Олон улсын бага хурал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Олон улсын бага хурал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд “Инноваци ба
технологийн бодлого, хөгжлийн чиг хандлага” олон улсын бага хурал
өнөөдөр боллоо.

 Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл шинжлэх ухаан,
технологи, инноваци, бизнес, санхүүгийн салбарын үйл ажиллагааны уялдаа
холбоог сайтар хангах нь туйлын чухал болж байгаа аж.

Энэ удаагийн бага хуралд төрийн байгууллага, хувийн хэвшил, шинжлэх
ухааны салбарын хүмүүс идэвхтэй оролцсон бөгөөд  Үндэсний хөгжил,
шинэтгэлийн хорооны  шинэтгэлийн бодлогын газрын хэлтсийн дарга
Д.Арвинбаяр “Монгол Улсын инновацийн бодлого, хөгжлийн ерөнхий
хандлага”, M-CAM компанийн удирдах зөвлөлийн дарга, Ерөнхий захирал
доктор Давид Е Мартин “Даян дэлхийн инноваци, технологийн хөгжил, чиг
хандлага”, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тамгын газрын эрдэмтэн
нарийн бичгийн дарга Т.Галбадрах “Шинжлэх ухаан, бизнесийн хамтын
ажиллагаа”, M-CAM компанийн ерөнхийлөгч Давид Пратт “Инноваци,
технологийг дэмжин хөгжсөн бусад улсын тэргүүн туршлага”, M-ICP
компанийн удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал Д.Нэргүй “Инноваци,
технологийн хөгжилд хувийн салбарын оролцоо” гэсэн сэдвүүдээр илтгэл
тавьж, хүмүүсийн сонирхсон асуултад хариуллаа.

Шинжлэх ухаан Монголын эдийн засгийн салбар болж чадаагүй нь
үйлдвэрлэлийн хөгжил, уламжлалт сэтгэлгээ, хөрөнгө оруулалт бараг
байхгүйтэй адил зэрэг учир шалтгаантай холбоотой ажээ. Монголын шинжлэх
ухааны салбарын санхүүжилт ДНБ-ий 0.2 хувьтай тэнцүү байгаа юм. Тэгвэл
Израильд энэ үзүүлэлт 4.46, АНУ-д 2.54, Японд 3.15, Шведэд 3.74,
Солонгост 2.64 хувь байдаг аж. Ийм нөхцөлд нэгэнт бий болсон бэлэн
технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн мэдээллийг хүртээмжтэй
болгох, технологийн нэгдсэн бодлого боловсруулан баримтлах, шинжлэх
ухаан-бизнесийг холбогч зуучлагчдыг төрүүлэх, энэ хоёр салбарын хамтын
ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн бусад орны шинэ технолгийг авч ашиглах
арга замыг бизнес эрхлэгчдэд ойлгуулах, уламжлалт сэтгэлгээг өөрчлөх,
өөрийн орны инженер, эрдэмтэд, ажил хэрэгч, бизнес эрхлэгч хүмүүсийн
үүсгэл санаачилгыг хөрөнгө оруулалтаар дэмжих шаардлагатай байгааг
оролцогчид чухалчлан ярилаа гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн
албанаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж