Увсын уугуул иргэд спортын төрлөөр уралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Увсын уугуул иргэд спортын төрлөөр уралдаж байна

Энэ өдрүүдэд Увс аймгийн нутгийн зөвлөлөөс уугуул иргэдийнхээ дунд спортын таван төрлөөр тэмцээн зохион явуулж, эхний гурван төрлийн аваргууд шалгарсан байна. Увс аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тэмцээний талаар тодрууллаа.

-Энэ удаагийн тэмцээний онцлог юу вэ?  
 
-Увс аймгийн нутгийн зөвлөл нутгийн уугуул иргэдийнхээ дунд спортын тэмцээнийг 2005 оноос явуулж байна. Оролцогчдынхоо санал хүсэлтийн дагуу энэ жилээс ширээний теннисний төрлийг нэмж, спортын таван төрлөөр явуулж байгаа. Биллъярдын тэмцээнийг төр, нийгмийн зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Төмөрийн нэрэмжит, Шатрын тэмцээнийг 1958 оны улсын аварга шатарчин, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич С.Мөөмөөгийн нэрэмжит, Ширээний теннисний тэмцээнийг Улсын дөрвөн удаагийн аварга, спортын мастер О.Цэдэнбалжирын нэрэмжит болгон зохион байгууллаа. Дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Нийслэлийн 84 дүгээр сургуулийн спорт зааланд Спортын мастер Н.Шаалуугийн нэрэмжит гар бөмбөгийн, Спортын мастер Л.Үржинбадамын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болно.

-Оролцогчдод ямар шаардлага тавих юм бол…?

-Увс аймгийн уугуул 25-аас дээш насны тамирчид оролцохыг удирдамжиндаа заасан.

-Тэмцээнийхээ үр дүнгээс танилцуулна уу?

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдсон биллъярдын тэмцээнд Улаангом сумын Нутгийн зөвлөлийн баг, шатрын тэмцээнд Түргэн сумын уугуул, ФИДЕ мастер Х.Сүрэндорж, Тариалан сумын залуу шатарчин Алтанчимэг, теннисний төрөлд Сагил сумын уугуул, Спортын мастер Д.Отгонбаяр, Өндөрхангай сумын уугуул О.Бадамцоо нар түрүүлж, алтан медаль хүртээд байна.
                                                                                                           Б.Батжаргал 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж