Гуардиола “Барса”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Гуардиола “Барса”-д үлдэнэ

Европын тавцан дахь шилдэг багуудын нэг “Барселона”-гийн дасгалжуулагч Хосеп Гуардиола багтайгаа байгуулсан гэрээгээ нэг жилээр сунгасан талаар клубын удирдлага мэдэгдлээ. Өдгөө 40 настай энэ эрхэм 2008 оны дунд үеэс эхлэн “Барса”-г удирдаж эхэлсэн бөгөөд Каталаны багийг Ла лигт хоёр удаа түрүүлүүлж, Аваргуудын лиг, FIFA-гийн клубуудын дэлхийн аварга, UEFA-гийн Супер цом болоод Испанийн цомыг өргөсөн билээ. Өнгөрсөн оны зургадугаар сард тэрбээр гэрээгээ 12 сараар сунгасан бөгөөд энэ удаа дахин нэг жилээр сунгаснаар 2012 оны зургадугаар сар хүртэл Каталоны багийг удирдах болж байна. Энэ улиралд залуу ноёнтон “Барса”-гийн хамт лигт дараалсан 16 ялалт авч, мөнхийн өрсөлдөгч болох “Реал Мадрид”-ын амжилтыг эвдсэн юм. Өдгөө ч тэд дараалан гурав дахь жилдээ Ла лигийн цом хүртэх тун боломжтой байгаа. Тэд бямба гаригт “Спортинг Гихон”-ы талбайд зочлох бөгөөд одоогоор зургаан онооны давуутай лигийн хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.

Гуардиола 13 настайгаасаа “Барса”-д харьяалагдах болсон бөгөөд 1990 онд багийнхаа бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж байлаа. Хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн багтайгаа амьдралаа холбож, менежер нь болсон түүний довтолгооны хувилбарууд үнэхээр гайхалтай. 2010 оны дэлхийн аваргад Испанийн шигшээ түүхэндээ анх удаа түрүүлэхэд, финалын тоглолтод оролцсон шигшээ багийн бүрэлдэхүүнд зөвхөн “Барса”-гаас долоон тоглогч байсан нь тэдний чанар чансааг илтгэнэ. Түүнчлэн FIFA Ballon d’Or шагналд нэр дэвшигчдээс эцсийн шатанд гурван тоглогч үлдсэн нь бүгд л энэ багийн түлхүүр тоглогчид байсан билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж