Сонгуулийн хууль 12 сард батлагдах байх

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль 12 сард батлагдах байх

УИХ-ын гишүүн П.Алтангэрлээс сонгуулийн хуулийн талаар тодрууллаа.

– Өнөөдөр таны ахалж буй байнгын хорооны хурлаар урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

– Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар нийслэлийн агаарын бохирдол, урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зааг тогтоох тухай, мөн бусад асуудал гэсэн дөрвөн асуудлаар хэлэлцлээ. Дээрх дөрвөн асуудлаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай  асуудлыг байнгын хорооны гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд унагасан байгаа. Энэ асуудлыг засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж  хэлэлцсэн байх ёстой. Зөвлөлийн хурлаас батлаад дараа долоо хоногийн ажлын төлөвлөгөөнд хэлэлцэх асуудал болж орох ёстой байдаг. Харин энэ хууль нь энэ шат дамжлагаар ороогүй. Нөгөөтэйгүүр хууль санаачлагчдад асуулга тавьж уг хуулийн талаар мэдээлэл хийгээч ээ гэсэн хүсэлт тавьсан байгаа. Гэтэл хууль санаачлагчдаас мэдээлэл сонсож чадаагүй байгаа. Тэгэхээр мэдээллээ сонсгож байж байнгын хороогоор хэлэлцүүл гээд энэхүү хуулийг буцаалаа. Уг хууль нь өөрөө их маргаан дагуулсан их эгзэгтэй нарийн хууль. Энэ хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд гэнэт оруулж ирээд гэнэт баталсан шигээ гэнэт өөрчилж болохгүй, их нарийн судалж үзэж байж батлах ёстой хууль. Тийм учраас хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж буцаасан.

Өнөөдөр хэлэлцсэн гол асуудал нь нийслэлийн агаарын бохирдлын талаар асуудал байлаа. Энэ хуулийн хувьд яаралтай батлан гаргах хууль гэж үзэж байгаа. Энэ утгаараа эхний хэлэлцүүлгийг хийж гишүүд нэлээд санал хэллээ. Анхны хэлэлцүүлгийг хийнэ гэдэг нь уг хуулийн ерөнхий нуруу нь босоод ирлээ гэсэн үг, Намрын чуулганаар хэлэлцээд баталчих байх гэж бодож байна.

-Сонгуулийн хуулийн талаар та ямар бодолтой байна?

Сонгуулийн хуулийн талаар УИХ дахь хоёр намын бүлэг хэлэлцэнэ гээд төлөвлөгөөнд ороод хэлэлцэж чадахгүй байгаад байна. Сонгуулийн хууль өөрөө ерөнхийдөө их нарийн хууль болохоор хоёр талаасаа нэлээд сайн нухаж зөвшилцөлд хүрч байж батлах ёстой ийм хууль. УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан нарын санаачилсан хууль, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарын санаачилсан бас нэг хууль одоогоор байна. Энэ хоёр хуулийн ерөнхий үзэл санаа нь Монгол Улс бүхлээрээ нэг тойрог байх, гэхдээ энэ хуулийг иргэд, улс төрийн нам хүлээж авах боломжгүй хувилбар. Хоёрдугаар хувилбарын хувьд хоёр намын бүлэг холимог хувилбар гээд энэ хувилбар дээр нэлээд ярьж байгаа. Гэхдээ 50/26 гэдэг хувилбарын үндсэн санаанд тохиролцож чадахгүй байна. МАН-ын бүлгийн хувьд гэвэл санал өгөхдөө хүнээ дугуйлна гээд байгаа, харин манай нам буюу АН-ын бүлгийн хувьд бол 26 тойрог дээрээ хүнээ дэвшүүлээд намаа дугуйлна гэж байгаа. Ингэж байж жинхэнэ холимог хувилбар болно. Нэг үгээр хэлэхэд хүн дугуйлах уу, намаа дугуйлах уу гэдэг асуудал энэ хуулийн амин сүнс болохоор хоёр нам тохиролцож чадахгүй байна. Хоёр намын гишүүдийн ярьж байгаагаар бол янз бүрийн санаа байна. 2008 оны сонгууль хийж байсан хуучин хуулиар сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэх олон гишүүд байдаг юм билээ. Хамгийн гол нь энэ 76 гишүүд санал нэгдэж уг хуулийг батална гэдэг бол хэцүү л дээ. Гэвч өмнөх практик туршлагаас хараад байхад МАН одоо УИХ-д 45 суудалтай. Харин манай нам яахав, 27 гишүүнтэй болохоор тэдний өнгө аяс хаашаа байна түүнийг дагаад л яавах хэрэгтэй болно. МАН-ын туршлагаас хараад байхад ерөөсөө УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хууль баталдаг аргатай. Тэр болтол намаа судална, намд аль хувилбар нь ашигтай байх талаар маш их судалгаа явуулдаг намын тактик байна. Тэгээд судалж судалж за энэ хууль манай намд ашигтай байх нь гээд оруулж ирээд олонхоороо батлаад л болоо. Харин миний хувийн бодол бол  жижиг 76 тойрог байх нь дээр санагдаад байгаа. Монгол Улс шиг өргөн уудам нутагтай хүн ам нь тархай бутархай суурьшсан улс оронд бол хязгаар нутгийн төлөөлөл заавал байх ёстой. Хэрэв пропорциональ болговол орон нутгийн төлөөлөл гэж байхгүй болно. Жалгын үзэлтэй байна, төсвийн мөнгийг тарааж цацаад байна гэж өнөөдөр шүүмжлээд байгаа боловч орон нутгийн төлөөлөл байх нь зүйтэй гэж бодож байна. Эцэст нь МАН-ын туршлага гэж яриад байгаагаар бол сонгуулийн хуулийг ирэх 12 дугаар сарын 31-нд л батлах байх даа.

Б.Алтансүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж