Д.Сугар: Намайг хэн ч халж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Д.Сугар: Намайг хэн ч халж чадахгүй

Д.Сугар: Намайг хэн ч халж чадахгүй
ТӨХ-ны дарга Д.Сугарыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Ерөнхий сайд С.Бат­болд “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголын Хөрөнгийн бир­жийг удирдах менеж­ментийн багийн сон­гон шалгаруулалтад Лон­донгийн бирж ялах магад­лалтай” гээд хэлчихэж. Гэтэл ТӨХ-ноос хүчингүй болсон гэж мэдэгдсэн. Энэ зөрүүний талаар танаас албан ёсны хариу сонсъё. Ерөнхий сайд гоомой мэдэгдэл хийчихэв үү?
-Би бас томилолтоор явж бай­­гаад өнөөдөр  /өчиг­­дөр/ ажилдаа орж бай­на. Тий­мээс Ерөнхий сайд чу­хам ямар мэдэгдэл хийс­нийг мэдээгүй. Мэдээж Хө­рөн­гийн биржийн  сонгон шал­гаруулалттай холбоотой бүх бодит мэдээлэл миний гарт байгаа. Энэхүү сонгон шал­гаруулалтын гол зорилго нь олон улсын тав­цанд туршлагатай, үйл ажил­лагаагаа ил тод, шударга явуулж чадах багаар л Монголын  Хөрөнгийн бир­жийг удирдуулах гээд бай­гаа юм шүү дээ. Тендер бүх дүрмийн дагуу, хууль зүйн ямар ч алдаагүйгээр хугацаандаа дууссан.

-Шалгаруулалт яг яаж өрнөж , ямар үр дүнтэйгээр дууссан бэ?
-Сонгон шалгаруулалтад 10 орчим компани, Хөрөнгийн бирж оролцсоноос дөрөв нь шалгарч үлдсэн.
Хамгийн сүүлд дэлхийн хамгийн том биржүүдийн нэг “Nasdaq OMX&Mosdaq”  болон өмнөд Солонгосын Хөрөнгийн биржийн баг шалгарсан талаар бид мэдээлсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ ТӨХ-нд өгч хэлэлцүүлсээр албан ёсны шийдвэр гарсан. Дээрх хоёр Хөрөнгийн бирж үнэхээр туршлагатай, нэр хүндтэй, Монголд ажиллая гэсэн зорилготой байснаараа давуу байлаа. Гэвч хоёулаа бидний хүсч байсан тодорхой шаардлагад нийцээгүй.

-Манай Хөрөнгийн биржийг авахаар санаархаж байсан уу?
-Солонгосын Хөрөнгийн биржийн хувьд үнэхээр Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжье, оролцъё гэсэн чин хүсэлтэй, тендерийн баримт бичгээ ч сайн боловсруулсан байсан. Нэг л зүйл бидний сэтгэлд нийцээгүй. Тэр нь тендерийн баримт бичгийнхээ саналд Хөрөнгийн биржийг сайжруулах тодорхой ажил хийгээд 12 сая ам.долларын хөрөнгө оруулж, үүнийхээ хариуд шууд Хөрөнгийн биржийн тодорхой хувийг шууд хувьчилж авъя гэсэн санал тусгасан явдал. Бид тийм болзол тавиагүй шүү дээ. Менежментийн ажлыг сайжруулах нэг хэрэг. Бид ажлыг нь шалгаж хүлээн аваад мөнгийг нь төлөөд түүний дараа хувьчлалаа зарлах ёстой. Энэ нь манай бодлоготой нийцээгүй учраас шалгаруулах боломж байгаагүй.

-Тэгвэл Nasdaq-ийн хувьд ямар асуудлаар шалгаруулалтад “бүдрэв”?
-Nasdaq-ийн технологи Монголд орж ирэх нь манай Хөрөнгийн биржийн хувьд нэр хүндийн хэрэг гэдэг нь ойлгомжтой. Тэднийг тэнцүүлээгүй шалтгаан нь бас л зайлшгүй учир шалтгаантай. Учир нь жинхэнэ Nasdaq-ийн өөрийнх нь мэргэшсэн баг ирж ажиллаад энэ үеэр нь манай мэргэжилтнүүд хамтарч ажиллаад суралцахыг бид зорилго болгосон. Гэтэл тэднийх ганц хоёр зөвлөх нь ирэн очин байх, голдуу монголчуудыг ажиллуулах санал ирүүлсэн. Хэрэв тэгвэл бид өөрсдийн багаа бүрдүүлэх нь амархан байх сан. Тиймээс Үнэлгээний хороон дээрх хоёр багийн алийг нь ч шалгаруулахгүй байх санал гаргасан. Үүнийг нь ТӨХ-ны хурлаар хэлэлцээд Монголын эрх ашгийн үүднээс хандахад, мөн дээр хэлсэн зарим шалтгаанаар алийг нь ч шалгаруулахгүй байх саналыг зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тендер дууссан. Гэвч аль нэг баг шалгараагүй. Гэхдээ Монголын Хөрөнгийн биржийг туршлагатай багаар удирдуулах, зорилго маань хэвээрээ. Тиймээс дараагийн шатны ажилдаа ороод байна.

-Дараагийн шатны ажил нь гэхээр?
-Нэгэнт тендер хүчингүй болсон болохоор ийм замаар биш уулзалт, судалгааны хэлбэрээр ажлаа үргэлжлүүлнэ. Бидний энэ байдлыг харгалзаад Лондонгийн Хөрөнгийн биржээс Монголд ашигтай санал ирүүлсэн. Үүнийг одоо
бид судалж байна.

-Яг ямар ашигтай юм санал вэ?

-Лондонгийн Хөрөнгийн биржээс Монголыг тусгайлан авч үзье. Монголыг хариуцсан багаа танайд байлгая. Монголын Хөрөнгийн бирж дээр хэрэглэх IT программ төслийг бэлтгэж танайд нийлүүлье. Тэгээд Монголын Хөрөнгийн бирж дээр  менежментийн ямар баг байх нь тусгай асуудал. Монголын баг ч байж болно. Гэхдээ Лондонгийн Хөрөнгийн бирж өөрийн багаар туслаад байя гэсэн тийм л саналыг тендер дууссаны дараа ирүүлсэн юм.  Үүнийг бид судалж байгаа.

-Судалгааны явцын талаар болон өөрсдийн  санал дүгнэлтээ Ерөнхий сайдад танилцуулсан уу?

-Танилцуулсан. Тийм ч учраас Ерөнхий сайд “Лондонгийн Хөрөнгийн биржийн энэ санал зүгээр ч юм уу” гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн байж магадгүй, мэдэхгүй. Бид судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Түүний нэг нь л Лондонгийн Хөрөнгийн бирж. Өөр газраас санал ирвэл бас л судална. Амьдрал үргэлжилж байна шүү дээ.

-Яг үүнтэй зэрэгцээд ТӨХ-ны даргыг огцруулах гэж байна гэсэн мэдээлэл тархаж эхэлсэн. Танд энэ талаар “дарга нартай” ярьсан зүйл, тэднээс өгсөн сануулга, анхааруулга бий юү?

-Одоогоор юу ч мэдэгдээгүй байна. Хийх ёстой ажлаа хийгээд төр, засгийн удирдлагуудтай харилцдаг зарчмаараа харилцаад явж байгаа. УИХ Төрийн өмчийн хороотой Засгийн газраар дамжуулан харилцдаг. Засгийн газраас манайхыг хариуцдаг нэг л сайд байдаг нь Ерөнхий сайд. Ерөнхий сайдаас ажлын чиглэлээ авч, ажлаа танилцуулаад явж байна даа.

-Зарчмынхаа дагуу харилцаж байна гэж та хэллээ. Төрийн албан хаагч улстөрчидтэй зарчмынхаа дагуу дандаа харилцаад ажлаа явуулах, албан тушаал дээрээ байхад амаргүй байдгийг нуугаад яах вэ. Улс төр үүнд чинь таагүй хандаад байдаг юм биш биз?
-Зарчмаараа явснаас болж онцын саад гардаггүй. Ер нь аливаа алба хашихад янз бүрийн саадыг давж байж л ажиллана шүү дээ. Намайг хална гэсэн хүн алга. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Төрийн албаны хуулиар хамгаалагдсан, мэргэшсэн албан хаагч намайг алдаа гаргаагүй байхад хэн ч дураараа халж чадахгүй. Энэ албан дээр ирмээр санагдсан янз бүрийн хүн байж л таарна. Үүнд би тайван ханддаг. Хүн бүр дуртайгаа мөрөөдөөд зарим нь түүндээ хүрээд л явж байдаг. Би олон жил төрийн алба хашлаа. Тодорхой нэг албан тушаалаас зууралдаад байх хүсэлгүй байна. Шаардлага гарах, эсвэл надад өөр төлөвлөгөө, нөхцөл бүрдвэл энэ албаа орхиход бэлэн.

-Одоогоор ийм төлөвлөгөө байхгүй юу?
-Бүрдээгүй байна.

-Та  нэгэнтээ дарга нартайгаа маргаж байгаад “Энэ ажлаа авбал авахгүй юу“ гээд хэлчихсэн тал байна уу, үгүй юү?
-Ажил хэрэг шийдэхийн тулд янз бүрийн л юм болдог. Зөв шийдвэр гаргахын тулд олон талаас нь саналаа хатуу, зөөлөн байдлаар хэлнэ, маргана. Сайн санахгүй байна. Тэгж хэлсэн байж магадгүй ээ.

-Ерөнхий сайд “Ройтерс”-т түрүүлээд мэдэгдэл хийчихлээ. Өмнө нь бас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д айлчилж байхад та “Монголросцветмет”, “Монполимет”-ийн гэрээний талаар шөнө дөлөөр факс явуулж байсныг санаж байна. Төрийн томчуудын түрүүлж дуугарах ийм явдал ТӨХ-ны даргад гэнэтийн бэрхшээл учруулдаг гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сайдын мэдэгдэлд нэг их ноцтой зүйл байхгүй гэж ойлгож байна. Тендерээ дүгнэсэн. Дараагийн арга замыг хайж байна. Лондонгийн бирж энэ талаар манайд тохиромжтой санал ирүүлсэн байна билээ л гэж хэлээ биз. Ер нь ийм саад гайгүй дээ.

-Таныг энэ суудал дээр дэндүү удаан суулаа. Албан тушаалаа өгөх хэрэгтэй, ТӨХ-г шинэ хүн удирдах болсон гэдэг яриаг та сонсч л байсан байх. Ийм үед юу бодогддог вэ?
-Энэ албанд би ирээд удлаа. Аливаа хүн шинэ албанд ирээд бүх нөөц, эрх хүчээ зардаг. Энэ нь хязгаартай болохоор тодорхой хугацааны дараа шавхагддаг. Тиймээс ямар ч албанд нэг хүн удаан байх нь тохиромжгүй гэдэгтэй санал нэг байдаг. Туршлагатай, мэдлэгтэй хүн ирээд түүнийгээ гаргаж ажлаа хэрэгжүүлээд дараа нь өөрчлөгдөх нь зүйтэй. Гэхдээ “Минийх дуусчихлаа, би явлаа” гэж хэлэх гээгүй. Онолын хувьд хөдөлгөж, өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэж хэлэх гээд байна. Удсан шалтгааны хувьд би сольшгүй мундаг учраас удаад байгаа юм биш. Шалтгаан нь маш энгийн. Төрийн албан хаагч тодорхой хууль дүрмийн дагуу ажилладаг туршлагатай л байх ёстой. Үүнийхээ дагуу би ажиллаад байхад намайг халах үндэслэл байхгүй. Байр сууриа өөрчлөх бодол гэнэт төрвөл би тэр үед нь шууд илэрхийлнэ. Нэг байр суурин дээр зууралдаад байдаг хүн биш.

-Таны хашиж буй алба өмчтэй холбоотой гэдгээрээ чухал онцлогтой. Өмч гэдэг бол эрх мэдэл, баялаг, эрх чөлөө, бүх юм шүү дээ. Тиймээс танд авлига өгөх, аргадах, дарамтлах явдал бараг өдөр тутам гардаг байх. Та үүнд хэрхэн ханддаг юм бэ. Өнөөг хүртэл АТГ-тай холбогдож байгаагүй нь ч үүнтэй холбоотой байх?
-Ерөөсөө бидний үйл ажиллагаа, үг, үйлдэл, бараг алхах гишгэх бүрийг маань хуулиар  тогтоочихсон. Тогтоосон хүрээнд л ажиллах боломжтой. Дээр нь өөрийнхөө зарчмыг тогтоох ёстой. Би Засгийн газраас эхлээд удирдамжаа авахын тулд олон юм ярьдаг. Тайлбарлана, эсэргүүцнэ, чанга дуугарна. Энэ бол байх ёстой асуудал. Ингэж удирдамжаа зөв авах хэрэгтэй. Нэгэнт удирдамжаа авсан бол олон юм ярилгүй үүрэг даалгавраа л биелүүлэхээ боддог. Ийм зарчмаар явж байхад авлига өгөх, гуйлт хүсэлт тавих, хүлээж авах ямар ч боломж байхгүй. Үүнийгээ одоохондоо хамгаалж чадаад байгаа  болохоор элдэв сөрөг асуудал гардаггүй.

-Таны хувьд Засгийн газартай зөрүүтэй байр суурьтай байх, маргах шалтгаан юусан билээ гээд бодохоор хамгийн түрүүнд Хөгжлийн банкны  асуудал л санаанд орж байна.  Гэхдээ энэ бол таны хувийн байр суурь байлаа. Төр, шийдвэрээ гаргаж, та ТӨХ-ны даргын хувиар дагах ёстой болж байна. Хөгжлийн банкны талаарх таны байр суурь хэр өөрчлөгдсөн бэ?
-Үүнийг ялгаатай авч үзэх хэрэгтэй. Миний хувийн бодол бол Хөгжлийн банкны оронд Засгийн газраас хараат бус сан байгуулах нь зүйтэй гэж би үздэг байсан юм. Кувейт, Норвегийн сан, бусад олон жишээ байна. Яагаад гэвэл, Засгийн газраас хараат банк Засгийн газрын шийдвэрийн дагуу л хөрөнгө оруулалт хийнэ, хөрөнгө зарцуулна. Засгийн газрын бус сангийн
хувьд бизнесийн шаардлагын үүднээс үйл ажиллагаагаа зохицуулдаг утгаар нь тэгж бодож байсан юм. Нөгөө талаар би төрийн жинхэнэ албан хаагч, Засгийн газрын түшмэл шүү дээ. Нэгэнт Засгийн газар шийдвэрээ гаргаад зохион байгуул гэсэн үүргийг надад өгсөн байхад би өөр зүйл ярих ёсгүй. Хэвлэлээр гарсан зарим мэдээлэлд Хөгжлийн банк байгуулагдахаас өмнө миний ярьж байсан зүйл дээр үндэслэн бичиж байна. Үүнийг  би худлаа гэж хэлэхгүй. Өнөөдөр миний байр суурь гэвэл Засгийн газрын түшмэлийн хувиар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Ийм л байр сууриар ажиллаж байна. Хөгжлийн банк байгуулагдсан. Дүрэм нь батлагдсан. Хөгжлийн банкны ТУЗ-ийг байгуулах ажил судалгааны түвшинд явж байна. Ерөнхий сайдыг ирэхэд танилцуулна. Гүйцэтгэх багийн сонгон шалгаруулалтыг зарласан, үргэлжилж байгаа.

-Хөгжлийн банкны менеж­ментийн багийг гадныхан илүүтэй сонирхож байгаа гэсэн?
-Сонгон шалгаруулалтыг гадных, дотных гэж ялгавартай зарлаагүй. Туршлагатай л бол Монголын баг ч байж болно. Энэ бол арилжааны банкаас тэс өөр. Хөгжлийн чиглэлээр удаан хугацаагаар, их хэмжээний зээл олгох чадвартай л байх нь бидэнд чухал. Хөгжлийн банкны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, хөрөнгийн хувьд 50, 100 сая биш, хэдэн зуун сая долларын зээл олгож чадах банкны талаар ярьж байна. Ийм хэмжээний мөнгийг олон улсын санхүүгийн зах зээл дээр босгож, зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж л чадвал гадаад, дотоодынх байх нь чухал биш. Хөгжлийн банкны удирдлагын багийн сонгон шалгаруулалтын дүнг ирэх арванхоёрдугаар сарын эхээр ялагчийг тодруулах байх. Засгийн газар уг банкны дүрмийн санд оруулах мөнгийг яаралтай шийдэх шаардлагатай. Одоо энэ талаар санаа зовох зүйлгүй. Би өөр байдалтай байсан нь үнэн. Одоо бол албан үүргийн дагуу Засгийн  газрын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх учиртай.

-Хэдийгээр арилжааны банкаас өөр үйл ажиллагаатай боловч их мөнгөний урсгал гэдэг утгаараа Хөгжлийн банкны удирдлагыг сонгох, ТУЗ-ийн гишүүнийг томилох зэрэг асуудлыг улстөрчдийн ашиг сонирхлын зөрчил тойрохгүй л байх?

-Засгийн газар хөгжлийн бодлогыг шийдвэрлэж байгаа. Энэ банк түүний санхүүгийн асуудлыг шийдэх учраас Засгийн газар, тэнд байр суурь эзэлж буй улс төрийн албан тушаалтнуудын сонирхол мөнхийн байж таарна. Үүнийг л зөв шийдвэрлэж цаашаа явахаас өөр аргагүй.

-Хөгжлийн банкийг хувьчилсан туршлага хэр арвин байдаг юм бэ. Татан буулгахад хүрвэл яах вэ?
-Онолын хувьд байж болох л байх. Яагаад гэвэл энэхүү хөгжлийн санд бүрдүүлэх хөрөнгө оруулалтад томоохон хувийн сангууд, магадгүй, Монголын томоохон хөрөнгөтнүүд ч оролцож эхэлнэ шүү дээ. Өнөөдөртөө бол байгуулж ажлыг нь эхлүүлж амжаагүй байгаа болохоор ярихад эрт байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компани ТУЗ, гүйцэтгэх захирлаа сонгохоос эхлээд анхаарлын төвд байна. Ажлаа багагүй хэл амтай эхэлж байна. ТӨХ-ны даргын хувьд та энэ талаар ямар байр суурьтай байна?
-Та дээр зөв хөндөж хэллээ. Хүний амьдралд олон янзын сонирхол байдаг. Тэдгээрээс хамгийн хүчтэй сонирхол бол өмчийн сонирхол юм. Нэгэнт энэ хүчтэй сонирхлын зааг дээр байгаа учраас олон сонирхол мөргөлдөж байна. Ингэнэ гэдгийг нь мэдсээр байж энэ албан тушаалыг хашиж байгаагийн хувьд гомдоод байх юм алга. Бэрхшээлийг зарчмаараа давж байна. Намайг анх ТӨХ-ны даргаар ирэхэд олон нийт энэ байгууллагыг ерөөсөө өмч хувьчилдаг л газар гэсэн ойлголттой байлаа. Тиймээс ч өмч хувьчлалыг хийгээд дууссан. Одоо хийх ажил байхгүй учраас ТӨХ-г татан буулга, Д.Сугарыг зайлуул гэсэн яриа намайг томилогдсоны маргаашаас эхлээд л гарсан. Үнэхээр өмч хувьчлалын ажлыг хийсэн учраас ТӨХ-ны үүрэг чиглэлийг өөрчилсөн. Танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн. Төрийн өмчид байгаа хөрөнгийг бүртгэх, хөдөлгөөнийг хянах, хамгаалах чухал үүргээ одоо биелүүлж байна. Засгийн газраас төрийн өмчийг бүрэлдэхээс нь эхлээд дуустал нь хянадаг байх, бүртгэл хяналтын  ажлыг шинэ түвшинд гаргаж интернэтэд концепцийн бүртгэлд оруулах энэ бүх  тогтолцоо бүрэн бүрэлдсэн. Нөгөөтэйгүүр төрийн өмчийг ашиглах ажил хангалтгүй байсан. Түрээсийн гэрээ, хяналтын асуудалд онцгой анхаарч хатуу хяналтад оруулсан. Мөн төрийн компаниудын менежментийг ил тод болгох, хөрөнгийн зах зээлд гаргах, IPO гаргах ажил ид дундаа явж байна. Таны асуусан Тавантолгойн асуудал ч үүнд хамаарна. “Эрдэнэс МГЛ” бол ТӨХ-ны дор ажилладаг 100 хувь төрийн өмчит компани. Эхний ээлжинд төрийн компаниудын бүх активыг нарийн бүртгэж нэгтгэсэн. Дараа нь тодорхой чиглэлээр ажилдаа орлоо. “Эрдэнэс МГЛ”-ийн дор “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдлаа. Тавантолгойн ордыг хоёр хуваагаад, нэгийг нь төр өөрөө ашиглахаар “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулж, нөгөөг нь гадны томоохон компаниудын дунд тендер зарлаж ашиглуулахаар болоод байгаа. Хоёулаа 100 хувь төрийн мэдэлд байна. Яагаад гэвэл, олон түмний хүсэл ийм байна шүү дээ.

-Төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани ямар өмчтэй вэ гэдгээс илүү хэн удирдах вэ гэдэг л илүү сонин байх шиг байна?
-Нэгэнт ард түмнийг төлөөлсөн төрийн өмчид байгаа учраас ТУЗ-ийн гишүүдийн ихэнх нь, есөн гишүүнтэй байдаг бол зургаа нь төрийн байгууллагаас одоогийн хууль тогтоомжийн хүрээнд томилогдох болж байна. ТӨХ тэднийг томилно. Уул уурхай, эдийн засгийн мэдлэг бүхий төрийн албан хаагчид энд хэрэгтэй. ТӨХ-ноос баталсан журмын дагуу тодорхой асуудал дээр хараат бус гишүүдийг томилно.

-Хараат бус хүнийг Монголоос олох амаргүй дээ?

-Ингэхдээ зүгээр нэг гудамжинд жагсдаг, зөвлөдөг хүмүүсийг томилохгүй. ТУЗ-ийн бүрэлдэхүүнд тодорхой хэмжээгээр олон нийтийн төлөөлөл орно. Үүнд л уул уурхай, эдийн засаг, олон улсын санхүүгийн зах зээл, үнэт цаасны талаарх мэдлэгээрээ шаардлага хангахуйц  хүмүүсийг олж томилох ёстой.

-Хяналтын зөвлөл гэсэн үг үү?
-Хяналтын зөвлөл нь бас тусдаа.

-Улс төрийн томилгоогоор хэчнээн хүн “шахах” бол. Заавал ийм хүмүүс орж ирнэ дээ?
-Хуулиараа бол улс төрийн томилгоо байх ёсгүй. ТӨХ өөрийн эрх мэдлийн томилох ёстой. Гэхдээ улс төр ерөөсөө энд орохгүй гэж би хэлж чадахгүй. ТӨХ шийдвэрээ гаргахдаа олон нийтийн саналыг ч, улс төрийн нөхцөл байдлыг ч харгалзахгүй бол гаргасан шийдвэр нь хэрэгжихгүй шүү дээ. Тиймээс улс төрийн яриа хөөрөө орох л байх.

-Сэдвээсээ хальсан асуулт тавья. Гэхдээ ТӨХ-той холбоотой. “Монголросцветмет” нэгдлийн Бор-Өндөрийн уурхайд осол гарч, уурхайчны амь эрсэдсэн. Он гарсаар “Монголросцветмет” нэгдлийн хэмжээнд хэд хэдэн удаа осол гарсан байна. ТӨХ тус компанийн удирдлагатай ямар хариуцлага тооцох вэ?

-Олон давтагдсан гэж би хэлж чадахгүй. Энэ бол том уурхай. Осол аваар гаргахгүйн төлөө ажилладаг ч золгүй тохиолдлоор мэр сэр гарсаар байна. Үүнтэй холбогдуулан ажил хариуцсан хүмүүсийг тухайн түвшинд нь сольсон. “Монголросцветмет” нэгдлийн удирдлагатай хариуцлагын асуудал ярьж байгаа. Дүнг нь ирэх арваннэгдүгээр сард болох зөвлөлийн хурал дээр танилцуулж шаардлагатай арга хэмжээ авна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

У.Оргилмаа
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж