Валютын бодлого алтны үнийг хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Валютын бодлого алтны үнийг хөөргөжээ

Алтны ханш тэнгэрт хадаж, дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн баасан гарагт Лондонгийн металлын бирж дээр нэг унци алт 1300.07 ам.долларт хүрсэн байна. Энэ нь ам.долларын ханш буурсантай холбоотой хэмээн ажиглагчид тайлбарлажээ. Ам.долларын евро­той харьцах ханш өнгөрсөн долоо хоногийн эцсээр нэг хувиар буурсан. Үүнээс болж цаасан мөнгийг орлож чадахуйц үнэт металл хэ­мээн нэрлэгддэг алт руу хөрөнгө оруулагчид хошуурах болжээ. Өнгөрсөн 2000 онд нэг унци алт 258 ам.долларын ханштай байсан. Гэтэл тэр үеэс хойшхи 10 жилийн хугацаанд ханш нь ойролцоогоор тав дахин чангарчээ. Эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй болох үед хамгийн найдвартай, үнэ өртгөө алдахгүй хадгалж чаддаг нь алт учраас ингэх ч аргагүй. Алтны ханш өсөхөд нөлөөсөн өөр нэг зүйл бол хурдацтай өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орнууд. Энэтхэг, Хятадын хөрөнгө оруулагчид алт, алтан эдлэлийн эрэлтийг нэмэгдүүлж байгаа аж.

Сүүлийн үед хөрөнгө оруу­лагчдын зүгээс цаасан валютад итгэх итгэл суларч байгааг ажиг­лагчид онцлох болсон. Японы Засгийн газар иений ханшийг бууруулах зорилгоор их хэмжээний ам.доллар худалдан авч байгаа. Швейцарийн төв банк франкийн ханшийг сулруулахын тулд еврогийн эсрэг “дайн” зарласан. Английн төв банк энэ сараас эхлэн валютын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болсон тухай мэдэгдсэн билээ. Европын төв банкны хувьд Евро бүсийн орнуудын санхүүгийн зохицуулагчдыг илүү уян хатан бодлого явуулахыг шаардаж эхэлсэн. Үүнээс өмнөхөн Хятадын бодлого боловсруулагчид юаниа ам.доллараас уяж байв. Энэ бүхнээс сургамж авч, АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн билээ. Санхүүгийн зохицуулагчид гадны орнууд өөрсдийн валютыг ам.доллараас уяж, дураараа дур­гихыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ ч анхааруулсан. АНУ-ын эдийн засгийг сэргээхийн тулд зах зээлд их хэмжээний ам.доллар гүйлгээнд гаргахаар болсон би­лээ. Тэд Японы Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын яг эсрэг нь хөдөлж байгаа юм. Энэ нь мөн л олон улсын валют арилжаанд нөлөөлж эхэллээ. Зах зээл дээр эргэлдэх ам.долларын хэмжээ нэмэгдэхийн хэрээр ханш нь суларна. Улс орон бүр валютын ханшаа сулруулж, үйлдвэрлэгч, экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг сайжруулах боллоо. Ингэснээр алт тэргүүтэй бусад түүхий эдийн ханшийг өсгөж, хөрөнгө оруулагчид үнэт металл руу хошуурах замыг нь засаж байгаа юм. Энэ бүхэн нь дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн хэрэгжүүлж буй шинэ бодлогын үр дүн хэмээн ганцхан үгээр хэлж болно.

Үүнээс гадна ерөнхийдөө оны эцсээр алтны ханш өсөх хандлагатай болдог билээ. Томоохон зах зээлтэй орнуудад уламжлалт баяр наадам болох нь ихэсч, энгийн иргэд нь алтан эдлэлийн эрэлтийг нэмэгдүүлдэг. Үүнээс болж хувьцааны зах зээл хямралд орж, бондын өгөөж буурах нь бий.

Өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркийн Арилжааны бирж дээр ирэх арванхоёрдугаар сард ний­лүүлэлтэд гарах нэг унци алтны ханш 1298.10 ам.долларт хүрсэн аж. Харин өчигдөр худалдаанд гарахдаа нэг унци нь 1301.60 ам.доллар болж, нэмэгдсэн байна. Алтнаас гадна мөнгөний  ханш ч өсчээ. Ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэлтэд гарах нэг унци мөнгөний ханш 19 центээр нэмэгдэж, 21.39 ам.долларт хүрсэн аж. “Коммерсбанк”-ны шинжээчид алт, мөнгө зэрэг үнэт металлын ханш ойрын хугацаанд өсөх хандлагатай байгааг онцлох болсон.

Нэг талаас алтны эрэлт их байгаа. Нөгөө талаас нийлүүлэлт нь ч мөн дутахгүй байна. Австралийн “BHP Billiton” тэргүүтэй компани алтны олборлолтоо нэмэгдүүлж, борлуулалт нь нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Гэхдээ зарим ажиглагчийн тайлбарлаж байгаагаар алтны үнэ өндөр байгаад бус ам.долларын ханш хэт суларч буйгаас ийм үр дүнд хүрч буй аж. Ойрын таван жилийн дотор  нэг унц алт 5000 ам.долларт хүрнэ хэмээн тайлбарлагсад ч цөөнгүй байна. Үүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаагаас цаашид хөрөнгө оруулагчид эрсдлээс сэргийлж алт худалдан авах нь ихэснэ гэдгийг онцолжээ.

Японы хувьд ч мөн л иений ханш дээш доошоо огцом хэлбэлзэх магадлалтай байгаа учир хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хүлээж чадахгүй. Харин оронд нь алтны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэх таамгийг эдийн засагчид гаргаад байгаа юм.

Энэ оны хоёрдугаар улиралд алтны эрэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулаахд 36 хувиар нэмэгдэж, 1050 тоннд хүрсэн бай­на. Алтаар хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ 118 хувиар өсч, 534.4 тоннд хүрсэн мэдээг Дэлхийн алтны зөвлөлөөс гаргажээ. Харин нийлүүлэлтийн хувьд энэ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс зургаан хувиар нэмэгдсэн мэдээ байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж