
Түүний шавь, сопрано Б.Эрдэнэтуяаг манай уншигчид Италид долоон жил дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгсөөд өнгөрсөн оны энэ үеэс эх орондоо ирж, та бидэнтэй УДБЭТ-ын тайзан дээрээс уулзаж байгааг хэдийнэ мэдэх билээ. Өнгөрсөн улиралд Б.Эрдэнэтуяа “Тоска” дуурийн Тоска, “Травиата” дуурийн Виолетта, “Богем” дуурийн Мими, “Евгений Онегин”-ний Татъянагийн дүрүүдээр өөрийн ур чадвараа “гайхуулж” байсан. Тэрээр дуурийн эх орон Италид эл мэргэжлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан цорын ганц монгол сопрано гэдгийг дахин хэлэхэд ч таатай байна. Ингээд сонгодог Италиас ирсэн багш, шавь хоёрын дотно нэгдэл энэ улирлын хөшгийг нээхэд өөр нэгэн өнгө аясыг нэмж чадсан.
Манай тайзнаа анх 1967 оны нэгдүгээр сарын 23-нд тавигдаж байсан энэхүү дуурийн энэ удаагийн тоглолтод Сузукигийн дүрд меццо сопрано Р.Доржхорлоо, Пинкертонд /Америкийн цэргийн дэслэгч/ залуу тенор Г.Шижирболд, Нагасакид суудаг АНУ-ын элчин Шарплесст баритон М. Болд, Город тенор Ц.Доржсүрэн, ламтан Бонзад басс Э.Бумхүү, Ямадори тайжид тенор А.Сайнбаяр, Комиссарт баритон Б.Алтанхуяг, Кейтэд /Пинкертоны шинэ эхнэр/ М.Даариймаа нар дуулав.
Жон Лютер Лонгийн 1898 онд бичсэн “Эрвээхэй хатагтай” зохиол хоёр жилийн дараа Нью-Йоркийн театрын тайзнаа драмын жүжиг болон амилж байжээ. Дэвид Беласкогийн найруулан тавьсан уг жүжиг үзэгчдийг байлдан дагуулж, удалгүй Лондонд тоглогдож эхэлсэн байна. Лондонд үзэгчдийн суудлаас “Эрвээхэй хатагтай” жүжгийг таашаан үзсэн Пуччини тэр дороо л тэрхүү бүтээлийг дуурийн хэлбэрт шилжүүлэх санаа бодож олсон гэдэг. Ингээд Пуччини 1904 оны хоёрдугаар сарын 17-нд “Эрвээхэй хатагтай” дууриа Италийн Милан хот дахь алдарт Ла Скала театрын тайзнаа толилуулжээ. Харамсалтай нь үзэгчид сайнаар хүлээж авсангүй. Улмаар Пуччини хоёр үзэгдэл бүхий эхний хувилбараа өөрчлөхөөр шийдэж, хоёр дахь үзэгдлээс дахин нэг үзэгдэл салган, нийт гурван үзэгдэлтэйгээр зохиосон байна. Гурван сарын дараа Италийн Бреша хотноо тоглогдсон хоёр дахь хувилбар нь Пуччинид асар их амжилтыг дагуулжээ. Гэхдээ л Пуччинигийн сэтгэлд бүрэн хүрч өгөхгүй л байлаа. Тэрээр энэхүү дууриа нийт дөрвөн удаа шинэчилсэн. 1906 онд гурав дахь хувилбараа Нью-Йоркийн Метрополитан театрт тавьж байжээ. Дараа нь Пуччини 1907 онд оркестр дээрээ жаахан өөрчлөлт оруулснаар хамгийн эцсийн хувилбар буюу стандарт гэгдэх, одоо дэлхийн бүхий л театруудад тоглогдож байгаа хувилбар нь бэлэн болсон гэдэг. Утга санааны хувьд “Эрвээхэй хатагтай” дуурь чиг шулуун. Зарим дууриудтай харьцуулахад тун ойлгомжтой, комплекс багатай, гурван товч үзэгдэлтэй. Тайз засал нь ч гурван үзэгдлийн турш огт өөрчлөгддөггүй.
Дуурийн үйл явдал 1890-ээд оны эхэн үеийн Японы Нагасаки хотод өрнөнө. Америкийн усан цэргийн залуу ахмад Пинкертон арван тавхан настай япон охин Чио Чио Санд хөнгөн дурлаж, дорнын гоо үзэсгэлэнд нь татагдан гэрлэнэ. Гэрлэж байхдаа ч Пинкертон өөрөө хожмын өдөр Эрвээхэй нүдэнг орхиж, энхрий хонгор америк бүсгүйтэй гэрлэнэ гэдгээ мэдэж байдаг. Тэглээ ч тэр хөөрхий бяцхан япон охины амьдралыг золиослохоос буцдаггүй. Удалгүй Пинкертон “Эрвээхэй нүдэн чамдаа гургалдай үүрээ засахад эргэж ирнэ” гэж хэлээд явдаг ч гурван жилийн турш ор сураггүй алга болно. Түүний эзгүйд Чио Чио Сан хүүтэй болно. Ингээд гурван жилийн дараа үүнийг мэдсэн Пинкертон шинэ эхнэр Кэйтийнхээ хамт хүүгээ авч асрахаар ирдэг. Хайртай хүн нь өөрөөс нь хэдийн урвасныг мэдсэн Эрвээхэй хатагтай нэр төртэйгээр үхэхээр шийдэн эцгийнхээ өвлүүлэн үлдээсэн сэлмээр амиа егүүтгэснээр энэхүү дуурь төгсдөг билээ.
“Надад энэ дуурийг яаж эхлүүлэх вэ гэдэг л хамгийн хэцүү байсан. Би чинь итали хүн шүү дээ. Дорнын өнгө аясыг гаргахад би өөрөө өөрийгөө эвдэх хэрэгтэй байлаа. Хөгжмийн атмосферийг л бий болгочихвол болчих гээд байсан. Тэгээд эхлэлээ хийсний дараа цаашаа аяндаа урсаад л явсан” гэж Пуччини хожим дурсан ярьж байжээ
Япончуудын намбалаг зөөлөн, жорон жорон алхааг илэрхийлсэн хөгжим… Үнэхээр сонгодог урлагаас дорнын өнгө аяс үнэртэнэ гэдэг эрс тэс бас сонирхолтой.
Ихэнх гол дүрүүдийн өмнө тэдний талаар илүү мэдээлэл өгөх, тэднийг тодорхойлохоор өмнөтгөл хөгжмүүд явдаг. Жишээлбэл, Пинкертон анх гарч ирэхэд гоцлон дуугарсан гуулин хөгжмийн бүлэг өрнөдийн хэв маягийг илүүтэй илтгэнэ. Чио Чио Саны авга ах, Буддын шашны лам Бонзе хуриман дээр орж ирэхэд чавхдаст болон хэнгэрэг хөгжмийн хоршил ирээдүйд ямар нэг муу зүйл болохыг ёрлох мэт дуугарна. Харин Чио Чио Сан орж ирэх үед Японы ардын хөгжим хайр дурлалыг илтгэх гэрэл гэгээтэй уянгалаг аялгуутай давхцаж байлаа. Жүжгийн төгсгөлд Чио Чио Сан амиа хорлодог хэсэгт нэгдүгээр үзэгдэл дээр гэрлэлтийн зуучлагч Горогийн Пинкертонд сүйт хүүхнийх нь аавын охиндоо уламжлан үлдээсэн илд хутгыг тайлбарлан хэлж байсан хэсгийн ая давтан явах нь энэ хоёр үйл явдал хоорондоо холбоотой болохыг илтгэж байна.
Хоёрдугаар үзэгдлийн Пинкертон эргэж ирэх тухай дуулж, хөөр баяслаар бялхсан Чио Чио Сан зарц Сузукигийнхаа хамт цэцэрлэгээс шинэхэн цэцэгс түүдэг хэсгийн хөгжим уг дуурийн бас нэгэн онцгой хэсэгт тооцогдоно. Учир нь итгэл найдвар тээсэн, маш сайхан гэрэл гэгээтэй шинжээрээ энэ хэсгийн хөгжим бусдаасаа маш өөр сонсогддог.
Энэхүү дуурийн хамгийн оргил хэсэг болох 15-хан настай шинэхэн сүйт бүсгүй Чио Чио Сан, Америкийн усан цэргийн ахмад Пинкертон хоёрын дуэтээр нэгдүгээр үзэгдэл төгсдөг. Бүхэл бүтэн 15 минут үргэлжлэх уг хайрын дуэт дуучдаас шаардах хоолойны цар хүрээ, үргэлжлэх хэмжээгээрээ хамгийн алдартай аринуудын нэгт тооцогддог. Энэ ари нь суут хөгжмийн зохиолч Дж.Пуччинигийн бичсэн хамгийн урт ари ажээ.
Пуччини япон ардын уламжлалт хөгжмийн зэмсэг огт ашиглалгүйгээр лимбэ, босоо ятга, хонх зэргээр дорнын өнгө аясыг гайхалтай гаргажээ. “Эрвээхэй хатагтай” дуурийн Пуччинигийн бусад бүтээлээс ялгарах маш том нэг ялгаа нь энэ дуурь дээр нэг дүр маш их ачаалал үүрдэг байдал. Өөрөөр хэлбэл, Чио Чио Сан энэхүү дуурийн бараг ихэнх ачааллыг үүрдэг маш хүнд дүр юм. Дуурийн бараг бүхий л хэсэгт Чио Чио Сан тайзан дээр дуулж байдаг. Чио Чио Саны дүр ялангуяа хоёрдугаар үзэгдэл дээр маш урт, хүч шаардсан аринуудыг дуулдаг. Энэ дуурийн хамгийн алдартай нэгэн ари бол хоёрдугаар үзэгдлийн “Un Bel Di” буюу “Нэгэн сайхан өдөр”. Чио Чио Сан “Манай нутагт гургалдай үүрээ засахад эрвээхэй нүдэн чамдаа эргээд ирнэ” гэж хэлээд явсан харь нутгийн амраг хайрт эр нөхрөө ирнэ гэсэн итгэл тээсээр энэ ариг дуулж, зарц Сузукигээ тайвшруулна. Энэхүү ариг сопрано хоолойтнуудын чансаа чадлыг сорьсон хүчтэй ари гэж үздэг билээ.
Суут Дж.Пуччинид бидэнд ийм гайхалтай ДОРНЫН ДУУРЬ үлдээсэнд нь мянгантаа талархахаас яахав. Энэ улирлын эхний тоглолт янзтай байлаа. Ихэмсэг атлаа ялдам дорнын нууцлаг өнгө аяс… Харин ирэх бямба гаригт үндэсний сонгодог дуурь та биднийг хүлээж байгаа. Тэр бол мэдээж “Учиртай гурван толгой”.
Ж.Нандиа