Ихэр хүүхдүүдийн 40 хувь нь хүү охин байдаг бол хамгийн олон төрдөг нь ихэр охид аж. Харин ихэр хөвгүүд төрөх нь ховор байдаг байна.
Нэг өндгөн эс болон эр бэлгийн эсийн хуваагдал болох хоорондоо усны дусал шиг ихрүүд маш ховор аж. Ийм ихрүүд яагаад ижил хүйстэй, генийн бүтэц нь адилхан байдгийг одоогоор хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм. Хоорондоо адилхан ихэр охид ихэр хөвгүүдээс олон байдаг.
Сүүлийн хорин жилд ихэр хүүхэд төрөх тохиолдол 74 хувиар нэмэгдсэн нь анагаах ухааны хөгжил болон үр тогтох процессыг хиймэл аргаар явуулдаг болсонтой холбоотой. Ихэр хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс байдаг аж. Хэдийгээр ихэр хүүхэдтэй болгодог шидэт ген гэж байхгүй ч хэрэв та өөрөө ихрийн өрөөсөн эсвэл эмээ, ээж чинь ихэр бол та ихэр хүүхэд төрүүлнэ гэж найдаж болно. Үр тогтох үед нэгээс олон өндгөн эс боловсрох магадлал нас ахих тусам нэмэгддэг аж. 45 настайдаа ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд 17 хувийг эзэлдэг нь үүнийг харуулж байгаа юм. Эмэгтэй хүн нас ахих тусам өндгөн эсийн ялгаралт улам нэмэгддэг. Гэвч оройтож хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүнд өөрт нь болон хүүхдэд ч сайнгүй байдаг. Мөн урьд нь ихэр хүүхэд төрүүлж байсан эмэгтэй дахин ихэр төрүүлэх магадлалтай байдаг аж.
Хачирхалтай сонсогдож болох ч төмс, цагаан идээ идэж байх нь ихэр хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг гэнэ. Африкийн баруун хэсгийн нэгэн омгийнхон хүн амын тоотой харьцуулахад хамгийн олон ихэр төрдөг газар аж. Учир нь тэд амтат төмс болон, ямс байнга иддэг гэнэ. Эрдэмтэд уг ургамлын үндэс өндгөн эс боловсроход нөлөөлдгийг тогтоожээ. 2006 онд явуулсан нэгэн судалгаа цагаан идээ, сүүн бүтээгдэхүүнд ихэр хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг бодис байгааг олж нээсэн байна. Ихрийн удамтай гэр бүлээс ихэр хүүхэд төрдөг гэдэг нь хоосон үг биш аж.