Бүсийн нэмэгдэл олгох асуудлыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Бүсийн нэмэгдэл олгох асуудлыг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Х.Баделхан, Д.Балдан-Очир, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, Х.Наранхүү, Д.Оюунхорол, Р.Раш, Ч.Хүрэлбаатар, Ц.Шинэбаяр нарын 23 гишүүнийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Нийслэлээс алслагдсан аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүйгээс хөдөөгийн иргэд хот, суурин газар руу нүүдэллэж, хэт их төвлөрөл бий болгож буй. Тиймээс  алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, бодит орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн орон нутагт ажиллаж,  амьдрах нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсны үндсэн дээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд “алслагдсан болон говийн бүс нутгийг тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил, байгаль, цаг уурын нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр тогтооно” гэсэн хэсгийг нэмэх, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтын “докторын зэргийн”, 28.2.4 дэх заалтын “ур чадварын” гэсний дараа “алслагдсан болон говийн бүс нутгийн” гэж тус тус өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
     Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Алслагдсан болон говийн бүс нутагт амьдарч байгаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчид өндөр насны тэтгэврийн 10 хувиар бодож нэмэгдэл олгоно” гэсэн гурав дахь хэсгийг нэмэх, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн зургаа дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэрийн “Монгол Улсын Засгийн газар” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал” гэж өөрчлөхөөр тусгасан байна. Ингэснээр алслагдсан болон говийн бүс нутгийн иргэдийн амьжиргааны орлого нэмэгдэж, багш, эмч, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, тухайн бүс нутагт нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзжээ. Санал хураалтын шатанд энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж