УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нар өргөн барилаа.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд тавих хяналтыг сайжруулахын тулд барилга обьектийн тендерийг шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орон нутгийн төлөөллийн тоог олшруулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тендерт ялагч аж ахуйн нэгжийн удирдлагын бизнесийн ёс зүйг сахиулах нь ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж энэхүү хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж байгаагаа эрхэм гишүүд онцоллоо.

Тухайн ажлыг гүйцэтгэж байгаа компани ажиллаж байгаа обьектынхаа дэргэд компанийн товч танилцуулга, санхүүгийн хүчин чадал, гүйцэтгэж байгаа ажлын эхлэх, дуусах хугацаа, захирлын зураг, харилцах утас зэргийг багтаасан мэдээллийн самбарыг олон нийт чөлөөтэй үзэж байхаар байрлуулахыг гүйцэтгэгч байгууллагатай байгуулах гэрээний нэг нөхцөл болгож байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2005 онд батлагдан хэрэгжиж байгаа. Гэвч аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын чанар, стандарт, хугацаа, ажиллах хүчний чадавхи зэрэг олон зүйлд тухайн орон нутгийн иргэд өөрсдөө хяналт тавьж чадахгүй байгаагаас төсвийн хөрөнгөөр чанаргүй барилгууд баригдаж, тухайн орон нутгийн эрх ашиг хохирсоор байгаа аж. Түүнчлэн барилгын компаниуд шаардлага хангахгүй хямд материалаар барилгын ажлыг гүйцэтгэж байгаагийн дээр хүлээлгэж өгсний дараах баталгаат засвар үйлчилгээг хийхгүй орхих, эдэлгээний явцад эвдрэл их гарч, түүнийг нь дахин засварлах зэргээр төсвийн үргүй зардал нэмэгддэг.
Иймд энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэх ажилд чанарын өөрчлөлт гарч, төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдах болно хэмээн хууль санаачлагчид үзэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

 
Дараа нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл өргөн барив. Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу “Монгол-Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа аж.

Монгол-Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр буюу 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан байна.

Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 10.1-д заасны дагуу энэхүү гэрээ нь заавал соёрхон батлах гэрээ учраас соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн үзэл баримтлалыг баталсан бөгөөд хууль нь 1 зүйлтэй, гэрээ нь 11 бүлэг, 50 зүйл, 14 хавсралттай.

Хууль батлагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсноор Хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1988 оны гэрээ хүчингүй болно.

Улсын хилийг хамгаалах, хамтран шалгах, хил орчмын нутаг дэвсгэр мөрдөгдөх хилийн дэглэмийг тодорхойлж, сахин хангуулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийн таслан зогсоох, шийдвэрлэх болон хил орчмын газар нутгийн байгаль орчныг хамгаалах, хоёр орны худалдаа эдий засаг, аялал жуулчлалын харилцааг хууль тогтоомжийн хүрээнд өргөжүүлэх, хориотой барааг худалдах, тээвэрлэх зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх, Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссыг байгуулах зэрэг асуудлаар эрх зүйн орчин шинээр бүрдэнэ хэмээн хууль санаачлагчид танилцууллаа.

УИХ-ын дарга хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд шилжүүлж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Тамгын газарт үүрэг болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж