Ким Чен Ун генерал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун генерал боллоо

Яг одоо БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо баяр ёслол, сүр дуулиан ихтэйгээр нээлтээ хийж буй тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын бага хурлаар өдгөө 68 настай Ким Чен Ир гурав дахь хүү 27 настай Ким Чен Унд улс орныг удирдах эрх мэдлээсээ шилжүүлэх магадлал их байна. Ямар боловч Ким Чен Ун эцгийнхээ хамт Хөдөлмөрийн намын их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоныг гадаадын ажиглагчид анхны алхам хэмээн үзэж байгаа юм. Мөн ВВС агентлаг Ким Чен Ун-д генерал цол олгосныг мэдээллээ. Энэ талаар Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонинд ч дурджээ.
Тус сонинд бичсэнээр БНАСАУ-ын армийнхан эцэг, хүү хоёрыг хамтад нь намын хуралд төлөөлөгчөөрөө сонгосон нь цаанаа нарийн учиртай хэмээсэн байна. Учир нь засгийн эрхийг шилжүүлэхэд тус улсад армийн нөлөө хамгийн чухалд тооцогддог аж.
БНАСАУ-д өнөөдрийг чухал өдөрт тооцож гудамж талбайг туг, далбаа, уриа лозун, ухуулгын материалаар чимсэн талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд дурджээ. Хойд Солонгосын лидер Ким Чен Ир хэд хоногийн өмнө олны өмнө гарсан байна. Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах төрийн зөвлөлийн дарга тэрбээр эртний Хятадын домгоос сэдэвлэсэн “Лян Шанбо, Жу Интай хоёр” хэмээх дуурийг Пхеньянд тоглуулах ажлыг удирджээ. Ноён Ким Чен Ирийн хэлснээр БНАСАУ-ын нам, ард түмний хатуу байр суурь бол “ахмад үеийнхний үндэслэсэн БНАСАУ-БНХАУ-ын найрамдлыг үеэс үед дамжуулах явдал” аж.
БНАСАУ-д эхэлж буй Хөдөлмөрийн намын хурлыг бүс нутгийн бүх улс орнууд анхааралтай ажиглаж байна. Учир нь тус орон 1,2 сая хүний бие бүрэлдэхүүнтэй армитай, зургаагаас найман цөмийн хошуу бэлтгэж хүрэлцэх цөмийн нөөцтэй орон юм. Засгийн эрх шилжүүлэх ажилд ялимгүй алдаа гарахад л өнөөгийн дэглэм нурж, улс орны дотоодод үймээн самуун дэгдэж, олон хүн Азийн бусад орнууд руу дүрвэж болзошгүй.
Түүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас хойш хоёр Солонгосын харилцаа тааруу байгаа билээ. Тэр өдөр Шар тэнгист Өмнөд Солонгосын “Чхонан” усан онгоц живсэн хэрэгт Хойд Солонгосыг буруутгаж байгаа юм. Ийм нөхцөл байдлын дунд БНАСАУ-ын хөдөлмөрийн намын бага хурал ажлаа эхэллээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж