
-Арьс шир үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл юу вэ. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэхэд нэн тэргүүний хийх ажил юу юм бол?
-Хамгийн тэргүүнд арьс ширний салбарыг аж үйлдвэр, технологи паркын бүтэц зохион байгуулалтад оруулах шаардлагатай гэж үздэг. Яагаад гэвэл энэ салбарыг системтэй бодлоготой, технологийн шинэчлэл хийх замаар хөгжүүлэх ёстой байгаа юм. Хуучин арьс ширний салбар Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг дангаараа үйлдвэрлэдэг байсан бол одоо бол 0.1-хэн хувьтай тэнцэх болж… Мөн арьс ширээр эцсийн бүтээгдэхүүн хийж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортын чиглэлтэй бүтээгдэхүүн болгоход анхаарах ёстой. Ингэсэн цагт түүхий эдийн үнэ өсч, малчид, үйлдвэр эрхлэгчдэд нөлөөлж, ажлын байр бий болно. Цаашдаа Монголын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бололцоотой болно. Хоёрдугаарт, Монгол Улсад импортоор орж ирж байгаа арьс шир боловсруулах химийн бүтээгдэхүүнд анхаарах цаг болсон. Чанартай, чанаргүй химийн бүтээгдэхүүн оруулж ирж байхаар түүнийг орлох бүтээгдэхүүнийг Монголдоо хийе. Тэр үйлдвэрээс авсан гэдэг баталгаа гарна. Гуравдугаарт, түүхий эдийн санг бий болгох ёстой. Арьс шир бэлтгэл улирлын чанартай учраас сан бий болгож, бүтээгдэхүүнээ татах чухал асуудал байна. Дөрөвдүгээрт, түүхий эдийн чанарт анхаарах шаардлагатай.
-Түүхий эдийн чанарт анхаарна гэхээр малчдаас ченжүүдийн гарт ирж байгаа үйл явц хамаарна гэж ойлгож болох уу?
-Үндсэндээ түүхий эдийг бэлтгэх, хадгалах, тээвэрлэх асуудал чухал учраас Хөдөө аж ахуйн бирж байгуулахыг шуурхайлах ёстой гэж үзэж байгаа юм. Цаашдаа арьс ширний салбарт эрдэм шинжилгээ судалгааны томоохон хүрээлэнг ажиллуулах ёстой. Шинэ шинэ лабораторитой болсон цагт энэ салбар хөгжинө. Дэлхийн хөгжлөөс бид 10 жилээр ухарчихсан явж байна. Дээр нь бид уламжлалт мал аж ахуйнхаа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолдог болбол монголчууд сайхан амьдрах эдийн засгийн том гарц бий болно.
-Үйлдвэрлэлээ хөгжүүлж ажлын байр бий болгохын зэрэгцээ өрсөлдөх чадвар чухал байх шиг. Өмнөд хөршийн арьс ширний салбар үсрэнгүй хөгжчихсөн, манайх түүхий эд бэлтгэн нийлүүлэх бааз нь болчихоод байгаа шүү дээ?
-Манай түүхий эдийн чанар муу биш ч, түүнийг боловсруулдаг технологи хоцрогдчихсон. Тийм учраас бид дэлхийн шилдэг техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал чухал байна. Тэгээд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах. Бид өмнөх шигээ цагаан ултай гутал хийгээд экспортолж болохгүй учраас дэлхийн технологийг хэрэглэх ёстой. Энэ утгаараа технологи нутагшуулах асуудал чухал юм. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаадын компаниудтай хамтарсан, хоршсон компани байгуулах ч бас чухал. Эргээд тухайн улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг тэр зах зээлийг бий болгох ёстой. Алийн болгон бид бүтээгдэхүүнээ хагас боловсруулсан байдлаар гаргаж, эргээд түүнийгээ өндөр үнээр худалдаж авдаг байх юм. Энэ байдлаас гарахад үндэсний үйлдвэрлэгчдээ дотоодын зах зээл дээрээ дэмжих ёстой.
-Жишээлбэл, ямар байдлаар дэмжинэ гэж?
-Хүчний байгууллагын хангалтын хувцсыг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах боломжтой. Тендер гэдэг юмаар асуудлыг урьдчилж тавиад, өөрийнхөө түүхий эдийг хямд үнэтэй гадаад руу гаргачихаад, түүнийг нь эцсийн бүтээгдэхүүн болгочихсон үед өндөр үнэтэй авдаг байж таарахгүй. Тийм учраас энэ асуудлыг өөрчлөх цаг болсон. Үүнийг өөрчлөхийн тулд арьс шир үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох нь чухал байна.
-Та “Техник технологио шинэчлэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Дотоодын үйлдвэрүүд өөрсдийнхөө бололцоонд тулгуурлан техник технологио шинэчлэх бололцоотой юу. Өнгөрсөн хугацаанд арьс ширний үйлдвэрүүд техник технологио шинэчилж чадаагүй нь юутай холбоотой вэ?
-Нэгдүгээрт, түүхий эдийг нийлүүлэх нэгдсэн сүлжээ алдагдсан. Хоёрдугаарт үйлдвэрүүдэд тогтвортой байнга ажиллах нөхцөл бололцоо байгаагүй. Яагаад үйлдвэр ажиллах бололцоогүй байв гэхээр цэвэрлэх байгууламж ажиллахгүй болохоор Мэргэжлийн хяналтын газраас хаачихдаг. Хаачихаж байгаа учраас олон улсын байгууллага зээл олгодоггүй. Үйлдвэрүүд хэзээд ч хаагдаж мэдэх баталгаагүй учраас. Одоо үйлдвэрүүд хэвийн ажиллах бололцоо хангагдаад ирэхээр зээл олгох нөхцөл бүрдчихэж байгаа юм. Дээр нь үйлдвэрүүд өөрсдийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад зээл авах бололцоотой. Мөн Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл, олон улсын төсөл, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас энэ салбарыг дэмжээд урт хугацааны бага хүүтэй зээл олгох юм бол технологийн шинэчлэл хийх бололцоо бий. Нано технологи нэвтрүүлэх бололцоо ч байгаа. Бид ингэж чадвал энэ салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгох боломжтой. Гол нь бид юу хийх вэ гэдгийг сайн бодох ёстой.
-Төлөвлөсөн зүйл байдаг уу?
-Монголын арьсаар гутлын ул, өлмий хийхэд маш тохиромжтой эдэлгээ даах чадвартай. Түүнийг хийгээд экспортод гаргая л даа. Заавал бид “Бойнг” онгоцны салонь хийх гээд, “Тоёота” машины гийн бүрээс хийх гээд хэрэггүй гэж бодож байна.
-Хөдөө аж ахуйн бирж байгуулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Арьс шир үйлдвэрлэлийн салбар хөгжихөд хэр дэмжлэг үзүүлэх бол?
-Хуулийн төсөлд засч залруулах зүйл бий. Тэгэхдээ таалагдаж байгаа. Хөдөө аж ахуйн бирж байгуулж байж, түүгээр дамжуулж бүтээгдэхүүнээ авах ёстой. Ингэснээр үйлдвэрүүдийн шаардлага хангасан бүтээгдэхүүн бий болно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийг үйлдвэрлэгчтэй, нийлүүлэгчийг үйлдвэрлэгчтэй шууд холбох боломжтой болох юм. Одоо бол захын нэг ченж арьс ширийг малчдын гар дээрээс авч, түүнийгээ янз бүрийн байдлаар сунгачихдаг, тэр нь үйлдвэрлэлийн технологид таарахгүй, цоорох зэргээр эцсийн бүтээгдэхүүн болгох боломжгүй болгож байгаа учраас бирж байгуулагдах нь маш чухал.
-Энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа тухай дуулддаг. Төрийн бодлого дутагдаад байна уу?
-Хуучин энэ салбар дээр томоохон хүрээлэн ажиллаж байсан. Энэ уламжлал одоо алдагдсан. Одоо энэ салбар дахь мэргэжлийн боловсон хүчин гэвэл хууцчуулаа л ярихаас шинээр бэлтгэгдсэн боловсон хүчин ховор. Сургууль төгссөн боловсон хүчний хувьд ч тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бага байгаа. Тийм учраас бид Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсролын сургалтын төвд хандаж, зөвхөн уул уурхайн мэргэжилтэй ажилтан хүчин бэлтгэнэ гэж явцуурхах биш, арьс шир үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтнийг бэлтгэдэг болмоор байна гэдэг асуудлыг тавьсан. Мөн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдтай энэ асуудлыг ярьсан. Энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах, тогтвортой ажиллуулах асуудал маш чухал.