Хөгжлийн банкны удирдлагыг сонгон шалгаруулах олон улсын тендерийг зарлаад байгаа. Тендерийн материалыг арваннэгдүгээр сарын 22-ныг дуустал авах бөгөөд удирдлагын багийн гишүүд нь хөгжлийн санхүүгийн болон бусад санхүүгийн ажил үйлчилгээг олон улсын хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн, 10-аас доошгүй жилийн туршлагатай, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон талт эх үүсвэрээс бүрдүүлэх чадвартай байх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна. Өнөөдөр манай улсын уул уурхай, эрдэс баялгийн салбар үндсэндээ хувийн хэвшлийн санхүүжилтээр хөгжиж байгаа. Уул уурхайг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг давхар хөгжүүлэх, дэд бүтцийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банк хамгаас илүү хэрэгтэй байгааг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун онцолж байлаа. Тиймээс ч Хөгжлийн банкыг хүнд аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг санхүүжүүлэх чиглэлээр ажиллуулна гэдгийг тэрбээр хэлсэн юм. Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбороос эхлээд хүлээгдэж буй ажил тун их юм. Хөгжлийн банкаар амжилтад хүрсэн жишээ олон байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл манай улсын урд хөрш БНХАУ 1994 онд хөгжлийн банк байгуулж, тэр цагаас хойш дэд бүтэц, аж үйлдвэр, харилцаа холбооны салбарт 1,6 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Хөгжлийн банкны дүрмийн санг 16 тэрбум төгрөг байхаар заасан нь арилжааны банкуудын дүрмийн сангаас даруй хоёр дахин өндөр байгаа юм.
М.Сура