Хаан төрийн “хасбуу тамга” хаачсан бэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Хаан төрийн “хасбуу тамга” хаачсан бэ?

Хэдийбээр тэрээр өөрийгөө “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гэж дуудуулахыг шаарддаг ч гэсэн төрт ёсоо хүндэтгэх үүднээс Монгол Улсыг хоёр Ерөнхийлөгчтэй мэтээр дуудуулах сонирхол надад байдаггүй юм. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийгөө “number one” хэмээн цоллуулдаг байснаа бодоход бас яах вэ, хоёр эгнээ арагш ухраад байгаа хэрэг л дээ.  Түүний Дуурийн театрт түүний эхлүүлсэн “МАХН: Урагшлах уу, ухрах уу” сэдэвт хэлэлцүүлэг Хүүхдийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжлээд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш жил гаруйн дараа ийнхүү их улс төр лүү чиглэсэн Н.Энхбаярын энэ нүүдлийн дараа мань эрт өширсөн үг хэл, үзэл бодлууд хэвлэлийн хуудсаар өдөр өнжихгүй урсаж байна. Үнэн хэрэгтээ асуудлын гол нь МАХН үзэл баримтлалаа солих эсэхэд ч байгаа юм биш. Нэг нам нэрээ солино уу байна уу, надад байтугай нийт хүн амын олонхид падгүй хэрэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн хэд хоног цувсан мэдээлийн дийлэнх нь “Эвий хөөрхий, “number one”-ийн дэргэд эгэл борчуудаас өөр хүн үлдсэнгүй” хэмээн дооглож, нөгөө хэсэг нь “Харин ч МАХН-ын Их хурлын гишүүдийн талаас илүү хүн цуглуулчихсан юм бишүү” хэмээн егөөдөж байна. Ямар сайндаа л өнөөгийн МАХН-ын даргад хаяглагддаг нэгэн сонин дээр эхний өдөр нь “Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж ча­даагүйнхээ төлөө сөрөг улс төрийг зурж, түүний дэргэд үлдсэн нөхдүүд ч албан тушаал хүртээгүйнхээ тө­лөө нийгмийн сэтгэл зүйг дайсны “сум”-аар цэнэглэж байна” хэмээн бичсэн бол маргаашийнх нь дугаарт “Н.Энхбаярын хийморь лундаа нь  хаячихаагүй байна. Түүний толгой ч сайн ажиллаж байна шүү” хэмээн тал засах вэ. Бодвол дээрхээс “Унасан хүнийг өшиглөх муухай” хэмээн лүндэгнэсэн юм байгаа биз.

Өнгөрөгч 2008 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам сонгуульд ялагдсаны улмаас намын даргын ажлаа Н.Алтанхуягт хүлээлгэн өгснийх нь дараа  Ц.Элбэгдоржийн дэргэд ч бас хүн үлдээгүй. Чуулганы индэр дээрээс ялсан намын дарга С.Баяр “ мэдрэл муутай бол эмчлүүл” гээд загнаж байхад “өмөөрөх” хүн гараагүй.  Ерээд оны Монголын ардчиллын дуу хоолой болж явсан, талийгаач “Хонх”-ын С.Цогтсайханы CD-ний нээлт болоход Ардчилсан намын дарга асан ганцаараа сууж байсан түүхтэй. Нээрэн, Э.Бат-Үүл ганцаараа бараа болсон, хэлэхгүй бол алдас болно. Харин сонгуулийн өмнө нэр дэвших эрх авахаар тойрон эргэлдэж, хайрын харцаар талимаарч байсан намынх нь нөхөд бүгд сураггүй болсон доо. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сурталчилгааныхаа нээлт болгон “Элбэг арт” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээхэд ч одоогийн УИХ, Засгийн газар дахь Ардчилсан намын гишүүдээс нэг нь ч очоогүй л юм. Одоо Үндэсний аюулгүй Байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Ц.Энхтүвшин, ЕТГ-ын дарга, “казино” хочит Д.Баттулга хоёр харин харагдсан. Сонгуулийн кампанит ажил ид явагдаж, Ардчилсан нам, МАХН-ын нэр дэвшигчдийн хооронд хүч тэнцвэргүй тулаан эхэлж байх тэр үед Элбэгээ ивээн тэтгэгчдийнхээ хүлээн авалтыг “Сүнжин гранд” зочид буудалд хийсэн юм. Хүлээн авалтад очсон хүмүүсээс олны танилыг нь нэрлэе гэвэл эмч Б.Болдсайхан, улстөрч Б.Дэлгэрмаа нар л байсан байх. Хамгийн том урлагийн од нь “Соёмбо” архины сурталчилгаагаар нэрд гарч байсан жүжигчин Амараа байв. Харин сонгуульд ялсных дараах хүлээн авалт дээр нь хүн гишгэх зайгүй, хойморт нь “Харанга”-ын Чука тэргүүтэй одод гялалзаж, УИХ-ын дэд дарга Г.Батхүү тэргүүтэн, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг дагуултан хөглөрөөд, хүн орох зайгүй байж билээ. Ерөнхийлөгч болсных нь дараа түүнд бараа бологчид  мундахгүй болсон доо. Намынхан нь түүнтэй хамт Дорнод хүртэл аялж, Буйр нуурт цуг амарсан тухай сонсч л байсан юм байна. Сайн явахад садан мундахгүй, саар явахад дайсан мундахгүй гэдэг энэ. Хэрвээ Ц.Элбэгдорж 2009 оны сонгуульд ялагдсан бол ямархуу ирээдүй хүлээж байсныг тааж ядах юмгүй л дээ. Тэр сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийн өрсөлдөгч Н.Энхбаяр олимпийн аваргууд, ардын болон гавъяатуудаар бараг л “бөөстчихсөн”, сурталчилгаа нь ч сүрлэг байж билээ. Ивээн тэтгэгчдийн зоог барихад нь “Улаанбаатар” ресторан, намынх нь “хайлсан” байр хоёрын үүдээр Монголын хамгийн үнэтэй машинууд хахаад, багталцахгүй байлаа шүү дээ.

Гэтэл өнөөдөр түүнд юу тохиолдов?  Ц.Элбэгдоржийг бодвол хүрсэн өндөрлөг нь дэндүү өндөр байсан учраас унахдаа ч гэсэн илүү хүчтэй өвдөлтийг мэдэрч байгаа нь лавтай. Хэвлэлүүдэд гарсан мэдээллээс харвал уг хэлэлцүүлэгт очсон хүүмүүс дотор УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ц.Цанжид, МАХН-ын үүрэг роль багатай олон нарийн бичгийн дарга нарын нэг Ц.Сүхбаатар, Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвал, эдийн засагч Н.Дашзэвэг нараас өөр хүн очоогүй юм байна. Өөрөөр хэлбэл МАХН-ын анхан шатны үүр, дугаар хорооны иргэд л Н.Энхбаярт бараа болон үлдэж. Үүнийг нь харсан хэвлэлийнхэн хүртэл олзуурхан “УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр л ганцаараа Н.Энхбаяртай хамт, хошуу холбон байх нь содон харагдлаа” ч гэх шиг бичиж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөл байдалд Н.Энхбаярын дэргэд ойрхон очсон хүн бүхэн нийгмийн дайсан болж харагдах хэмжээнд хүрчихээд байна. Учир нь өмнө нь түүнийг хүрээлж байсан хэмжээлшгүй их эрх мэдэл, хаанчлал үгүй болсон.

