Алжирын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Алжирын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Ардчилсан Алжир улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамел Эд-Дин Гриныг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
      Манай хоёр орон хэдийгээр газар нутаг алс ч гэлээ найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж ирснийг УИХ-ын дарга онцлоод цаашдаа хоёр орны уламжлалт харилцааг шинэ шатанд гаргахад парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд ноён Элчин сайд идэвхи зүтгэлтэй ажиллаж чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд улс орондоо нэр хүндтэй нөлөө бүхий дипломатчийн хувьд Монгол, Алжирын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө санаа тавьж ажиллана гэдэгт итгэж буйгаа дурьдав.

      Элчин сайдаар таван жил ажиллах хугацаандаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж ирснээ ноён Жамел Эд-Дин Грин дурьдаад санал бодлыг нь нааштайгаар хүлээн авч дэмжин тусалж хамтран ажиллаж ирсэнд нь Монголын төр, засгийн удирдлагуудад талархал илэрхийлэв. Тэрбээр “Монгол, Алжир хоёр орон газар нутгийн хувьд хол ч энэ нь хамтын ажиллагаанд саад тотгор биш гэж үздэг. 2009 онд БНХАУ, Алжирын хооронд агаарын тээврийн шууд харилцаа нээгдсэн нь Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэхэд дөхөм болсон” гээд хоёр орны хооронд хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн салбарт хамтран ажиллах ихээхэн боломжтойг онцлов. Мөн парламент хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө цаашид ч санаа тавьж ажиллахаа илэрхийлээд Баруун Сахарыг бие даасан тусгаар улс болгох Алжир улсын байр суурийг Монгол Улс хүндэтгэн үзэж, дэмжихийг УИХ-ын даргаас хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж