УИХ-г сурталчлах өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

УИХ-г сурталчлах өдөрлөг болов

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Орхон аймагт уржигдар буюу есдүгээр сарын 28-нд зохион байгуулав. Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан УИХ, УИХ-ын Тамгын газраас олон хэлбэрийн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь Орхон аймагт хийсэн энэхүү өдөрлөг байлаа. УИХ-ын үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөгийн арга хэмжээг УИХ-ын Тамгын газраас анх удаа зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын бүтээн байгуулалтын нүүр царай болсон Эрдэнэт хотоос эхэлсэн нь ч бас онцлогтой.

Энэ өдөр Орхончууд байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжсөн 20 жилийн түүхтэй танилцан, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоол, бусад шийдвэрийн талаар мэдээлэл авч, УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж буй Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төсвийн тухай хуулийн төслийн талаархи нээлттэй хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо илэрхийлсэн. Түүнчлэн иргэд өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүдтэйгээ уулзан, тэдний хууль тогтоох үйл ажиллагааны оролцоо болоод бусад ажлын  мэдээлэлтэй танилцав. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаархи санал асуулгад оролцож, УИХ-ын үйл ажиллагааны талаар санал, хүсэлтээ ч уламжилсан.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өдөрлөгийн арга хэмжээг нээж, “Өнөөдөр УИХ гэдэг үгтэй хамааралгүй олон нийт, ард иргэд гэж үгүй бөгөөд нийт улсын хэмжээнд дагаж мөрдөх хууль, эрх зүйн баримт бичгийг хэлэлцэн баталж байдаг, сонгогчдын төлөөлөл болон гарч ирсэн УИХ-ын 76 гишүүнээс хувь хүний амьдрал, улс орны хувь заяа ихээхэн хамаарч байдаг гэж ойлгож болно. Асуудлыг хамтдаа ил тод хэлэлцэн, буруу зөвийг шүүн тунгааж байдаг ардчилсан нээлттэй байгууллага бол УИХ. Энэ утгаар УИХ-ыг иргэний ардчилсан нийгэм дэх төлөөллийн байгууллага ч гэж нэрлэдэг. Эрдэнэтчүүд та бүхэн өдөрлөгийн үеэр ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах төрийн тулгуур багана болсон УИХ-ын үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэж авна гэж найдаж байна” гэлээ. Мөн Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Одхүү нар тойрогтоо хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ   гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж