-Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа үнэт цаасыг ангилан арилжих горим нэвтрүүлэх чиглэл өгсөн байна. Энэ горимын тухай тодруулахгүй юу?
-Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид 336 компани бүртгэлтэй байна. Эдгээрийн дотор сайн ч компани бий, муу компани ч бий. Компанийн чанараас хамаарч хувьцаа нь үнэт цаасны арилжаанд орж байгаа төвшнөөрөө харилцан адилгүй, үндсэндээ 80 орчим компанийн үнэт цаас идэвхтэй арилжигдаж байна. Өнөөдөр манай хөрөнгийн биржийн арилжаанд сайн, муу компаниуд ямар ч ялгаагүй нэг дор, зэрэг арилжигддаг юм. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс, хөрөнгө оруулагчид эрсдлээ үнэлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасыг чанараар нь ангилан арилжих горимыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзээд байна.
-Сайн болон муу компани гэж ямар компанийг хэлэх вэ. Ямар шалгуур үзүүлэлтээр үнэт цаасыг ангилах вэ?
-Хөрөнгийн биржийн бүргэлийн шалгуур үзүүлэлт болон тухайн үнэт цаасны хөрвөх чадварын үзүүлэлтэд үндэслээд арилжааны аль самбарт арилжих эсэхийг шийддэг горим нэвтрэх байх. Энэ нь эрсдэлийн үнэлгээг бодитой болгож байгаа юм. Нарийвчилсан шалгуур үзүүлэлтийг Монголын Хөрөнгийн биржээс боловсруулаад манай Хороонд танилцуулна.
-Монголын хөрөнгийн бирж дээр байгаа үнэт цааснуудыг хэдэн хэсэгт ангилах вэ?
-Үүнийг мөн л Монголын Хөрөнгийн бирж судалж байгаа. Хөрөнгийн бирж нь өөрийгөө зохицуулах эрх хэмжээтэй байгууллага тул өөрсдийн бүртгэлийн болон арилжаааны горимоо судалж шийдвэрлэх учиртай юм. Харин Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг нь хянах юм. Гэхдээ урьдчилсан байдлаар гурван самбарт ангилах нь зүйтэй байж болох талаар Хорооны хуралдааны үеэр яригдсан зүйлс бий. Эхнийх нь биржийн үндсэн бүртгэлийн шалгуур хангаж байгаа компани, хоёр дахь нь бүртгэлийн зарим шалгуурыг хангахгүй байгаа буюу эрсдэл өндөр компани орох байх. Гуравдугаарт нь үйл ажиллагаа нь зогссон, бүртгэлээс хасагдахад хүрсэн компаниуд орох болов уу.