Экспортын татварыг сэргээхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Экспортын татварыг сэргээхийг хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр ноос, ноолуурын салбарынхантай  уулзаж, санал бодлыг нь сонслоо. Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан тухай онцолж, уул уурхайн салбараас ч урт хугацаанд, илүү үр өгөөжтэй байж чадах ноос ноолуурын салбарынханд зах зээлд өрсөлдөх боломж бололцоо их байгааг сануулсан. Харамсалтай нь, энэ боломжийг тус салбарынхан бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг хатуу анхааруулж, хэрэг болгон уулзаж санал солилцож буйгаа онцолсон юм.

 Тиймээс зах зээлд өрсөлдөх чадвараа бий болгох тал дээр салбарынхан өөрсдөө идэвх санаачлагатай ажиллахыг уриалж,  энэ сарын сүүлчээр дахин уулзах болзоо тавив.Ноос ноолуур үйлдвэрлэгчдээс хоршиж хамтарч ажиллах санал гаргаж буйг дэмжээд энэ саналыг ажил хэрэг болгохдоо  төр, засаг удирдан чиглүүлэх биш төрийн бус мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч нар илүү идэвхи санаачлагатай ажиллах ёстойг сануулсан юм.

Харин ноос ноолуурын салбарынхан энэ үеэр гурван хүсэлт тавив. Тодруулбал, ноолуурын экспортын татварыг 0 болгосныг хүчингүй болгож, буцааж сэргээх. Гадаад руу самнасан ноолуур экспортлохыг хориглох. Хоёрдугаарт, татварыг хоёр давхардуулан авч байгааг нэг болгох. Гуравдугаарт ноос, ноолуурын үйлдвэрүүдэд урт хугацаатай,  бага хүүтэй зээл олгохыг хүссэн юм. Ерөнхий сайд газар тариалангийн салбарт тухайлбал, гурил, будааны импортын татварт НӨАТ тавьж байгаа шиг ноос, ноолуурын салбарт ч импортыг хязгаарлах талаар төрийн бодлого гаргаж болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд үйлдвэрлэгчид, холбоод нэгдээд энэ асуудлаар санал боловсруулах, үйлдвэрлэгч нар мэргэжлийн холбоондоо ач холбогдол өгч бодлого боловсруулах чадавхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэв.  Мөн ноос, ноолуурын үйлдвэрүүд нэгдээд төр засгийн дэмжлэгтэйгээр хөнгөн үйлдвэрийн мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулах боломж байгаа эсэхийг лавлаж,  Мянганы сорилтын сангаас ийм төв байгуулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Гэтэл танай холбоо санал өгөөгүй. Аливаад бүтээлч талаас нь хандаж, тодорхой ажил, санал л яримаар байна. Ажлын сайн санал өгөөч, энэ өрөөнд улс төрийн мэдэгдлүүд сонсмооргүй байна. Одоо эндээс гараад ярилц, тодорхой саналууд боловсруул. Ингэж чадвал дараа хийх уулзалт техник эдийн засгийн үндэслэл ярьсан ажил хэрэгч уулзалт болно гэлээ. Учир нь уулзалтад “Буян” компанийг төлөөлөн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан оролцохдоо ноос ноолуурын салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, энэ салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг ярихаасаа илүүтэй улстөрийн өнгө аястай мэдэгдлийг хийсэн нь Ерөнхий сайдыг дээрх үгийг хэлэхэд эрхгүй хүргэсэн юм. Тиймээс Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд  “Нэг удаагийн шийдлээр бүгдийг төгс төгөлдөр шийдэж чадахгүй, боломж ч байхгүй. Хамтарч ажиллах үйл ажиллагааны эхлэл, үүнийг төрийн бодлготойгоор урагшлуулах суурь уулзалт боллоо. Энэ салбарын ажлыг бага багаар урагшлуулах боломж, шаардлага байгаа” гэсэн юм. Уулзалтад “Ээрмэл”, “Буян”, “Гоёо”, “Алтай кашмир”, “Сор кашмир”, “Ханбогд кашмир” ХХК болон “Эрдэнэт хивс”, “Монгол нэхмэл” ХК-ийн гүйцэтгэх захирлууд болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Монгол банкнаас тус бүр албаны хүмүүс оролцлоо. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж