Монголын банкууд сайн дураараа нэгдэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Монголын банкууд сайн дураараа нэгдэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Төсвийн хяналтын дэд хорооны дарга Д.Зоригтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Монголын ардчилал 20 нас хүрсэнд баярлаж, талархах хүн олон.
Тэдний цаана харгис капитализм хэмээн амьдралынхаа хүнд хэцүүг тохох
олны сэтгэл зүй ч бага биш. Харин таны хувьд энэ 20 жилд ямар үнэлэлт,
дүгнэлт өгдөг вэ?

-Ардчиллын 20 жилд алдаа, онооны аль аль нь л бий. Социализмын үед ядуу хүн их олон байсан. Ер нь бүгдээрээ л ядуу байсан байх.

Үүнийг одоогийн 35-аас дээш насныхан бол их сайн мэдэж байгаа. Тэр үед
баян хүн гэж байгаагүй. Дээд талын хадгаламжтай хүн 30 мянган
ам.доллартай л байсан гэдэг. Тэр цагаас хойш бий болсон давуу талыг
тоочвол олон үзүүлэлт гарна. Гэхдээ Монголын төр бүх хүнээ аятайхан
амьдралд хүргэх болоогүй байгаа нь үнэн. Цаг хугацааны хувьд богино
байна. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд бүх хүнд боломж олгосон. Би үүнийг
их том давуу тал гэж бодож байгаа. Хэн ажиллаж, хэн бүтээж, хэн
боломжийг ашиглаж байна тэр айл, хамт олон сайн орлоготой, сайхан
амьдарч байна. Энэ боломжийг бүгд ашиглаж чадаагүй шүү дээ. Аль ч
нийгэмд ийм л байдаг. Тэр ашиглаж чадаагүй хэсэгт нь бухимдал, эргэлзээ
төрж байгаа. Үүнийг харин яаж тэгшитгэж, боломж олгох вэ гэдэг дээр улс
төрийн намууд одоо ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй.

-Та боломжийг яг ямар байдлаар тодорхойлж байгаа юм бэ. Өнөөдөр
өдөр, шөнөгүй амьдралынхаа төлөө зүтгэсэн, ажилласан олон мянган иргэн
зөвхөн талх, хоолны мөнгөө л олдог. Энэ хязгаарлагдмал нөхцөл байдлаас
өөрийн тань хэлээд буй тэр боломжийг бүрдүүлэх нь хэцүү юм биш үү?

-Боломж гэдэг нь хувийн бизнестэй, хувийн компанитай болох боломжийг хүн
бүрт л ардчилсан нийгэм олгосон. Мэдээж Монголын дундаж цалингаар
сайхан амьдрах боломжгүй нь үнэн. Хүрэлцээтэй амьдрах ч боломжгүй нь
үнэн. Гэхдээ бид нар 20 жилийн дотор нийгмийн амьдралыг бүхлээр нь
өөрчлөөд, өргөс авсан юм шиг болгоно гэж байхгүй. Болоогүй байна.
Магадгүй дахиад 15 жилийн хугацаанд иргэд нь сайтар хөдөлмөрлөж, төр
засаг нь ухаалаг бодлого хэрэгжүүлбэл энэ нөхцөл байдлыг сайжруулж
чадна. Тэр үед Монгол Улс Азийн амьжиргааны дундаж түвшинд хүрэх болов
уу. Тэгэхгүй бол 20 жилд нийгмийн асуудлаа бүрэн утгаар нь шийдсэн улс
орон дэлхийн хаана ч байхгүй. Манай монголчууд амьдралаа дандаа дэлхийн
өндөр хөгжилтэй Америк, Япон, Европын орнуудтай харьцуулж хардаг. Наад
зах нь Өмнөд Солонгостой харьцуулдаг. Гэтэл энэ улсууд чинь ихэвчлэн
зуу, зуун жилээр капитализмын чиг шугамаар явж ирсэн. Энэ ялгааг хүмүүс
ойлгох ёстой. Тэвчээртэй ажиллах ёстой, зүтгэх ёстой.

-Таныг Монголын тэргүүн хөрөнгөтнүүдийн дунд дээгүүр эрэмбэд
жагсдагийг бүгд мэднэ.Тэр утгаараа анх олж харсан боломж тань юу байсныг
хэлэхгүй юу?

-Би анх 1991 онд бизнесээ эхлүүлж байсан.

-Та хэдэн настай байсан бэ?

-Би чинь 31-тэй байсан юм байна. Харьцангуй залуу байсан байгаа биз дээ.
Тэгэхэд би Гадаад худалдаа, хангамж гэж том нэгдлийн нэгдүгээр орлогч
захирлын албатай харьцангуй байр сууриа олсон байсан л даа. Тэгээд
нийгэм шилжихтэй зэрэгцээд санаачилгаараа “Би хувийнхаа чадварт
тулгуурласан хувийн бизнестэй болно. Энэ боломжийг шинэ нийгэм бидэнд
олгож байна ” гээд л өргөдлөө өгөөд, ажлаасаа гарсан. Тэгж л тэгээс бүх
зүйлийг эхлүүлсэн.

-Тэгээс эхлүүлнэ гэдэг нь таны хувьд ямар үзүүлэлт байв?

-Тухайн үедээ банкны зээл авч, Орос, Хятадын дунд наймаа хийсэн. Энэ
утгаараа би ардчиллын үр шимийг хүртсэн хүмүүсийн бодит жишээнд өөрийгөө
орох болов уу гэж хардаг.

-Өнгөрсөн хугацаанд шантармаар үе хэр олон тохиолдсон бэ. Зарим хүмүүс таныг ногоон гэрлээр явсан гэж хэлэх нь бий?

-Гаралгүй яах вэ. Бүх зүйл дээшээ өгсөөд, дардан замаар явсан үе гэж
огтхон ч байхгүй. Өнгөрсөн 20 жилд би болон манай хамт олон асар их
бэрхшээл туулсан. Маш их дарамттай учирч байсан. Нэлээд олон удаа шатаж
байсан. Банкны өр, зээл шахагдаад давчдах үе байсан. Гэхдээ тэр бүхэн
туулах л ёстой, давах л ёстой үе байлаа.

-УИХ-ын гишүүн гэдэг бол нийгэмд, иргэдэд боломж олгох ёстой алба. Энэ утгаараа та асуудлыг шийдэх гарцыг хэрхэн харж байгаа вэ?

-Би Өвөрхангай аймгаас сонгогдсон. Миний анхнаасаа тавьсан зорилго бол
улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх. Хүн бүр үйлдвэрлэгч
болохыг оролдох ёстой. Өөрийн гэсэн аж ахуйтай болох ёстой. Өрхийн аж
ахуй ч гэсэн эрхлэх хэрэгтэй. Төр засгийн бодлогыг тийш нь чиглүүлэхийн
төлөө ажиллаж байгаа.

-Таны мөрийн хөтөлбөрт 100 үйлдвэр гэсэн том амлалт байдаг. Үүнийгээ биелүүлж чадаж байна уу?

-Аажим, аажмаар явж байна. 100 үйлдвэр гэсэн зорилгыг мөрийн хөтөлбөртөө
тавьсны хувьд улсын хэмжээнд шинээр нээгдэж байгаа үйлдвэрийн
бүртгэлийг хувьдаа хөтөлдөг. Энэ оны эхний хагас жилийн статистик
мэдээнээс харахад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголд 400 гаруй
жижиг, дунд төдийгүй томоохон хэмжээний үйлдвэр үйл ажиллагаа явуулж
эхэлсэн байна. Өвөрхангай аймагт гэхэд л 100 гаруй үйлдвэрлэл эхэлсэн
байгаа. Энэ бол маш том ололт.  Санхүүгийн хямралтай энэ хүнд үед ийм
хэмжээний үйлдвэр нээгдэнэ гэдэг бол амжилт. Цаана нь бидэнд хоёр,
дөрөв, зургаан жил байна. Ирэх 2020 оныг хүртэл үйлдвэрлэлийн салбарт
онцгой анхаарч, алхам алхмаар урагшлах хэрэгтэй.

-Та сонгогчдын өмнө мөрийн хөтөлбөр гаргаж, амлалт өгсний хувьд энэ
бүх улсын үзүүлэлттэй нэгтгээд миний амлалт биелсэн гэж хэлэх гээд
байна уу?

-Үгүй ээ. Би тэгж хэлэхгүй. Ажил явж байна. Үргэлжилж байна. Бэрхшээл их
бий. Тэр бүхнийг даван туулах хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл
30 тэрбумаар хязгаарлагдаж байгаа нь хангалтгүй байна. Өвөрхангай аймагт
олгож байгаа зээл гэхэд зээлийн эрэлттэй байгаа хүмүүсийн ердөө тавны
нэг хувийг л эзэлж байгаа. Иймд энэ санхүүжилтийг нэмж, хийж бүтээх
хүсэлтэй хүмүүсийг татвараас хөнгөлмөөр байна. Ер нь бол Монголын
асуудал шийдэгдэх болоогүй. Дахиад 10-15 жил хүлээх хэрэгтэй.

-Төсвийн хяналтын дэд хорооны даргын хувьд төсвийн үрэлгэн зардалд
яагаад хяналт тавихгүй байгаа юм гэдэгт хариулт авмаар байна. Бизнес
эрхлэгчийнхээ хувьд бол та хэзээ ч хэтэрсэн зарлага гаргахгүй шүү дээ.
Гэтэл Сангийн сайд С.Баярцогт “Ирэх он хамгийн их зардалтай жил болно”
гэж хэлээд  зардлаа нэмэх тухай яриад байгаа нь зохимжтой алхам мөн үү.
Зарлага, орлого хоёроо зохистой түвшинд зохицуулаад явах боломж Монголд
алга уу?

-Зохицуулах ёстой. Монгол Улс олсон болгоноо үрээд байж болохгүй.
Өнгөрсөн онуудад олсон бүх мөнгөө зараад дууссан. Ийм байж болохгүй.
Төсөвт ямар ч нөөц байхгүй ийм байдлаар удаан явж бүтэхгүй. Тэгээд
хямрал тохиолдохоор гаднаас мөнгө гуйдаг, зээлдэг. Ядаж 100 төгрөг оллоо
гэхэд 10 юмуу, 20-ийг нь хойш нь хадгалдаг байх хэрэгтэй. Ядаж зарж
байгаа мөнгөө тараагаад дуусдаг бус бүтээн байгуулалтад зарцуулдаг
баймаар байна.

-Энэ нөхцөлд та Төсвийн хяналтын хорооны дэд даргын хувьд яагаад хязгаарлах бодлого дэвшүүлэхгүй байгаа юм бэ?

-Өөрчлөлт гаргахаар ажиллаж байгаа. Саяхан УИХ-аас Төсвийн тогтвортой
байдлын тухай хууль баталсан. Энэ хуулиар анх удаа Монголын төсвийн
зарлагыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Мөн
Тогтворжуулалтын сан гэж тусгай санд уул уурхайгаас олсон орлогын
тодорхой хувийг хадгалж байхаар шийдсэн. “Хүний хөгжлийн сан”-г зөвхөн
иргэдэд бэлэн мөнгө тараадаг бус уг сангаар дамжуулж тэдний боловсрол,
эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийдэг байхаар болсон.

-Ирэх оноос хэрэгжихгүй гэсэн үг үү. Сангийн сайдын тайлбараас үүдээд асууж байна л даа?

-Хэрэгжилгүй яах вэ, хэрэгжинэ.

-Засгийн газраас 1.2 их наяд  төгрөгийн бонд гаргахаар болсон. Энэ зөв санаачилга мөн үү?

-Зөв байлгүй яахав. Монгол Улсад хийх ёстой ажил их байна. Тэр бүхнийг
хийхэд төсвийн орлого хүрэлцэхгүй байгаа. Иймд бонд гаргах замаар
ирээдүйн орлогоо барьцаалж, хөрөнгө оруулалт хийх нь дэлхийн улс орны
хөгжиж ирсэн замналын л нэг жишээ. Гол нь манайх анх удаа ийм их
хэмжээний бонд гаргах гэж байгаагаараа онцлог. Би гаргаж чадна гэдэгт
итгэлтэй байна.

-Магадгүй энэ бондын асуудлыг өнөөгийн улстөрчдийн бүхнийг хийж
бүтээсэн гэдэг итгэл үнэмшил төрүүлэх сонирхолтой холбоотой гэж
тайлбарлах хүн нэгээр тогтохгүй болов уу. Наад зах нь Монгол Улсын
ирээдүй шууд утгаараа зээлийн барьцаанд орсон гэх тайлбар бий?

-Энэ бүх зээл, бонд чинь тодорхой тооцоонд уягддаг. Улсын ирээдүйн олж
болох ашиг, гадаад өрийн зохистой харьцаа гээд олон талаас нь харж, үзэж
байж шийддэг.

-Тэгвэл дээр дурдсан бонд Монголын өрийг хэдэн хувиар нэмэх вэ. Мэдээж тодорхой тооцоо байгаа байх?

-Одоо бол гадаад өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 29 хувьтай
тэнцэж байгаа. Энэ харьцаа 40 хувиас дээш өсөхгүй байх ёстой. Жил бүр
манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8-10 хувиар өсч байгаа.
Өмнө нь 1990-ээд онд манай сайд, дарга нар 10-20 сая ам.долларын зээл
гуйх гэж л гадагшаа нисдэг байсан. Одоо бол бид илүү ихийг харах
хэрэгтэй болчихсон. Ихийг зээлж, ихийг хийх шаардлага байна. Тэр
утгаараа ийм хэмжээний бонд гаргахад эдийн засагт аюул үүсээд байх зүйл
байхгүй.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд УИХ-д нэр дэвшигчдийг
тодорхой хэмжээнд мөнгөний амлалт өгч болно гэсэн заалт бий. Тэр
амлалтын хэмжээг яаж тодорхойлох юм бэ. Ер нь яагаад мөнгө амлах
боломжийг өөрсдөдөө нээж, мөнгө амлахгүйгээр нэр дэвшиж болохгүй гэдгийг
тунхаглах хэрэг та бүхэнд байдаггүй хэрэг үү?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг чинь л нэг амлалт шүү дээ. Цаашид
мөнгөний гэхээс илүүтэй бүтээн байгуулалтын амлалт өгдөг болно. Бэлэн
мөнгөний тухайд улсын Аудитын ерөнхий газраас тодорхой хяналт тавьж,
тухайн намын амлалтыг боломжтой эсэхийг мэдээлнэ. Хэрэв байж болох
хэмжээнээс илүү их мөнгөний дүн бүхий амлалт дэвшүүлсэн бол нэр
дэвшигчийн бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авна.

-“Хүний хөгжлийн сан”-гаас тараах 1.5 сая төгрөгийн амлалтыг танд дэмий л зүйлдээ гэж бодох үе байдаг уу?

-Бодолгүй яах вэ. Би энэ их мөнгийг бүтээн байгуулалт руу, ядахад жижиг,
дунд үйлдвэрлэл рүү өгсөн бол илүү ихийг хийж болох байсан гэж боддог.
Гэхдээ улс төрийн нам нэгэнт амласан учраас биелүүлэхээс өөр аргагүй.

-Бизнесийн эрх ашигтай холбоотой УИХ-аас гаргаж байгаа хууль тогтоомжтой зөрчилдөх тохиолдол бий юу?

-Байна аа. Миний эрхэлж байсан бизнесийн салбартай холбоотой асуудлын
талаарх санал хураалтад оролцдоггүй. Зөвхөн сайн мэдэхийн хувьд санал
бодлоо илэрхийлж, хүмүүст тайлбарлаж, хэлэх үе байдаг. Ашиг сонирхлын
зөрчилтэй санал хураалтад УИХ-ын гишүүн хүн оролцохгүй байх эрхтэй. Иймд
би банкны салбарт ажиллаж байсан учраас тэр чиглэлийн санал хураалтад
оролцдоггүй.

-Банк гэснээс 2008 оны УИХ-ын сонгуулийн үед таныг Өвөрхангай
аймагт “Монгол шуудан” банкны салбарыг олноор нээж, зээлийн хөнгөлөлт
үзүүлэхээ амласан тухай яриа байдаг юм билээ?

-Ганц Өвөрхангай бус улс даяар л 300 гаруй салбараа байгуулсан.
Сонгуулийн өмнө ч бус 2000 оноос л байгуулсан. Ганц банкны эрхшээлд
байсан зээлийн эрэлтийг “Монгол шуудан” банк салбараа байгуулснаар
сонголтой болгосон. Зээлийн хүү 3-3.5 хувьтай байсныг 1.5-2 хувь хүргэж
буулгасан. Сүүлд “Монгол шуудан” банк Хадгаламжтай нэгдээд тэдний салбар
ажилладгаараа л ажиллаж байгаа.

-УИХ-ын гишүүдээс банкны хүүг нэг хувьд барих санал гаргаж байсан. Энэ боломжтой хувилбар байж чадах уу?

-Энэ бол УИХ юмуу, Засгийн газрын шийдэх асуудал биш. Энэ санал шийдвэр
болж гараагүй. Гараагүй ч гэсэн энэ бол муйхар санал. Хувийн банкнуудын
өөрсдийнх нь шийдэх асуудал. Зээлийн үнэ цэнэ гэж байдаг. Зээл яагаад
үнэтэй байна гэхээр банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн өртөг үнэтэй
байна гэсэн үг. Монголын банкууд маш өндөр хүүтэй хадгаламжтай.

-”Монгол шуудан” банкны үйл ажиллагаа доголдож, “Хадгаламж” банктай
нэгдсэн. Энэ үйл явцын талаар та тодорхой байр суурь илэрхийлж
байгаагүй санагдаж байна?

-Энэ бол жирийн л нэг зах зээлийн үйл явц. Манай банкууд жижиг байна.
Гадаадын банкуудтай харьцуулахад Монголын банкууд ломбард шиг жижигхэн.
Ний нуугүй хэлэхэд яг л тийм байгаа. Ийм нөхцөлд банкуудын өрсөлдөх
чадвар их муу байдаг. Энэ тохиолдолд нэгдэж нийлэх ёстой. Монголын
арилжааны банкны салбарт цөөхөн хэдэн том банк үлдэх ёстой. “Монгол
шуудан” банк ч тэр өрсөлдөх чадвар сайн байгаагүй. Зах зээлийн 7-8
хувийг л эзэлж байсан. Зах зээлд байгаа 15 банк бүгд адилхан
бүтээгдэхүүн гаргадаг. Зээлийн хүүгээ бууруулж, шинэ бүтээгдэхүүн
гаргасан өрсөлдөөн гээд байх зүйл энэ дунд байхгүй. Тухайн нэг салбарт
төрөлжсөн банк гэж байхгүй. Бүгд ерөнхий.

-Шинэчлэл хэрэгтэй гэсэн үг үү?

-Ямар ч байсан ийм байж болохгүй. Дараагийн ээлжинд төрөлжсөн том
банкууд бий болох ёстой. Ингэхийн тулд ганц санал болгох хувилбар бол
сайн дураараа нэгдэж, нийлэх, томрох хэрэгтэй. Тэр алхамын нээлтийг л
“Монгол шуудан” болон “Хадгаламж” банкны удирдлагууд хийсэн.

-Засгийн газраас Хөгжлийн банк байгуулах шийдвэр гарсан. Дэлхийн
өндөр хөгжилтэй улс орны түүхэнд энэ төрлийн банк асар их хувь нэмэр
оруулсан байдаг. Харин Монголд чадах болов уу?

-Дэд бүтцийн чиглэлийн томоохон төслийг хэрэгжүүлж, улс орны хөгжилд
дорвитой хувь нэмэр оруулахуйц гол эдийн засгийн субьект мөн үү гэвэл
мөн. Гэхдээ зөв удирдаад, улс төр оролцохгүй яг бизнесийн зарчмаар явбал
энэ их сайн зүйл болно. Харин улс төр оролцоод, улстөрчид эрх ашгаа
шургуулаад байвал дампуурах өндөр магадлалтай.

-Одоогийн УИХ-ын гишүүд Хөгжлийн банкаас хол байж чадах болов уу?

-Чадахгүй ээ. Өнөөгийн улстөрчид чадахгүй. Тэдний цаана эрх ашиг нэгтэй
олон төсөл, хөтөлбөр бий. Иймд тэдгээрийгээ санхүүжүүлэхийн тулд
Хөгжлийн банк руу оролцохгүй байна гэж байхгүй. Улстөрчид оролцдоггүй,
улс төрөөс хараат бус бизнесийн удирдагч энд байх ёстой. Миний бодлоор
барууны удирдлагатай байвал зүгээр юмуу гэж бодож байгаа.

-Ер нь бол асуудалтай гэсэн үг үү?

-Амаргүй дээ.

-С.Эрдэнэ гишүүнийг Нийслэлийн Ардчилсан намын даргаас буулгасан
шийдвэр танай намд багагүй бужигнаан үүсгэх шиг боллоо. Энэ нь эргээд
танай намын хуваагдлын тухай сэдвийг сэргээх болсон. Та хуваагдал гэдэгт
ямар тайлбар өгөх вэ?

-Хуваагдал байхгүй биш байгаад байх шиг байна л даа.

-Ардчилсан хүчний холбоотой хамтатгаад харахад уу?

-Харагдаж л байгаа шүү дээ. Нэрэн дээрээ “Монголын хөгжлийн төлөө” гэж
ярьж байгаа ч цаанаа  Ардчилсан хүчний холбооны цөөхөн нөхдийн ард өөр
сонирхол бий гэдэг нь анзаарагдаж л байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх
хүн бүрт бий. Тэр үзэл бодлын зөрчлийг Үндэсний зөвлөлдөх хорооны хурал
дээрээ л ярилцаж шийдэх хэрэгтэй. Нөгөө талд улстөрч болгонд өөрийн
гэсэн амбиц зориг байдаг. Түүнийг нь ч бас буруутгах аргагүй л дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж