
“Эдийн засаг мэддэггүй” 50 тэрбумтан шагнуулсангүй
МҮХАҮТ-аас УИХ-ын нэр бүхий 26 гишүүнд “Эдийн засгийн эрх чөлөөний шагнал” олгосноо зарлаж, зураг хөргийг нь нэгэн сэтгүүлийн хуудаснаа байрлуулжээ. Энэ оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ нь энэ аж. Хууль тогтоогч эрхмүүдэд хөндлөнгийн үнэлгээ өгч, оноогоор уралдуулж, бизнесийн орчин болон эдийн засгийн эрх чөлөөнд хамгийн ихээр сэтгэл зовниж, хууль санаачилж, өндөр дуугаар донгодсон гэж үнэлсэн юм байх. Үнэн чанартаа энэ шагнал нь хувьдаа томоохон компани, корпорацитай гишүүдийг шалгаруулсан хэрэг болсон юмдаг уу даа, янз нь. Парламентаар хэлэлцсэн улс орны эдийн засаг, бизнесийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх хууль тогтоомжийг дэмжсэн, санаачилсан, хувийн хэвшлийг хэрхэн өмгөөлж хамгаалав гэдгийг гол үзүүлэлт болгон шалгаруулсан юм билээ. Тэгэхээр хувьдаа бизнестэй төрийн түшээд өөрсдийн эрх ашиг, ашиг орлогын төлөө, бизнесийн эрхзүйн орчноо сайжруулахын тулд дуугарахгүй гээд яахав. Дуугарч л таараа. Буруу юу байхав. Бизнес бол бизнес. Хувийн бизнесээ өргөжүүлэхийн тулд ярьж л таараа, эрх мэдэл нь байгаа болохоор дэмжиж л таарна биз дээ.
Шагнуулсан түшээдийн хэн нь хэн бэ гэдгийг монголчууд сайн мэдэх тул олныг нуршаад яахав. Дээрх нэр бүхий 26 гишүүн бүгдээрээ л хувьдаа бизнестэй, үндэсний томоохон компаниудын хувьцаа эзэмшигчид. Уг нь 76 гишүүн бүгдээрээ л ар өвөртөө компанитай, сургуультай, өмчтэй. Гэхдээ 26, 26-гаар нь ээлжлээд шагнах байх л даа. Эхний удаад Ч.Хүрэлбаатар гишүүнээр тэргүүлүүлсэн төрөөс төрсөн 26 тэрбумтныг шалгаруулсан байна. Өөрийн бизнесийн ашгийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүний сандал ширээг хэрхэн ашигладгийг үлгэр жишээчээр харуулсан ганц хоёрхон жишээг дурьдаж болох юм. УИХ-ын гишүүн, АПУ компанийн эзэн Г.Батхүү л гэхэд өнгөрөгч оны эхээр архи, пивоны үнийг 500-1000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр санал санаачилга гаргаж, архины үнийг нэмчихээр архичдын тоо багасна хэмээж байсныг санаж байна. Архичид яг цөөрч харагдана л даа. Гуялаад, мөчлөөд мөнгөө тэнцүүхэн нийлүүлж байгаад 4500 төгрөгөөр “Ерөөл” аваад уучихаа тэд хэнээр ч заалгахгүй юм чинь. Бас тэрбээр оройн 22 цагаас хойш хүүхдүүд унтчихдаг болохоор архи, пивоо телевизүүдээр сурталчилж болно гэсэн санаачилгыг саарал ордонд яриад сууж байсныг мэдэх юм. Д.Оюунхорол гишүүний тухайд саяхан Хүний хөгжил сангаас олгож буй 500 мянган төгрөгийг оюутнуудын сургалтын тэтгэлэг хэлбэрээр олгох тухай хэлэлцэхэд дөрвөн мөчөө өргөх нь холгүй дэмжиж байгаа юм. “Отгонтэнгэр”, “Орхон” хоёртоо сурдаг оюутны тоог 500 мянгаар үржүүлж бодчихоод инээд нь хүрч суусан биз. Ч.Улааныг бас дурьдаж болно. Тэр бас л өнгөрөгч жил зөөлөн суудлаа ашиглан “Мянганы зам” тавих нэрээр хөөрхөн мөнгө завших үүдээ нээсэн гэдэг. Улаан овоогийн нүүрсний орд газартай байгуулсан 15 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээг баталсан хэмээн сайрхаж суусан. 2003 оноос эхлэх ёстой байсан гэрээт ажил өнөөдөр ч эхлээгүй гэдгийг нь сүхбаатарчууд гэрчлэх биз ээ. Зүүн чигийн алт эрдэнэс, уул уурхайн олборлолт ашиглалтыг Ч.Улаан гишүүн сайн мэднэ. Хэнтэй хувааж, яаж зохицуулж ашиглаж болохыг. Монголбанкны О.Чулуунбат ч мөн ялгаагүй. Оросын “Кредит траст” банктай дотносох нэрийдлээр Монголын 10 сая ам.долларыг тавьж туучихаад хууль хяналтынхнаар шалгагдаж байгаа. Одоогийн Сангийн яамыг толгойлж буй С.Баярцогт ч улаанбуудайн гаалийн татварыг нэмэх талаар санал гаргаж, УИХ-аар хэлэлцүүлсэн санагдаж байна. Улаан буудайн бизнес эрхэлдэг “Товхон хан” компанитай тэрбээр улаанбуудайн гаалийн татварыг нэмснээр өөрийнх нь бизнест овоо ашиг унана хэмээн тооцоолсон байж. Харин гишүүд үүнийг нь дэмжээгүй.
Энэ мэтчилэн 26 шилдэг “бизнесийг дэмжигчид”-ийн талаар бичээд байж болох. Жагсаалтад орсон гишүүдийн тухайд Н.Батбаяр “Монгол түлхүүр”, “Лемур”, “Жаргалан сервис” компаниуд, “Цэцэрлэг Ар” ББСБ-ын хөрөнгө оруулагч, Ж.Энхбаяр “Газар сүлжмэл”, “Газар партнер”, “Газар” ХХК, “Улиастай таун”-ын хувьцаа эзэмшигч, Д.Зоригт “Монголшуудан банк”, “Одод”, “АСУ”, “Орхонбулаг”, “”Орхон хөгжил”, “Миг даатгал” зэрэг 16 компани, Х.Бадамсүрэн “Сайн менежмент”, ”Магнай тотал”, шадар сайд М.Энхболд “Говь”, “Улаанбаатар зочид буудал”, “С.Бямбацогт “Ньюпрогресс”, “Алтай трейд” зэрэг 14 компани, Ц.Даваасүрэн “Ди Эл Өү”, “Зоос банк”, Ц.Сэдваанчиг “Бридж групп”, “Сод эрч” компани, Д.Энхбат “Датаком”, “Мэжикнэт” компани гээд хувь эзэмшдэг бизнесийн байгууллагуудын өдий зэрэгтэй яваа, өөдөлж дэвшиж явааг эдэнтэй холбож ойлгохоос аргагүй. Хуулийг баталж, мөрдүүлэх ёстой энэ эрхмүүд өөрсөддөө ашигтай хууль баталж, түүнийхээ үр шимийг төвөггүйхэн хүртчихдэг. Ингэж аягласныхаа төлөө шагнуулж байгаа юм байна л даа.
УИХ-ын гишүүдийг шалгаруулахын тулд зэрэглэсэн үзүүлэлтүүдийг хараад байхад, байгаль орчин, ногоон эдийн засгийн талаархи хууль тогтоомж санаачлах, боловсруулах дэмжих тал дээр бол ямар ч “но” алга аа. Харин бусад үзүүлэлтүүдийн хувьд уулзаж учирч, ярьж хөөрч, ууж идэж, өгч авалцсаных нь төлөөх шалгаруулалт гэж хэлж болохоор. Бизнесийнхний санал бодлыг сонсч холбогдох хуульд тусгасан байдал гэсэн үзүүлэлт үүнийг нь баталж буй мэт. Өөрөөр хэлбэл хорыг хамгийн сайн найруулагч, жор сайн баригч эхний 26 гишүүнийг тодорхойлчихсон юм биш үү, аан. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг амьтны хэл амнаас жаахан хол байгаад байдаг З.Алтай гишүүн эдэн дунд цохиж явна лээ. Бас болоогүй ээ, хамгийн бага оноо авч 26 дугаарт нь жагссан байгаа юм. Ангийн нөхдөө бодвол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ганцхан “А энд Жааг” компаниа оруулсан болохоор энэ нөхрийг лав зүгээргүй гэж үзсэн бололтой юм. Ингэж мушгиж ойлгож болж байна. Бас жендер мендер яриад ядаргаатаад байдаг болохоор нь эмэгтэй гишүүдээс Д.Оюунхоролын эдийн засгийн хөгжилд оруулсан үнэтэй “хувь нэмрийг” нь онцгойлон үнэлсэн юм болов уу. Лу. Гантөмөрийн хувьд төрийн мөнгийг хэмнэж, өөрийнхөө мөнгөөр бензинээ хийж төрийн албыг залгуулдаг “хүнлэг” чанар нь энэ жагсаалтын хоёрдугаарт ороход нөлөөлсөн бололтой юм. Үнэн хэрэгтээ төрийн албанд хувийн мөнгөө зарцуулдаг тэнэг хүн өнөө цагт байх уу даа, ер нь. Я.Батсуурь, Д.Дондог гэхчлэн байнд ч үгүй, банзанд ч үгүй нөхөд энэ шагналд нэр дэвшсэн нь харин сонирхол татаад болдоггүй. “Монгол мал” гэдэг амьдралаас тасарчихсан төсөл санаачилснаараа л “эдийн засгийн эрх чөлөөтэй” сэтгэгч болдоггүй юм бол Элчин сайд асан Я.Батсууриар яахнав дээ. Д.Дондог ч дээ, УИХ-ын танхимд бүү хэл, тойргийнхоо сонгогчдыг ганц удаа эргэчихдэггүй хүн, яаж яваад энэ жагсаалтын 13-т цохиж явдаг байна аа. Мөн хачин аа. Энэ мэтээр элдэвлээд өөлөөд байвал үргэлжлээд байх төлөвтэй тул ингэсгээд орхих уу даа.
Бусад гишүүд иймхэн юмаар үнэлэгдчихэж чадахгүй өөдгүй амьтад юм аа. Гэтэл айлын хүүхдүүд ийм айхтар гэдэг шиг 26 нөхөр чинь эдийн засгаар чөлөөтэй “амьсгалсныхаа” хүчинд “Эдийн засгийн эрх чөлөөний шагнал” хүртчихлээ шүү дээ. Намтарт нь нэг гуншин нэмэгдлээ гэсэн үг. Сонгууль эхэлчихээд байхад энэ мэт нэр цуу хэнд маань ч хэрэгтэй дээ, уг нь.
Б.ОЮУ.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.