Харин одоо энэ эрх мэдэл МАХН-ын шинэ дарга С.Батболдод шилжээд байгаа. Хагас жилийн л өмнө дөө, С.Батболдыг намын даргаар сонгогдож байхад хөндлөнгөөс олон хүн “С.Баярын л бас нэг хүүхэлдэй шүү дээ” хэмээн голж байлаа. Гэтэл өнөөдөр С.Батболд, У.Хүрэлсүх нар МАХН-ын дотоодод төдийгүй Монгол Улсын хэм хэмжээг тогтоож байна. Эрх мэдэл, албан тушаалын ид шид энэ. Түүний нэг жишээ нь саяхан болж өнгөрсөн МАХН-ын долдугаар Бага хурал, МАСЗХ-ны чуулган. Намын дарга болоод ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан сценарийн дагуу Удирдах зөвлөл шийдвэр гаргаж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг намын Бага хурлаар хэлэлцэн МАХН-ын нэр, үзэл баримтлалыг солихыг 100 хувь дэмжээд намын Их хурлаа зарлан хуралдуулахаар болсон.  Эрх мэдэл, албан тушаалын хүч чадал гэж энийг л хэлэх байх даа.

Харин үүнийг нь МАХН-ын хуучин дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эсэргүүцэн жирийн гишүүдээ хөдөлгөөнд оруулаад байгаа. Эхний удаад 300 гаруй “үзэгч”-ийг Дуурийн театрт цуглуулж чадсан экс Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа “700 гаруй хүн цугларч, намын нэр, үзэл баримтлалыг солихыг 100 хувийн саналаар эсэргүүцэв ээ” гэсэн мессежийг хэвлэлүүдэд нисгэсэн. “Манай намын гишүүдийг унтуулж байгаад МАХН-ын зүрхийг солих гэж байна” гэсэн түүний мессеж намынхаа дарга нарт гомдсон хөгшчүүлийн зүрхэнд харин ч илүү хүрч магадгүй. Харин тэдэн дотор өнгөрсөн 13 жилийн турш түүнийг эхээсээ илүү шүтэж, “Н.Энхбаяр зуу наслаг” хэмээн залбирч явсан дагалдагчид нь алга. Н.Энхбаярын эсрэг үг хэлсэн хүн, хуцсан нохой бүрийн өөдөөс чулуу шидэн нэр нүүрээ барж явсан Д.Арвин хаачсан бэ? Т.Ганди, Д.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар хаана явна. МАХН-ыг хорьдугаар зууны шилдэг байгууллагаар өргөмжилж, Н.Энхбаярыг “Хорьдугаар зууны шилдэг төрийн зүтгэлтэн”-ээр өргөмжилж, ”Хаан төрийн хасбуу тамга” гардуулаад явж байсан Д.Загджав ядаж хаачсан бэ? Тааж ядах юмгүй,  “Ялсан нам манай нам” гэдэг шиг “Ялсан дарга манай дарга аа” гээд, С.Батболдын суганд хавчуулагдчихсан яваа. Ийм нэг увайгүй тэнэг зан улстөрийн хүрээнээс “үнэртэж”, өдгөө олонд халдварлах болж. 

Намынхнаа харцаараа хөдөлгөж, сөрвөлзсөн нэгийг нь шорон оронгоор дарамтлан нус нулимстай нь хутгаж хутгачихаад маргааш нь юу ч болоогүй юм шиг сонгуулийнхаа сурталчилгаанд дагуулаад гардаг, өрсөлдөгч намынхнаа ч санаан зоргоор хагалан муур багш болж, Н.Энхбаярын дээр хөх тэнгэрээс өөр зүйлгүй өдрүүд олон байсан. Тэр өдрүүд бараг бүтэн 13 жил үргэлжилсэн. Гэм бий бол зэм буй гэдэг. Өгсөх нэг өдөр байхад уруудах нэг өдөр бий. Н.Энхбаярт энэ л тохиолдсон хэрэг. Одоо Н.Энхбаярыгаа хашааны буланд хурга шиг шахчихаад инээлдэж байгаа С.Батболд, У.Хүрэлсүх нарыг ч гэсэн нэг л өдөр дайрна. Энэ бол улстөр хийж буй, өөрийгөө улстөрч гэж хэлүүлэх хүсэлтэй хүн бүрт хамаатай зүйл.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж