Монголын оркестр маш чадварлаг

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Монголын оркестр маш чадварлаг

Дэлхийн дуурийн урлагийн эх орон Италийн нэрт удирдаач Роберто Сальвалаио манай улсад ирээд байна. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнгийн урилгаар хоёр сарын гэрээгээр театрт ажиллахаар болсон аж. Роберто Салььалио нь хөгжмийн зохиолч Дж.Пуччинийн “Эрвээхэй хатагтай” буюу “Чио Чио Сан” дуурийг өнгөрсөн бямба гаригт дохисон юм. Роберто Сальвалаио өнгөрсөн нэгдүгээр сард манай улсад ирж “Венецийн үдэш” тоглолтыг удирдаж байсан билээ. Ингээд  түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Та Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа, Монголд анх ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй байсан бэ?

– Монголын талаар огт өөр төсөөлөлтэй байсан. Би арван жилийн өмнө Японд очиж байсан маань анх удаа Европоос гарч үзсэн нь тэр л дээ. Бас Өмнөд Америкт очиж үзсэн. Харин Монгол орон миний хувьд огт өөр гариг шиг л байсан. Монгол оюутнуудаас Монголын талаар бас сонирхож асуудаг байсан юм.  Монголчуудад Европ, Ази хүний шинж аль аль нь байдаг нь миний төсөөлж байснаас өөр байсан. Аливаа шинэ зүйлийг соргогоор хүлээн авч, дасан зохицож чаддаг нь харагддаг.

-Таны ажигласнаар анх ирснээс чинь хойш өөрчлөгдсөн зүйл байна уу?
-Хавар, зун намар гээд олон өөрчлөлт гарсан байна.
-Манай театрын хөгжимчидтэй хамтран ажиллахад танд ямар санагдсан бэ?
-Би анх нэгдүгээр сард ирэхдээ л  оркестрийн ур чадварыг хараад биширсэн.  Монголын дуурийн энэ оркестр маш хүчтэй, чадалтай. Оркестрийн уран бүтээлчид ажлаа сайн мэддэг, гараас нь жинхэнэ бүтээл гардаг учраас хамтарч ажиллах саналыг дуртай хүлээн авсан. Би нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Энэ оркестрийн хөгжимчид, уран бүтээлчид маш сайн.  Энэ юутай холбоотой вэ гэхээр театрын хоёр удирдаач маш чадварлаг, ажлаа үнэхээр мэдэж хийдэг хүмүүс учир оркестрийнхон энэ зэргийн бэлтгэлтэй байна гэж би хувьдаа бодож байна. Ямар ч хэцүү асуудал гардаггүй. Миний хамгийн том хэцүү асуудал гэвэл монгол хүн, итали хүний ялгааг гаргах гэж хичээж байна. Ур чадварын хувьд ямар ч асуудал байхгүй. Тэгээд ч миний дохих гэж байгаа энэ дуурийн хувьд танай тайзнаа олон удаа тоглогдож байсан учраас асуудал гарахгүй байгаа. “Эрвээхэй хатагтай” дуурийн тухайд уг  театрт урьд нь тоглогдож байгаагүй хэсгүүдийг нэмсэн. Угаасаа дуурьт хааж нээх тохиолдол байдаг. Энэ дуурийн дунд бид шинээр хөгжим хийсэн. Энэ хөгжмийг тоглоход их хэцүү боловч Монголын оркестрийнхон нэмэлт хөгжмийг анх удаа хараад л шууд тоглоход нь би гайхсан.

-Итали бол дуурийн урлагийн өлгий, бүх цаг үеийн хамгийн шилдэг дуучид Италид төрдөг. Манай дуурийн дуучид ямар төвшинд байна вэ?  

-Дуучдын хувьд ярих юм бол, маш чадварлаг бүгд их сайхан хоолойтой. Гэвч ялгаа нь юундаа байна вэ гэхээр монгол хүний характер, итали хүнийхээс асар их ялгаатай. Итали хэлэнд гийгүүлэгч гэж бараг  байдаггүй болохоор аялгуу яг л зөөлөн урсч, хөвөрч байгаа мэт сонсогддог юм. Харин монгол хэл маш олон хатуу гийгүүлэгчтэй, аймаар хатуу сонсогддог. Гэхдээ бусад орны хүмүүсийг  бодвол монгол дуучид итали хэлийг маш зөв дуудлагаар нь дууддаг. Энэ нь надад маш их таалагддаг.

-Венецийн консерваторид  манай дуучид суралцах боломж хэр нээлттэй байдаг бол?
-Амьд жишээ та нарын өмнө байна шүү дээ. Венецэд би Эрдэнэтуяатай хамт В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг дохисон юм. Маш сонирхолтой байсан. Итали, Монгол, Япон, Турк, Хятадын уран бүтээлчдээс бүрдсэн  баг ажиллаж байлаа. Хөгжим гэдэг дэлхийн нэг хэл гэдгийг харуулсан үйл явдал болсон доо. Би энэ оркестртой долоо хоног ажилласан юм. Энэ хугацаанд би “Сайн байна уу, баярлалаа, баяртай”  гэдгээс өөр үг сураагүй. Цөөн хэдэн орос үгтэй. Гэтэл дөрвөн цаг гаруй оркестртой бэлтгэл хийхэд бидэнд ямар ч хүндрэл гараагүй.

-П.И.Чайковскийн агуу бүтээл “Хунт нуур” бүжгэн жүжгийг удирдана. Та урд нь “Хунт нуур”-ыг удирдаж байв уу?

-Би Италид суралцсан. Гэхдээ  удирдаачийн анхны дипломоо Румынд хамгаалсан юм.  Румын чинь социалист орнуудын нэг байлаа. Тэнд би П.И.Чайковскийн бүх симфониудыг удирдан тоглуулсан. Тийм ч  учраас би Оросын суут хөгжимчин П.И.Чайковскийн бүтээлд дуртай байдаг. Манай уламжлал ёсоор бол нэлээн хэдэн жилийн өмнө удирдаачид симфони, дуурь, балет бүгдийг нь удирддаг байгаагүй. Аль нэгээр нь мэргэшүүлдэг байсан юм.  Анх Б.Сэргэлэн надад “Хунт нуур”-ыг дохих санал тавьсан. Надад “Шелкунчик”, “Хунт нуур”, “Нойрссон гүнж” балет үргэлж таалагддаг. Тиймээс энэ саналыг таатай хүлээж авсан. “Хунт нуур”-ын анхны тоглолтыг  хүн бүхэн таатай хүлээж аваагүйг та бүхэн мэдэх байх.  “Трубадур”, “Травиата” дуурь ч гэсэн анх үзэгчдэд таалагдаагүй юм.  Гэхдээ эдгээр  жүжгүүд дэлхийн олон оронд  тоглогддог учираас бид тайзан дээр амилуулахаар сонгосон.  Жишээ нь “Травиата” дуурь дэлхийн 22 хэл дээр тоглогддог. Магадгүй Монгол 23 дахь нь байх.
-Таны хамгийн дуртай монгол хөгжим юу вэ?
-Би Монголын хөгжмийн талаар маш бага мэднэ ээ. Миний цагийн хуваарь маш давчуу. Бэлтгэл, сургуулилт гээд л. Магадгүй тоглолтын дараа танилцах боломж гарах байх. Босс л үүнийг мэднэ дээ. /Б.Сэргэлэн захирлыг хэлэв. сурв/
 -Та өөрийнхөө хамгийн шилдэг, мөрөөдлийн үзүүлбэрээ тоглосон уу?
-Одоо хүртэл чадаагүй байна. Надад тоглолт болгон цоо шинэ байдаг. Миний мөрөөдөл бол би дохиураа аваад оркестроо удирдаад үзэгчдэд хүргэх. Удирдаач, дуучид, оркестор нэг бүхэл мэт болох нь чухал.

-Та их олон оронд очиж байсан байх, хамгийн их сэтгэгдэл төрүүлж байсан нь ямар орон бэ?

-Миний очиж байсан газрууд хоорондоо нэг их ялгаатай байгаагүй ээ. Итали, Герман, Хятад зэрэг орнуудад очиж байсан. Бас Япон. Гэхдээ Япон их онцгой. Соёл нь их өвөрмөц. Мэдээж хүмүүс  нүд, үснийхээ өнгөөр ялгаатай л даа. Гэвч хүмүүсийн зан ааш, ярьж байгаа зүйл нь адилхан байдаг. Итали хүний ярьдаг зүйлийг Монгол хүний амнаас ч сонсох нь ч бий. Гол ялгаа нь зөвхөн соёлын ялгаа байдаг. Монголчуудын түүх нэг өөр, Италичуудын түүх ондоо боловч зүрх сэтгэл, оюун санаа, сэтгэж бодож, хайрлаж дурлаж байдаг нь яг адилхан юм.

-Та ирээд бараг хоёр долоо хоног болсон байна, монгол хоолонд дассан биз?
-Би Венец хүн боловч загас иддэггүй, дарс уудаггүй. Хачин сонсогдож байна уу?  Гэхдээ махан хоолонд сайн шүү.

-Тэгвэл та пиццанд дуртай юу?
– Харин та хуушууранд дуртай юу?

-Та монгол гэрт зочилсон уу?
-Тийм ээ, нэг удаа. Би дөнгөж ороод л тотгонд нь толгойгоо цохисон. Монгол гэр дотроо зай маш багатай юм байна лээ. Би монгол гэрт амьдарч чадахгүй байх.  Яагаад гэвэл би их өндөр. Харин монголчууд бусад Ази хүмүүсээс хавьгүй өндөр, нуруулаг хүмүүс юм.
-Баярлалаа

Н.Энхтуяа, М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж