Олимпийн аварга БТСГ-т зочлов

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга БТСГ-т зочлов

БНСУ-ын нэрт тамирчин, 1992 оны Барселоны олимпийн марафон гүйлтийн аварга Хван Юн-Чо болон БНСУ-ын спортын төлөөлөгчид түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын хөнгөн атлетикийн холбооны урилгаар манай улсад ирлээ. Хван Юн-Чо Каталоны нийслэлд болсон Зуны олимпийн ХХV наадамд 42.195 км зайг 2:13:23 цагт туулж, алтан медаль хүртсэн алдартай нэгэн. Холын зайн гүйлтэд алдартай Африк тивийнхэн болон Япон, Герман, Испанийн шилдэг тамирчид байсан ч бэлтгэл сайтай Хван Юн-Чог яаж ч чадалгүй урдаа алдсан юм. Марафон гүйлт нь анхны олимпийн наадмын хөтөлбөрт орсноос хойш өнөөг хүртэл байгаа, хамгийн нэр хүндтэй төрөл. Хүн төрөлхтөний спортын наадмын сүүлийн өдөр болох марафоны ялагчийг “Олимпийн баатар” хэмээн өргөмжилдөг билээ. Олимпийн марафоны түрүүг олон жилийн дараа авчирсан болохоор 1992 оны наймдугаар сарын 9-нд Солонгосын ард түмэн баяр хөөрт умбаж байсан түүхтэй. Өдгөө Хван Юн-Чо дасгалжуулагч болж, хойч үеэ бэлдэх үйлст ханцуй шамлан оржээ.
Олимпийн аваргыг өчигдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Солонгосын тал манай улсын марафоны хоёр тамирчны зардлыг дааж, нутагтаа бэлтгэл сургуулилалт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. БНСУ-ын Спортын салбарын санхүүгийн хэлтсийн дарга Ким Жэ-Жэн “2011 онд Тэгүд болох хөнгөн атлетикийн ДАШТ, 2014 онд Инчонд болох Азийн тоглолтод Монголын тамирчид амжилттай оролцохыг хүсч байна” хэмээсэн. Ч.Наранбаатар дарга урилгыг дуртайяа хүлээн аваад “Монгол Улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Жилийн ихэнх хэсэг нь хүйтэн байдаг. Тиймээс олимпийн аварга мундаг тамирчдын удирдлага дор олимпод оролцох тамирчдаа бэлтгэл хийлгэх нь сайхан хэрэг” гэлээ. БНСУ-ын олон улсын марафоны тэмцээн гурав болон дөрөвдүгээр сард болдог тул тамирчдаа алинд нь оролцуулахыг шийдээд, гурван сарын өмнө бэлтгэл хийлгэж эхлэхийг хүсэв. Энэ үед өвлийн улирал таарах тул хөнгөн атлетикчид Чежү арал дээр нэмэх градусын дулаанд бэлтгэлээ хийх гэнэ. Марафон гүйлтийн тамирчин өвөл хэр зэрэг бэлтгэл хийхээс амжилт нь шууд хамаардаг. Энэ удаа сонгогдох хоёр тамирчин өндөр амжилт үзүүлбэл дараа дараагийн олон тамирчдыг дуртай хүлээн авахаа Солонгосын тал илэрхийллээ. БТСГ-ын дарга хариуд нь “Манай тамирчид ирэх онд Лондоны олимпийн эрх олгох олон тэмцээнд оролцоно. Тэмцээнүүдийн графикийг зөрүүлээд, Чежүд очвол сайхан хэрэг” гэв. Тэрбээр Монголын шилдэг тамирчин Б.Сэр-Одын тухай ярилаа. Б.Сэр-Од Германы Берлин хотод болсон олон улсын нэр хүндтэй марафонд оролцсон 35 мянган хүнээс аравдугаар байр эзэлсэн сайхан мэдээг өчигдөр хүлээн авчээ. 42 км замыг 2 цаг 12 минутад туулсан байна. Энэ нь хувийн дээд амжилтаа хоёр минутаар ахиулсан үзүүлэлт юм. Олимпийн аварга Хван Юн-Чо Б.Сэр-Одыг гайхалтай амжилт үзүүлснийг тэмдэглээд, “ДАШТ-ий норматив 2 цаг 17 минут байдаг. Тиймээс танай тамирчин “Тэгү-2011”-т оролцох юм байна. Бид Монголын шилдэг тамирчдыг бэлтгэж, илүү өндөр амжилт гаргахад нь туслахад бэлэн байна” хэмээсэн.

Үүний дараа хүндэт зочид БТСГ-ын хурлын танхимд болсон МХАХ-ын 50 жилийн ойн хурлын ажиллагаанд оролцлоо. Ч.Наранбаатар дарга хурлыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Лхагвасүрэн МХАХ-ны 50 жилийн ой сайхан болж буйг тэмдэглээд, энэхүү спортын хөгжлийн тухай ярьсан. Тэрбээр холбооны 50 жилийн ойд БНСУ-ын төлөөлөгчид ирсэнд баярласнаа илэрхийлж, Гуулин улсын ард түмнийг өвөл, зуны олимпийн наадамд жигд амжилттай оролцдог, дэлхийн спортын тэргүүлэх гүрэн хэмээн магтав. Дараа нь МХАХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар БНСУ-ын Спортыг дэмжих сангаас албан ёсны баярын захиа ирүүлснийг дурдаж, уншиж сонордууллаа. Захианд энэ оны долдугаар сард БНСУ, Монголын хөнгөн атлетикийн холбоодын дунд эгч, дүүсийн харилцаа тогтсоныг дурдаад, хоёр улсын хооронд бүх спортыг хөгжүүлэх гүүр болохыг онцолжээ. Хурлын төгсгөлд МХАХ хүндэт зочдод дурсгалын зүйл гардуулсан бол БТСГ дээд шагнал болох “Спортын алдар” одонгоор энгэрийг нь цооллоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга Ч.Наранбаатар өөрөө хөнгөн атлетикийн спортын мастер бөгөөд спортынхоо түүхт ойн ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм. “Барселона-1992” олимпийн аварга Хван Юн-Чоны ярилцлагыг манай сонины маргаашийн дугаараас уншаарай.

Зургийн тайлбар: БТСГ-ын дарга Ч.Наранбаатар “Барселона-1992” олимпийн аварга Хван Юн-Чонд “Спортын алдар” одон гардууллаа

Д.НАНЖИД.

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж