FIFA Нигерийн шигшээг түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

FIFA Нигерийн шигшээг түдгэлзүүлэв


FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Нигерийн хөлбөмбөгийн холбоог засгийн газрын нөлөөнд автсан хэмээн тус холбооны олон улсын эрхийг түдгэлзүүлжээ. Ингэснээр Нигерийн хөлбөмбөгийн шигшээ баг олон улсын чанартай ямар ч тоглолтод оролцох боломжгүйгээс гадна Африкийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтад ч оролцохгүй болж байгаа юм.

Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тун тааруу амжилт гаргаж, хэсгийн шатнаас нутаг буцсан Нигерийн шигшээ багийг дэлхийн аваргын дараа тус улсын ерөнхийлөгч Гудлак Жонатан хоёр жилийн хугацаанд олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж байсан билээ. Гэтэл Нигерийн ерөнхийлөгчийн шийдвэрийн хариуд FIFA-гаас тус улсын баг дэлхийн цомын тэмцээнд оролцсон мөнгөн шагнал болох найман сая ам.долларыг олгохгүй хэмээн мэдэгдэж, удалгүй ерөнхийлөгч Жонатан ч шийдвэрээ цуцалсан юм.

Харин одоо Нигерийн шигшээ баг улсын төрийн тэргүүн биш харин FIFA-гийн шийдвэрээр олон улсын эрхээ хасуулж байна. FIFA-гийн дээрх шийдвэр хэзээг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Нигерийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа засгийн газраас огт хамааралгүй, нөлөөнөөс гарсан гэж FIFA үзсэн тохиолдолд тэд олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

FIFA-гийн мэдэгдэлд дурдсанаар “FIFA-гийн яаралтай зөвлөл хуралдаж, 2010 оны аравдугаар сарын 4-нд засгийн газрын нөлөөнд автсан хэмээн Нигерийн хөлбөмбөгийн холбооны эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Нигерийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн сонгогдсон гишүүдийн эсрэг авч буй шүүхийн арга хэмжээ, тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг Үндэсний спортын зөвлөлийн заавар журмын дагуу албан тушаалаас нь буулгасан, мөн Нигерийн Спортын сайдын шийдвэрээр өмнөх улиралд тоглож, доод лиг рүү зиндаа буурсан багуудыг оролцуулахгүйгээр Нигерийн лигийг эхлүүлсэн гэхчлэн Нигерийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл засгийн газрын оролцоогүйгээр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгааг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан болно. Шүүхийн арга хэмжээ эцэслэн зогсч, зохих ёсоор сонгогдсон Нигерийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл гадны нөлөө, оролцоогүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон цагт эрхийг нь дахин сэргээнэ. Харин энэ хугацаанд Нигерийн хөлбөмбөгийн холбоо бүсийн, тивийн болоод олон улсын аль ч төвшинд тоглох боломжгүй, мөн клубын төвшинд, нөхөрсөг тоглолтод ч оролцохгүй” гэсэн байна.

Сануулахад, Нигерийн шигшээ баг Африкийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтын нэг тоглолт хийж, Мадагаскарын багийг 2:0 харьцаатай хожсон билээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж