дэлгүүрээрээ Европ тивийн Испани, Герман, Франц, Итали, Португаль болон Британи гэсэн тодорхой хэдэн зах зээлд худалдаа явуулж эхлээд байгаа. Харин 2011 оноос эхлэн хүрээгээ тэлж, АНУ, Япон болон Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэнэ.
Бусад гол үйлдвэрлэгчдийн тухайд хэдийнэ кибер зах зээлд байр сууриа олсон бөгөөд жишээ татахад, Америкийн Gap гэхэд л 1997 оноос эхлэн АНУ-ын хэмжээнд онлайн хэлбэрээр худалдаа хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн сарын 16-наас эхлэн дэлхийн 55 улсад онлайн худалдаа эрхлэх болсон юм. Түүнчлэн Европын хэмжээнд хоёрдугаарт бичигддэг Шведийн H&M компани 1998 оноос эхлэн нийт долоон улсад онлайн дэлгүүрээ нээн ажиллуулах болсон бөгөөд өнгөрсөн сарын 16-наас Британийн зах зээлд хөл тавиж эхлээд байгаа.
Мөн Gucci-гийн маркетингийн баг 18 сарын хугацаанд ажилласны үр дүнд онлайн дэлгүүрийнхээ шинэчилсэн хувилбарыг танилцуулсан. Шинэ хувилбар нь бүтээгдэхүүн бүрийг томруулж харах, хурдан шилжилт хийх боломжтой, бараа бүтээгдэхүүнийг илүү нарийвчлан ангилсан, ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг нэг дор харах зэрэг олон боломжийг бий болгосноороо давуутай гэнэ.
Дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон брэндүүд алдагдал хүлээгээд байгаа ба Gucci энэхүү хямралаас хохирол багатай гарахын тулд зах зээлд нарийн судалгаа хийж, хэрэглэгчдийн сонирхолд нийцэхүйц үйлчилгээ санал болгохоор шаргуу ажиллаж байгаа юм.