Гадаад харилцааны дэд сайд Б.Болорыг хүмүүс сайн мэддэггүй байлаа. Энэ засгийн газрын хамгийн залуу сайд гэж сургийг нь сонсох төдий л байсан. Б.Болор нь 1978 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Энэ залуу нийслэлийн 23 дугаар дунд сургуульд сурч байгаад Бельги рүү шилжиж тэндээ АНУ-ын Батлан хамгаалах яамны харъяа дунд сургуулийг 1995 онд, дараа нь Европын Холбооны их сургууль төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. “Тиара Монголиа” төслийн удирдагчаар 2007-2008 онд ажиллаж байсан. Ардчилсан намын маргаашийг тодорхойлох зорилготой Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Бельгиэс ирэнгүүтээ 2000 он хүртэл “НИК” компанид гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Дараа нь аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллагаа явуулдаг “Гарьд тур” компанийг байгуулан 2006 он хүртэл хувийн хэвшилд ажиллажээ. Залуу сайдын хувьд сүүлийн үед Лондонд “гацчихсан” байгаа ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцын Монгол дахь бие төлөөлөгч шиг л ажиллаж байгаа. Гадаадад саатуулагдсан төрийн онцгой эрхэт албан хаагчид байтугай жирийн иргэндээ ч ингэж санаа тавих үүргийг нэгэнт хүлээсэн болохоор буруутгах аргагүй. Гэхдээ өнгөрсөн оны сүүлчээр гэр бүлээрээ “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж, зурагтаар гарсныг эс тооцвол салбарынхаа буюу өөрт хамаарах бусад асуудлыг хамарсан сэдвээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан нь тун цөөхөн. Түүний хувьд ан авд дургүй, үндэсний бөхөд “нугасгүй”. Хэдэн жилийн өмнө бол бааранд пиво ууж, үүр цайтал бүжиглэхээс буцахгүй “шоучин” байсан. Ерөнхийдөө Орос школтой, европжуу гэхэд болно. Угаасаа удам дамжсан, гурав дахь үеийн дипломатч залуу. Харин одоо бол хүмүүс түүний Лондонд байгаа Б.Хурцтай бараг андуурахаар болтол “Хурцдаж” байгаа. Б. Хурц асуудалд оролцоолдсон биш Б.Болорт л сайн PR болж байх шиг байна. Англид түүнтэй холбоотой ямар нэг хов жив, шинэ мэдээлэл цацагдангуут л Монголд Б.Болор сайд яамныхаа хэвлэлийн төлөөлөгчөөс ч шуурхай хөдөлж, сурвалжлагч нарт мэдээлэл өгч “од” болдог болов.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин