Паопао хочит Жэки Чан

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Паопао хочит Жэки Чан

Азиас дэлхийн хэмжээний “супер од” болон гялалзаж яваа жүжигчдийн нэг бол Хонконгийн нэрт жүжигчин, кино найруулагч, продюссер, дуучин Жэки Чан юм. Тэрбээр 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хонконгод төрсөн бөгөөд 5.4 кг жинтэй төрсөн түүнийг багад нь махан бөмбөг буюу паопао гэж хочилдог байжээ. Найман нас­­тайгаасаа кино дэлгэцийн амьд­ралд хөл тавьсан аж. Үүнээс хойш өдийг хүртэл 100 гаруй кинонд дүр бүтээсэн байна. Түүнийг Брюс Ли­гийн орлон тоглогч байсан гэдгийг хүн бүр мэддэг. Харин Жэки Чан “Би сэтгэлээр унасан үедээ өөрийн шүтээн болох Брюс Лигийн тоглосон киног үздэг” гэсэн байдаг. Тэрбээр кунфугийн урлагийг олон нийтэд таниулсан, адал явдалт, хөгжилтэй, тулааны урлагийн мастерийн дү­рийг бүтээдэг. Хөгжилтэй, чадвар­лаг дүр нь түүнийг зөвхөн Ази гэлт­гүй Холливудын хэмжээнд хүр­гэ­сэн юм. Холливудад “Оргил цаг”, “Шанхайн үдэш”, “Хориотой улс”, “Karate kid” зэрэг олон киногоор нэрд гарсан билээ. Тэрбээр кинонд орлон тог­логчгүй тоглодог гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Тиймээс тулалдаж, нэг газраас нөгөө рүү үсэрч, харайж байхдаа бэртэх то­хиолдол их гардаг ажээ. “Бурхны дуулга” киноны зураг авалтын үеэр цамхгаас мод руу үсрэх үе­дээ хальтирч зургаан метрийн өндрөөс унаж байсан гэдэг. Үүнээс болж толгойдоо цоорхойтой бол­сон байна. Мөн киноны дуугаа өөрөө зохиож дуулдаг бөгөөд хэд, хэдэн цомгоо фэнүүдийнхээ хүр­тээл болгосон чадварлаг уран бүтээлч. Дэлхийн хэмжээний нэрт жүжигчин Жэки Чан манай улсад хүмүүнлэгийн ажлаар энэ өдрүүдэд ирээд байгаа. Жэки Чан манай улсад айлчлах үеэрээ “Манай өвөг эцэг Монгол хүн байсан. Би үүнийг саяхан мэд­сэн. Баяртай байгаа” хэмээсэн юм. Ийнхүү тэрбээр өвөөгийнхөө нутгаар айлчлаад өнөөдөр нутаг буцлаа.   

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж