Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Коби баяртай байна


NBA-ын шинэ улирлын тоглолтууд эхлэхийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд “Майами Хит”-ийн эргэн тойронд, орчин цагийн шинэ гурвалд гол анхаарлаа хандуулж буйд “ЛА Лейкерс” багийн супер од Коби Брайнт баяртай байгаа гэнэ.

Майамигийн супер од Двейн Уейдтэй гэрээгээ шинэчилж, Леброн Жеймс, Крис Бош нарыг эгнээндээ элсүүлж, орчин цагийн их гурвалыг бий болгосон “Майами Хит” шинэ улирлын гол өрсөлдөгч байх нь гарцаагүй.

Лондон хотноо өчигдөр NBA-ын үзүүлэх тоглолт болж, “ЛА Лейкерс” болон “Миннесота Тимбервулвес” нар хоорондоо тоглосон юм. Харин уг тоглолтын үеэр CNN-ийн Лондон дахь сурвалжлагч Педро Пинто Коби Брайнттай уулзсан байна. Энэ үеэр Коби “Хэвлэл мэдээллийнхэн үнэхээр амар байна. Бидний хувьд зүгээр хараад л, инээгээд сууж байна. Илүү хөгжилтэй бас хамаагүй амар юм. Хэвлэлийнхний элдэв асуултад бөмбөгдүүлэхгүй, хоорондоо ярилцаад, эцсийн зорилгынхоо төлөө ажиллаж байна” хэмээн ярьжээ.

“ЛА Лейкерс” сүүлийн хоёр жил дараалан NBA-д түрүүлж, аваргын цом хүртсэн бөгөөд үүнд мэдээж дасгалжуулагч Фил Жэксоны нөлөө асар их бий. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас дасгалжуулагчийн замналаа өндөрлүүлэх талаар ярьж, Стэплс центрт дахин ажиллах эсэх нь эргэлзээтэй байсан боловч дахин нэг жил аваргын төлөө багийнхантай хүч үзнэ гэдгээ Фил Жэксон өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн билээ. Дасгалжуулагчийнхаа талаар Брайнт “Бид үнэхээр сайн ритмтэй байгаа. Тэгэхээр түүнийг бидэнтэй хамт байгаа цагт энэ хэмнэл цаашид ч үргэлжлэх болно” гэжээ.

Мөн ирэх жилийн түрүүний талаар тэрбээр “Би 15 дахь жилдээ NBA-д тоглож байна, цаг хугацаа үнэхээр хурдан юм. Би хувьдаа их азтай тоглогч. Учир нь аваргын цом өргөх хувь дутсан олон арван тоглогч байдаг шүү дээ. Гэтэл би таван удаа өргөсөн маш их, дэндүү азтай хүн. Мэдээж зургаа дахь цомоо хүртэнэ гэдэг чухал. Бид үүний л төлөө, хожлын төлөө тоглодог” гэсэн байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж