Буриад улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Буриад улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Монгол-Орос хоёр улс байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын танхимд өнөөдөр боллоо. ОХУ-ын талаас Буриадын бүгд найрамдах улсын Засгийн газрын Байгалийн нөөцийн сайд Б.Д.Ангаев, ОХУ-ын Буриадын БНУ-ын Аялал жуулчлалын агентлагийн дарга Л.Б-Ж.Максанова тэргүүтэй төлөөлөгчид, манай талаас Байгаль орчин аяллал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах талаар хоёр тал өргөн хүрээтэй тохиролцоонд хүрч, гэрээгээр баталгаажууллаа. Тухайлбал, хил дамнасан ойн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраахад хүн хүч, техник технологи, холбоо харилцаа, мэдээлэл солилцоогоо нэгтгэх юм. Мөн  мод, модон материалыг бүрэн боловсруулж хаягдалгүй ашиглах, Монголд модон шахмал түлшний үйлдвэрлэл хөгжүүлэх, навчит шилмүүст модны тарьц суулгац үржүүлгийн газар байгуулах, Байгаль нуурыг тэтгэдэг Сэлэнгэ мөрөн болон хил дамнасан усны объектуудад ариун цэвэр, халдварт өвчний улсын хяналт хэрэгжүүлэх зэрэг ач холбогдол ихтэй томоохон ажлуудыг энд дурьдаж болох юм. Харин аялал жуулчлалын салбарт “Байгаль–Хөвсгөл”, “Цайны их зам” төслийн хүрээнд хэд хэдэн далайцтай ажил хамтран хийхээр гэрээнд тусгалаа. “Байгаль–Хөвсгөл” төслийн хүрээнд 2010–2012 онд “Монды–Ханх” олон улсын шалган нэвтрүүлэх боомт байгуулах, “Култук-Монды” улсын чанартай замыг шинэчлэн засварлах, “Мөрөн–Хатгал–Ханх” чиглэлийн зам барих, Хөвсгөл аймгийн Ханх, Жанхайн шалган нэвтрүүлэх боомтын ногоон бүсийг хөгжүүлэхээр тохиров. Түүнчлэн, “Цайны их зам” олон улсын аялал жуулчлалын маршрутын Монгол-Буриадын хэсгийн аяллын тандан судалгаа (экспедиц)-г 2010–2011 онд хэрэгжүүлэх, Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын “Цайны зам” төсөлд хамрагдсан бүс нутгууд дахь аяллын замын мэдээллийг багтаасан нэгдсэн мэдээлэл сурталчилгааны гурван  хэл дээрх сан бий болгох, энэ төслийг олон улсын аялал жуулчлалын байгууллага UNWTO-ын түвшинд хүргэх зэргийг онцгойлон тусгасан байна.  Энэ үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх дараахи  зүйлийг тодрууллаа.

-ОХУ-аас хил дамнан ирэх түймрийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Ер нь ОХУ-аас хил дамнан орж ирсэн түймэр их байгаа. Энэ түймрийг орж ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, зэрэг үүнтэй холбоотой олон асуулын талаар ирэх баасан гаригт Дарханд болох хурлаар дэлгэрэнгүй ярихаар болоод байгаа.

-Уг түймрээс болж Монгол Улсад хэдий хэмжээний хохирол учраад байгаа вэ?

– Яг нарийн тоог одоогоор хэлэх боломжгүй байна. Хурлын дараа тодорхой баримт хэлж болно.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж