Би дуурийн дуучин болох мөрөөдөлдөө хүрсэн

Хуучирсан мэдээ: 2010.10.01-нд нийтлэгдсэн

Би дуурийн дуучин болох мөрөөдөлдөө хүрсэн

Дуурь бүжгийн эрдмийн театр энэ сарын 2-нд буюу маргааш өвөл цагийн 48 дахь улирлын нээлтээ алдарт Дж.Пуччинигийн “Эрвээхай хатагтай” буюу “Чио Чио Сан” дууриар нээх аж. Тус дуурийн Пинкертоны дүрд тоглож буй залуу дуучин Г.Шижирболдтой бэлтгэлийн үеэр нь уулзаж ярилцлаа.

-“Чио Чио Сан” дуурийн Пинкертоны дүрд хэд дэх удаагаа тоглох гэж байгаа вэ?
-Энэ дүр чинь миний дипломын дүр юм. Би 2009 онд төгссөн. Анхны дүр. Одоо дөрөв дэх удаагаа тоглох гэж байна. Итали удирдаач Роберто Сальвалио манай театрт дөрвөн дуурийг дохино. Би хоёр дуурьт нь гол дүрд дуулах гэж байна. Дж.Вердийн “Травиата” дуурийн Альфредийн дүрд тоглох болсон. Одоо бэлтгэлээ хийгээд л байна. Энэ удаагийнх Итали удирдаачтай гэдгээрээ их онцлог болох байх.

-Итали удирдаачтай хамтран ажиллахад ямар байна?

-Энэ удирдаач маань манай театрт өмнө нэг удаа ирсэн. Тэр үед хамтарч ажиллаагүй. Одоо л анх удаагаа хамтарч ажиллаж байна. Сэтгэгдэл гэвэл өндөр байна. Дуурийн эх орных нь удирдаач удирдахад мэдээж их гоё санагдаж байна.  
-Анх Пинкертоны дүрийг хэнтэй хосолж дуулж байсан бэ?

-Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг эгчтэй анх хамтарч дуулж байсан. Мөн АНУ-д ажиллаж байгаа Э.Саран эгчтэй дуулсан. Одоо Италид сурсан Г.Эрдэнэтуяа эгчтэй анх удаа хамтарч дуулах гэж байна. Дүрийн тухайд бол Америкийн хөнгөн хуумгай залуугийн дүр. Ерөнхийдөө Америкууд ямар байдаг билээ, нэг тийм хөнгөн хуумгай, гэтэл Азиуд нэг хүнтэй насаараа ханилна гэдэг ямар үнэ цэнэтэй байдаг билээ. Тэрийг мэдэхгүй Америк залуу байгаа. Дүрээ тал талаас нь хараад аль болох сайн бүтээхийг боддог.

-Анх тоглож байснаа бодвол одоо сандрах нь гайгүй болсон байх, тийм үү?

-Анхны тоглолтыг бодвол айж сандрах нь бага болсон. Анхны тоглолтын үеэр чинь нойр хүрэхгүй, шөнө бодогдоод л . Дуучин хүн чинь гол нь сайн унтах хэрэгтэй байдаг. Тэгж байж хоолой гоё гардаг. Тэгээд унтаж өгөхгүй нойр хулжаад байхаар санаа зовоод хэцүү. Тэрийгээ бодвол одоо дөрөв дэх удаагаа энэ дүрд тоглох гэж байна арай тайвширч, тэрэн дээр нь ингэвэл зүгээр гээд бодох сөхөөтэй болсон байх.

-Долоо хоног бүр шинэ дуурьт тоглоход дүрээс дүрд шилжих нь хэцүү байдаг байх?

-Хэцүү ш дээ. Нэг дүрдээ бүх анхаарлаа хандуулж дуулаад дууслаа шинэ дуурийн бэлтгэлдээ орж байгаа юм. Ер нь бол хэцүү. Бид эхнээс нь бүх зүйлээ төлөвлөдөг болохоор бас харьцангүй гайгүй ээ. 

Ер нь өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Бид нар өглөө 10.00 цагт ирнэ. Тэгээд орой 17:00 гээд явдаг. Бид нар чинь зогсоо зайгүй бэлтгэл хийнэ ээ. Нэг дуурийг чинь ямар ганцхан өдөр бэлтгэл хийгээд болох биш. Нэг дуурийг бараг сарын хугацаанд ганцхан төгөлдөр хуурчидтай нийлж бэлтгэл хийнэ. Дараа нь удирдаач, төгөлдөр хуурчтай нийлж, дараа  нь өрөлт гэж орно. Түүнээс биш зүгээр гараад бид нар дуулж байгаад орохгүй шүү дээ. Хаана, хаана юу хийх гээд өрөлт сургуулилт гэж хийдэг. Дараа нь оркестртой бэлтгэл хийдэг, тэгээд тайзан дээр жижиг хэрэглэлтэй сургуулилт гэж орно. Тоглолт эхлэхийн өмнөх өдөр бүх юмтай гэрэл тайз засалт гээд бүх зүйлээ нэгтгэж яг л тоглолт болж байгаа юм шиг нэг үзнэ. Тэгж байж нэг дуурь гарна шүү дээ. Тэгж бодохоор ажил ихтэй л дээ.

-Дуурийн дуучид итали, орос хэлээр ихэвчлэн дуулдаг. Та ер нь хэдэн хэлтэй вэ?

-Орос хэл гэдэг бид нарын хувьд хол байсан. Манай хуучин дуучид бүгд орос хэлээр ярьдаг. Бид нарын хувьд орос хэл арай хол байдаг. Арван жилдээ, оюутан байхдаа англи хэл гээд явчихсан болохоор. Ихэвчлэн итали хэлээр дуулдаг. Тэр ч утгаараа миний хувьд орос хэлээр дуулах хүндрэлтэй байсан. Намайг хүмүүс франц хүн шиг дуулаад байна гээд дуудлагаа их засуулж байсан. “Евгений Онегин” дуурь дээр удирдаач нь орос хүн байсан бид нар орос хэл дээр дуулсан. Тэр үед бас л хүндхэн байсан шүү.

-Гэхдээ л их гоё дуулсан?

-Баярлалаа, манайх орос, герман, итали хэл дээр дуулдаг. Герман хэл ч бас л хэцүү шүү. Арай л хатуу санагдсан. Орос хажууд нь хамаагүй дээр байсан. Германаар нахт нухт гээд хэцүү шүү. /инээв/

-Францаар дуулж байсан уу?

-Үгүй ээ, дуулж үзээгүй, яваандаа дуулж үзэх байх. Ер нь бол италиар дуулах л их эвтэйхэн байдаг юм.

-Театрын бүх эмэгтэй дуучидтай хамтран дуулж үзсэн үү?

-Ер нь бүх дуучидтайгаа хамтарч дуулсан даа. Бүх сапрона хоолойтой. Ер нь тенор сапрона хоёр хоршдог юм.

-Ямар дуучинтай нь хамтран дуулах дуртай вэ?

-Тийм зүйл байхгүй ш дээ. Бүгдтэй нь дуулах гоё байдаг. Миний хувьд би туршлага муутай залуу хүний хувьд тэр хүмүүсээс суралцах зүйл их байдаг. Бүгд л их түшигтэй сайхан байдаг.

-Дуурийн театрын тайз засалт их гоё санагддаг?

-Тийм ээ. Манайх чинь тайзны ажилчид гээд олон хүн байдаг. Нүсэр ш дээ. Дуурь гэдэг чинь. Нэг дуурь гаргах гэж ямар их нүсэр ажил болдог гээч.

-Монголынхоо дууриас ямар дуурьт дуртай вэ?

-Монголоос Х.Билэгжаргал  гуайн “Ламбагуайн нулимс” гээд дуурь их гоё. Хөгжим нь үнэхээр сайхан. Яг дуурь гэсэн утгаараа таалагддаг. Өнгөрсөн жил би өөрөө энэ дуурийн худалдаачны дүрд тоглож байсан юм.

-Ингэхэд яагаад дуурийн дуучин болсон бэ, дуурийн урлагт хэзээнээс дурлав?

-Дуурийн урлагийг би багаасаа л сонирхсон. Манай аав, ээж хоёр хоёулаа урлагийн хүн учир театр дээр л өнждөг байлаа. Тэгээд л дуурийн дуучин гоё санагдаад багаасаа мөрөөдөөд л мөрөөдөлдөө хүрсэн дээ. 

-Аав, ээж хоёр чинь бас Дуурийн театрт ажилладаг уу?

-Өвөрхангай аймгийн театрт ажиллаж байгаа. Манай аав уртын дуучин, одоо уран сайхны удирдаач хийдэг юм. Ээж болохоор хөгжимчин, хуучир тоглодог. Ах маань СУИС-ийн драмын ангийг төгссөн. Ингээд л урлагийн гэр бүл дээ.

-Оюутан цагаасаа эхлэн театрт дуулсан уу?

-Тэгсэн. Төгсөх дамжаанд байхдаа бараг энд ажилладаг юм шиг л явж байсан. Тэгээд анхны дүр нь “Чио Чио Сан” дуурийн Пинкертон байсан. Бас оюутан байхдаа И. Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Альфредийн дүрд тоглож байсан. Тэгээд есдүгээр сарын 1-нээс албан ёсоор театрт орсон.

 – Дуурийн театрт ороход босго өндөр байх, тийм үү?

-Манай анги чинь 80 хүүхэд төгссөн. Тэгээд шалгаж үзээд гурван хүүхэд л гоцлол дуучнаар театрт орсон.

-“Сарьсан багваахай” дуурь их таалагддаг. Хөгжилтэй, хөнгөхөн?

-Тийм ээ. Надад ч гэсэн их таалагддаг. Хөгжилтэй, хөгжим нь их гоё. Надад Альфредийн дүр маань бас их таалагддаг.

-Дуурийн дуучдыг эстрад, нийтийн дуу дуулахаар хоолой нь эвдэрдэг гэдэг үнэн үү?

-Тэр үнэн байх шүү. Дуурийн вокалаар дуулж байгаа хүмүүс чинь өөр байдаг. Өдөр болгон дасгал хийнэ хоолойдоо тохирсон дуу дуулдаг. Түүнээс биш хаа хамаагүй дуу дуулахаар форм алдагдах тохиолдол байдаг. Сонгодог зохиолууд чинь дуучныхаа хоолойг хөглөдөг гэдэг ш дээ.

-Таны хувьд дуулах тал дээр баримталдаг дэглэм байдаг уу?

-Байдаг. Гэхдээ одоо театрт ороод нэг жил болж байна. Бусад туршлагатай том, том дуучдыг бодвол яг ингэдэг тэгдэг гэж хэлэх нь хаашаа ч юм. Ер нь бол дотроо бодож баримталдаг дэглэм байдаг.

-Тайзан дээрээс хардаг Г.Шижирболд амьдрал дээр их даруухан юм шиг санагдлаа?

-Тийм ээ, зүгээр л энгийн даруухан залуу. Би оюутан байхдаа Альфредийн дүрд тоглоход хэцүү байсан шүү. Энэ мундаг томчуудын дунд орж ирээд гэнэт задрах хэцүү байсан. Альфредийн дүр өөрөө их хөнгөн задгай дүр л дээ. 

-Таны мөрөөдлийн дүр юу вэ?

-Миний хувьд бүх л дүр гоё. Тенор хоолой дуулдаг бүх дуурийн дүрд тоглохыг хүсдэг. Мөн монголдоо гэлтгүй Монголынхоо нэрийг гаргаж дэлхийд дуулах нь миний мөрөөдөл юм даа.

-Дэлхийн дуурийн дуучдаас хэнийг шүтдэг вэ?

-Миний хувьд оюутан байхдаа дэлхийн шилдэг дуучдын дууг сонсдог байсан. Испани гаралтай дэлхийн гурван тенорын нэг Плачидо Доминго гээд дуучныг сонсч шүтдэг.

-Плачидо Доминго манайд ирж тоглолтоо хийх сураг гараад байгаа биз дээ?

-Харин тэгсэн ш дээ. Ирвэл бөөн баяр. Плачидо Доминго сүүлд Бээжингийн олимпийн нээлтэд Sarah Brightman-тай хамтран дуулсан. Одоо бараг 70 гарсан цагаан толгойтой хүн байгаа. Үнэхээр манай улсад ирж тоглолтоо хийвэл хүмүүст амьдралд олдох алтан боломж л гэсэн үг. Тийм дэлхийн алдартай дуучны тоглолтыг үзнэ гэдэг гоё биз дээ.

-Баллетынхны тоглолтыг үздэг үү?

-Хааяа зав гарвал үзнэ ээ. Гэхдээ тэд нарыг тоглолтоо хийж байхад бид нар бэлтгэлтэй байдаг болохоор үзэх нь их ховор л доо. Сүүлд Оросын удирдаачийг ирэхэд “Хунт нуур”-ыг үзсэн юм байна.

-Тэгвэл амралтаараа юу хийх дуртай вэ?

-Амралтаа санаа зовох зүйлгүй, гэртээ өнгөрүүлэх дуртай. Кино үзээд л .

-Кино үзэх дуртай юм уу?

-Кино үзэх дуртай шүү. Гэхдээ кино театрт үзэх зав гардаггүй юм аа. Гэртээ амралтаараа л үздэг. Хуучны кинонууд сэтгэлээс хэзээ ч гардаггүй сайхан шүү.


М.Дөлгөөн, Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж