Монголыг дэлхийн шившиг болголоо

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Монголыг дэлхийн шившиг болголоо

Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нарийн бичгийн дарга, ажлын албаны даргаараа хэнийг тавих бол гэдгийг олон нийт анхааралтай ширтэж байв. Гэтэл улс төрийн хүрээнийхний нүдэнд тэр бүр тороод байдаггүй Б.Хурц гэдэг “жаалхүү” ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар томилогдсон юм. Удаа ч үгүй байтал өнөөх жаалхүүг Авлигатай тэмцэх газар оролдоод зүгээр суулгадаггүй. Судлаад асуувал нууцын албаны сайн ажилтан гэх сураг дуулдав. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг улс орны тусгаар тогтнолтой холбоотой цомхон багт түүнийг элсүүлсэн. Гэвч тэрбээр улс төрд гэнэт орж ирснийхээ горыг амсч албан томилолтоор Лондонд очиход нь тэндхийн цагдаа нар баривчлаад хорьчихжээ. Энэ мэдээнд олон нийт, тодруулбал,  МАХН-ын “томчууд”-аас бусад нь бараг бүгд цочсон доо. Учир нь тус намын лидер гэгддэг хэсэг нөхөд л дотроо жуумалзан ажиглаж байсныг хожим нь анзаарсан юм.

 Б.Хурцын талаарх мэдээ, мэдээлэл агаар ус шиг дутмаг байхад бараг түүний амьдралыг тэр чигээр нь бичсэн юм уу гэмээр асар том мэдээллийг хэвлэл мэдээллийнхний дунд “тэнгэрээс хаяв”. Байдаг л нэг сайт, блогчид юм уу гэтэл үнэр нь арай ондоо. Үүний дагуу чулуу хөөгөөсэй гэж хүссэн мэт байв. Ингээд Б.Хурцыг хар тамхитай, казинотой, бүр С.Зоригийн аллагатай хүртэл холбож эхэллээ. Гэтэл гол дүрийн баатар нь энэ бүгдэд холбоотой байж арай чадахааргүй байгаад байдаг. Энэ бүх мэдээллийг зэрэгцүүлж уншаад байхад зугаатай, эмгэнэлтэй юм олон харагдах аж. Монголын улс төр яах вэ, тогоон дотроо жонхуураад дуусч байгаа юм гэж бодоход дэлхий нийтэд манай нууцын албаны нэр хүнд хэрхэн унаж буйг хараад дуугүй суух аргагүй юм.

Тун саяхан даа. Элчин сайд асан Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайханд  “И-мэйлээр Монголын нууцыг задалсан байна” гээд 17 жилийн ял төлөвлөж, Монголд нууц алга гээд шогширцгоож байсан. Гэтэл нууцыг нууц биш болгодог хүмүүс нь бидний дэргэд, эсвэл дор биш тээр дээр заларч байсныг мэдсэнгүй. Б.Хурцын хэргийн талаар Гадаад хэргийн яам дуугүй суугаад байх аргагүй тул мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд юу ч мэдээлээгүйд гол учир байгаа юм. Тухайлбал, тэр үеийн  Ерөнхийлөгч  Дамирангийн Энхбатыг Францаас “хулгайлж” ирэх ажиллагааг хэн гүйцэтгэж байгааг мэдээгүй ч гэх шиг. Олон улсын болон Монголын хуулийг зөрчсөн тэр этгээд хэн болохыг  Гадаад хэргийн яам мэдэхгүй гэнэ. Харин Ерөнхийлөгч байсан Н.Багабанди болоод шүүхийнхэн энэ хэрэгт хамаагүй гэдгийг л тэд мэддэг бололтой. Тэрийгээ яаран сандран хэлэв. Гэхдээ хэргийн буруутан нь Н.Энхбаяр гэдгийг бүгд мэдээд байгаа атлаа   Гадаад хэргийн яамныхан “Н.Энхбаяр” гээд хэлчихэж чадахгүй   ажээ. МАХН-ын жирийн гишүүн Н.Энхбаяр одоо ч гэсэн тийм аймаар байна уу.  Гадны шүүх мэдээж ингэж долигонохгүй л байх.  Тухайн үед Н.Энхбаяртай ХБНГУ-ын нууцын албаны зарим хүн манай хүмүүсээр дамжуулан уулзаж байсан талаар барин тавин мэдээлэл байдаг. Тэд яаж ийгээд Н.Энхбаяраар Д.Энхбат агсныг хэн хулгайлж авч явсныг хэлүүлчихэж. Үүний гороор Германы тал Их Британий талд тавьсан хүсэлтийн дагуу Монголын чекистийг бариад өгсөн буюу улмаар дэлхий дахин ХБНГУ, ИБУИВУ-ын хүчний байгууллагынхныг магтан биширч, тусгай албаны ажилтнаа барьж өгсөн Монголын төрийг гутаан доромжлох болж байна.

Энэ бүхний дэргэд хоёр том нам, хэдэн муусайн лидер гэж өөрийгөө өргөмжилсөн улс төрийн хувалзууд юу юм бэ? Н.Энхбаяр  С.Зоригийн хэргийг илрүүлсэн баатар болохын тулд Д.Энхбатыг хулгайлуулсан. Түүний даалгаврыг биелүүлж явсан Б.Хурцад үүрэг биелүүлэхээс өөр эрх ашиг байхгүй. Гэхдээ Б.Хурц өөрийг нь төр хамгаална гэдэгт итгэсэн учраас ийм эрсдэлтэй даалгаврыг биелүүлсэн. Харин хэрэг явдал эсрэгээр эргэсэн. Д.Энхбат ч Н.Энхбаярын хүссэнээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үүрч тэнэгтсэнгүй. Н.Энхбаяр харин өөрөө хэлээгүй ч Д.Энхбатыг баривчлах ажиллагаанд оролцсон хүмүүсийн нэрийг олж авах аргыг заагаад өгчихсөн бололтой. Тиймээс ч Монголын тагнуулын байгууллагын нууц задарч, тусгаар тогтносон, аюулгүй улс орон мөн эсэхэд нь эргэлзэхэд хүрч байна. Гэтэл буруутан нь Н.Энхбаяр биш Б.Хурц болж хууль бусаар хүн тээвэрлэсэн ажиллагаа явуулсан гэх хэрэг хүлээж  мэдэхээр байдалд хүрээд байна. Эцсийн мөчид Б.Хурц үнэнийг илчилбэл яах вэ. Хэн түүнд үүрэг өгсөн, Д.Энхбатыг хулгайлахын цаана ямар улс төр явж байсныг хэлэхээс өөр аргагүйд хүрвэл айх хүний тоо нэгээр тогтохгүй нь ойлгомжтой. Бас нэгэн сэжүүр гэвэл Б.Хурцын тухай мелодрамм нь Монголдоо бол Н.Энхбаярын эвгүй харагдуулах зорилготой бөгөөд автор хийгээд найруулагч нь өнөө цагийн МАХН-ын лидерүүд байж болохыг мартах аргагүй. Б.Хурц Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа яагаад У.Барсболд, М.Энхболд нарыг чагнах хэрэгтэй болсон юм бэ. Ингэснийх нь төлөө яагаад Б.Хурцад хавтаст хэрэг үүсгэсэн юм бэ. Яагаад одоо энэ хэргийг АТГ сөхөж байн байн чангаагаад байсан, юуны учир заавал Б.Хурцыг Лондон руу албан томилолт өвөрт нь хийж илгээх болсон бэ гэдэг энэ бүх асуултын хариулт МАХН дээр л гарцаагүй буух нь. Эрх мэдэл тэдэнд байсан болохоор хариуцлагаас хаашаа бултах билээ.

МАХН-ын дотоод зөрчлийн үр дүнд энэ бэтэг хагарлаа. Магадгүй оройтсон ч байж мэднэ. Монгол төрийн албанд үнэнчээр зүтгэсэн Б.Хурцыг Намбарын Энхбаяр Германы талд “худалдсан”, зөөлнөөр хэлбэл нууц задалсан гэх нэг хэрэг. Б.Хурцын асуудлыг олон нийтийн сонирхлыг татах маягаар дунд нь шидсэн, нийгэм тэр чигээрээ сонирхоод ирэнгүүт нь Н.Энхбаяраас “уясан” МАХН-ын одоогийн хэсэг бүлэг нөхдийн маапаантай явуулга бас нэг хэрэг. Энэ бүхний дүнд Монголын нууцын алба найдваргүй, төрийн өндөр албан хаагчид нь нууцын ажилтнаа зааж өгдөг дэлхийд байхгүй тэнэгүүд. Монголчууд хүн хулгайлж чаддаг, хүний наймаа хийж болзошгүй, тэр оронд террорист халдлага хийхэд ч амархан гэх зэргээр дэлхий дахины айж эмээдэг бүхэн Монголд байдаг гэх цуврал “муухай мессеж”-ийг ертөнц даяар цацлаа. Цаашид Монголын тусгаар тогтнолд хүндэтгэлтэй хандах эсэх, нууцын албыг үнэлэх, төрд итгэх бүх итгэл дээрх шившигтэй хамт алга болов. Алга болгосон бүх буруутан нь ямар нэг байдлаар МАХН-ын хаягтай байгаад бухимдахгүй байхын арга алга.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж