Залуу дуучин Д.Намсрайноров уран бүтээлийн анхны тоглолтоо энэ сарын 10-нд Бөхийн өргөөнд хийх гэж байна. Түүний анхны “Хонгор чамдаа” тоглолтын ерөнхий зохион
байгуулагчаар “Төв цэг” клуб, ивээн тэтгэгчээр “Дунд урт” групп,
ерөнхий найруулагчаар Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан доктор н.Сүхбаатар, ерөнхий продюсероор
гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ
ажиллаж байгаа аж. Д.Намсрайноров нь 1980 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. 1987-1997 онд Өндөрширээт сумын арван жилийн дунд сургуулийг дүүргэж 1998 онд цэргийн албан мордсон аж. 2003-2008 онд Соёл урлагийн их
сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч бие даан уран бүтээлээ хийх болсон байна. Оюутан цагтаа Төв аймгийн бүрэн сумын уугуул номын багш соёлын тэргүүний ажилтан Д.Шийрэвжамцын үг, соёлын тэргүүний ажилтан Р.Билэгтийн хөгжим ”Хонгор чамдаа” дуугаараа анхныхаа уран бүтээлийн гарааг эхэлжээ. Түүний энэ дууг мэдэхгүй хүн гэж үгүй, бараг л дуугаараа нэршсэн азтай дуучин гэж хэлж болохоор. Тэр ч утгаараа анхны бие даасан цомог, тоглолтоо “Хонгор чамдаа” хэмээн
нэрлэсэн байна. Дуучин Д.Намсрайноров нь одоогоор урын сандаа 30 гаруй дуутай болжээ. Уг тоглолтын талаар ерөнхий продюсер,
гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнээс тодрууллаа.
–Та өөрөө дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин. Мэдээж сонсогчид таны уран бүтээлийн тоглолтыг хүлээж
байгаа. Гэтэл ойрд өөрийнхөө тоглолтыг хийгээгүй байж яагаад дуучин Д.Намсрайноровтой
хамтран ажиллах болов?
–Д.Намсрайноров чинь бусдаас өөр хүн байхгүй юу. Та бүхэн товч танилцуулгаас нь анзаарсан 1998-2003
оныг хүртэл ямар уран бүтээл хийгээгүй биз. Д.Намсрайноров цэрэгт
алба хааж байхдаа
автын осолд ороод гурван жил хэвтэрт байсан юм. Уг нь бол
дуучин биш бөх болно гэж боддог байж дээ.
Гэвч автын ослоо болоод бөх барилдаж чадахгүй болж, дуучин болсон. Гурван жил хэвтэрт байсан ч өөрийгөө ялан дийлж, ийм сайхан уран бүтээл хийж байна. Цаашид ч сайн уран бүтээл хийх гээд хөдөлмөрлөж яваа энэ хүнийг би дэмжих ёстой юм. Д.Намсрайноров оюутан
цагаасаа эхлэн надтай холбоотой байж хамтарч ажилласан. Би аав, ах хоёрыг нь
сайн танина.
-Анхны бие даасан тоглолтоос тухайн дуучин
ямар уран бүтээлч болох нь харагддаг гэж
та өмнө нь ярьж байсан?
-Тийм ээ. Энэ хүний анхны бие даасан тоглолтыг үзээд цаашид ямар
уран бүтээлч болох нь вэ гэдгийг үзэгчид шүүдэг юм. Тиймээс хүмүүсийг Д.Намсрайноровын тоглолтыг ирж үзээрэй гэж хэлмээр байна.
-Тоглолтод өөр дуучид оролцох уу?
-Д.Намсрайноровын найз нөхөд нь ирж ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлнэ.
-Тоглолтын тасалбар ямар үнэтэй вэ?
-Тасалбарын үнэ 8000 төгрөг байгаа. Өдөр болгон 13:00-14:00 цагийн хооронд тасалбар
худалдаж авсан хүмүүс Д.Намсрайноровтой хамт
зургаа авахуулах боломжтой. Зургийг нь тэр дор нь угаалгаж өгөх юм.
-Тэгэхээр 13:00-14:00 цагийн хооронд
Д.Намсрайноров өөрөө тасалбараа
худалдах юм уу?
-Яг ч тийм биш л дээ. Бөхийн өргөөний
ард талд тусгай гэр зассан байгааг хүмүүс анзаарсан байх. Манай
Д.Намсрайноров чинь Төв аймгийнх шүү дээ. Тэгээд аав ээж нь нэг тонн айраг явуулсан
юм. Тэндээ Д.Намсрайноров 13:00-14:00 цагийн хооронд хүмүүстэй уулзаж, гарын үсгээ өгөх зургаа авахуулах юм. Ээж,
аавынх нь сэтгэл шингэсэн сайхан айрагнаас ууж, энгийн сайхан яриа хөөрөө өрнүүлж, хамт зургаа авахуулах
боломжийг олгож байгаа юм л даа.
-Ингэхэд таныг гадаадад сурах гэж байгаа
гэсэн, хэзээ явах, хаана суралцах юм вэ?
– Би Ирланд руу явч, менежментийн чиглэлээр
сурах гэж байгаа юм. Манай хичээл одоо арваннэгдүгээр сарын 1-нд эхэлнэ ш дээ. Тэгээд л явна даа.
М.Дөл