
Нийслэлийн Ардчилсан намын даргын тамгаа дөнгөж гардаж авсан Ш.Түвдэндоржтой товч ярилцлаа.
-Нийслэлийн Ардчилсан намын даргын тамга шилжүүлэх ажил хэсэг хугацаанд саатсан. Дүрмийн бус асуудал гарлаа гэж С.Эрдэнэ гишүүн мэдэгдэж байсан. Гэнэт яагаад байр сууриа өөрчилцгөөж ажлаа шилжүүлэхээр болов?
– Намайг нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгосон хурал дүрмийн дагуу болсон гэж би хувьдаа анхнаасаа үзэж байсан. Гишүүд ч хурал дүрмийн дагуу болсон гэдгийг ойлгож байсан. Миний зүгээс хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Харин цаг хугацааны асуудал бол байсан. Манай хурал болсны дараахан Ардчилан намын дарга Н.Алтанхуяг Европт айлчлалаар явсан. Ерөнхий нарийн бичгийн дарга гэр бүлийн хүнээ гадаадад эмчлүүлж байгаад өчигдөр ирлээ. Нийслэлийн Ардчилсан нам бол манай намын том байгууллага. Нийслэлийн намын зөвлөлийн дарга нь намын удирдлагын зөвлөлийн гишүүн байдаг. Мэдээж асуудлыг дээрээс зохицуулах шаардлага байсан. Тэр дагуу ерөнхий нарийн бичгийн дарга ажилдаа ороод нийслэлийн Ардчилсан намын өмнөх дарга С.Эрдэнэ өргөдлөө өгч тамгаа надад шилжүүллээ.
-С.Эрдэнэ дарга дүрмийн алдаа гарсан тул тамгаа өгөхгүй гэж хатуу хэлж байсан. Гэтэл яагаад ийм амархан шийдвэр гаргав?
-Яахав, тухайн хүний бүрэн эрхийн хугацаа дуусч байх үед итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураасан гэх зэрэг жижиг сажиг алдаа байгаа. Тэр бол дүрмийн биш, журмын алдаа юм. Тиймэрхүү жижиг алдааг тогтоол шийдвэрээр, дараагийн ээлжит бус хурлаар өөрчлөөд явж болно. Нийслэлийн Ардчилсан намын өмнөх хуралд оролцсон зөвлөлдөх хорооны 135 гишүүн байж л байгаа. Тэд буруу, зөвийг ялгаад, алдаа байвал засаад цааш явах ёстой.
-Та жижиг алдаа гэж хэллээ. Яг гарсан алдаа нь юу вэ?
-С.Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэдгээр санал хураах байсныг л итгэл үзүүлэх эсэх гэж хураасан алдаа бий. Хариуцлага тооцох гэх мэт алдаа гарсныг залруулах талаар ярьж байгаа.
-Тэгэхээр С.Эрдэнэ даргыг чөлөөлсөн өмнөх хуралд дүрмийн алдаа гараагүй гэж үзэж болох уу. Эсвэл С.Эрдэнэ дарга ташаа ярив уу?
-Ташаа ярих биш, дүрэм, журам гэсэн хоёр үгэн дээр л асуудал байгаа юм. Яриан дунд дүрэм, журам гэсэн үг холилдоод байх шиг байна. Тэрнээс биш бид хоёрын яриа зөрөөд байгаа юм байхгүй.
-Өөртөө итгэлтэй, хатуу байр суурьтай байсан С.Эрдэнэ гишүүн тамгаа гэнэт шилжүүлэх болсон нь хачирхалтай санагдаж байна. Дээрээс та хоёрыг “эвлэр” гэдэг ч юм уу, дарамталсан шахсан зүйл байна уу?
-Тийм зүйл байхгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр ажилдаа орлоо. Намын дарга эзгүй байна. Тамганы асуудлыг манай намын дүрмээр үндсэндээ ерөнхий нарийн бичгийн дарга шийддэг. Манай намын менежер гэх юм уу даа. С.Эрдэнэ дарга өөрөө тамгаа өгсөн болохоор ерөнхий нарийн бичгийн дарга асуудлыг шийдэж өгч байгаа юм.
-Эвээр шийдье гэсэн тохироо хийсэн байх гэж сэтгүүлчид үзэж байна л даа. Асуудлыг гэнэт шийдсэн нь л сонин байна?
-Тийм юм байхгүй. Би дуудагдаж ирлээ. Одоо ажлаа хүлээлцэнэ л гэсэн. Тэгээд л ирлээ.
-Нийслэлийн намын даргын асуудлыг заавал ҮЗХ-ны хурлаар шийддэг гэж С.Эрдэнэ дарга хэлж байсан. Тийм биш юм уу?
-Нэг ялгаа бий л дээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга нь намын удирдлагын гурван гишүүний нэг байдаг. Дээр нь Гүйцэтгэх зөвлөл гэж аймаг, дүүрэг бүрийн нэг төлөөллөөс бүрдсэн байгууллага байдаг. Түүнд Ардчилсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Ардчилсан намын дарга гурав албан тушаалаараа автоматаар ордог. С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж хэн байх нь тэнд хамаагүй. Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ хуралдах хооронд намын өдөр тутмын үйл ажиллагааг хэлэлцэж байдаг. Манай нам хэвтээ тогтолцоотой. Аймаг, нийслэлийн намын гишүүд саналаа гаргаад сонгосон л бол тэр даргыг хэн ч батламжилдаггүй. Дүрмийн шинэчлэлтээр шууд ажлаа хийгээд явдаг болсон. Сонгууль явсан л бол сонгогдсонд тооцогддог.
-Хэдхэн хоногийн өмнө С.Эрдэнэ гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахад бүтэн сар дутуу байна гэж хэлж байсан. Гэтэл яагаад шийдвэрээ өөрчилсөн юм бол?
-Тэр засвараа хийгээд өнөөдөр өргөдлөө өгчихөж байгаа юм. Манай намын дүрмээр эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжихээр болсон бол, эсвэл хавсарч үл болох албан тушаал зэрэг заалтуудаар даргын ажлыг хүлээлгэж өгч болдог. С.Эрдэнэ өргөдлөө өгсөн учраас бүрэн эрх нь дуусч байгаа.
-С.Эрдэнэ гишүүнд сая дурдсан шалтгаануудаас аль нэг нь байсан уу?
-Тэрийг бол мэдэхгүй.
-Маргаантай болсон хурлаас хойш С.Эрдэнэ дарга та хоёр уулзсан уу?
– Хөдөө явж байгаад ирсэн. Утсаар ярьж байсан.
-Нийслэлийн Ардчилсан намын тамгыг сая гардаж авлаа. Одоо ямар ажил хийх вэ?
-Хамгийн эхлээд тэргүүлэгчдийн хурлаа хийнэ. Манай тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сард сонгогдсон. Төвийн дүүрэг бүрээс хоёр, захын дүүргүүдээс нэг нэг хүн сонгогдсон, нийт 15 хүн байдаг. Дээр нь нийслэлийн Ардчилсан намын дарга, Хэрэг эрхлэх гарын дарга гээд 17 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид байдаг.
-Шинэ дарга тэргүүлэгчдээ солих уу?
-Хуучин тэргүүлэгчид байж байгаа. Тэдэнтэйгээ нийлж хуралдаад хамгийн түрүүнд Хэрэг эрхлэх газрынхаа бүтцийг батална. Намынхаа эв нэгдлийг сахих үүднээс дүүргүүд дээр гарч байгаа асуудлуудыг нэг мөр цэгцлэхгүй бол гуравдугаар сараас хойш ужиграад хагас жил өнгөрлөө. Тэгэхээр дүүргүүдийн намын ажлыг цэгцлэх ажилд орох ёстой.
-Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр болсон ротацийн сонгуулиар хэд хэдэн дүүрэгт зэрэгцсэн, давхардсан сонгууль болсон. Тэдгээрийг засч залруулах талаар юу хийх вэ?
-Одоо шууд маргаантай гурван дүүргийнхээ ажилд орно. Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт маргаан гарсан байгаа.
-С.Эрдэнэ гишүүн та хоёр намын Хяналтын хороонд өргөдөл өгсөн үү?
-Аль аль талаасаа өгөөгүй.
Д.ОЮУНЦЭЦЭГ