
Яг өнөөдрийн байдлаар нийслэлийн харъяа алба агентлагт ямар ямар ажлын байр байгааг та сонирхох уу? Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэмжээнд асрагч, нийтийн тээврийн газарт засварчин, орон сууц нийтийн аж ахуйн газарт слесарь, цахилгаанчин, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д цахилгаанчин, Цэцэрлэгжилт компанид цэцэрлэгжүүлэгчийн ажил эзнээ хүлээж байна. Дандаа нийслэлийн харъяат алба агентлагт зарлаад байгаа эдгээр ажилд орохын тулд хүмүүс булаацалдаж баймаар санагдаж байгаа биз. Гэтэл үгүй гэнэ. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 22 хувь нь дээд боловсролтой, 68 хувь нь огт мэргэжилгүй хүмүүс байгаа ажээ. Анагаахын дээдэд найман жил нойр хоолоо хасан байж суралцсан оюутан асрагч бүү хэл өрхийн эмч болохоос ч татгалзаж байгаа. Засварчин, цахилгаанчныг мэргэжилгүй л бол баргийн хүн хийхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм л учраас мэргэжилтэй ажилчны орон тоо эзнээ хүлээж, харин ажилгүй иргэд ажил хайсан хэвээр байна. Ажил олгогч нь бүтээмж өндөртэй, итгэл найдвар даахуйц,ажлын ачааллаас шантрахааргүй ажилчин хайж, харин ажилгүйчүүд нь шахалт шаардлага багатай, цалин өндөртэй ажил хайсаар он жилүүдийг үдэх болжээ. Эцэст нь арга ядсан ажил олгогч гадаадын иргэнд их хэмжээний цалин амлан байж ажлаа дуусгахад хүрдэг бол ажил хайгаад цөхөрсөн ажилгүйчүүд “өвгөнтийнхний бүлэг”-т элсэн, шуудай үүрэн хог түүхдээ тулж байгаа нь Монголын эмгэнэл биш гэж үү.
Хот гэдэг их айлд өдгөө 1,1 сая хүн байнга оршин сууж байгаа. Энэ нь өмнөх оныхоос 3,1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хотын нийт хүн амын 60,9 хувийг хөдөлмөрийн насны хүн ам, үүнээс 57,5 хувийг ажиллагсад, 14,8 хувийг хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, 22 хувийг хөдөлмөрийн насны суралцагсад, 3,1 хувийг хөдөлмөрийн насны боловч хөдөлмөрийн чадваргүй иргэд эзэлдэг тухай “Улаанбаатар-2010” хөдөлмөрийн бага чуулганы үеэр ярьсан. Эндээс нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны хүн ам зонхилж байгаа нь харагдана. Энэ байдал хойшид ч хадгалагдах боломжтой бөгөөд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн дунд ч хөдөлмөрийн насныхан дийлэнх хэсгийг эзэлж байна. Сүүлийн таван жилд нийслэлийн хүн ам 38,2 мянгаар, үүнээс хөдөлмөрийн насныхан 18,3 мянгаар нэмэгдсэнээс үзэхэд нийслэлийн хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нийлүүлэлт хурдацтай өсч байгаа юм. Нөгөө талд нь ажиллах хүчний эрэлт ч нэмэгдэхээр судалгаа гарчээ. Ойрын нэг жилийн дотор гэхэд байнгын ажлын байр хөдөө аж ахуйн салбарт 22,5 хувь, барилгын салбарт 6,5 хувь, худалдааны салбарт 9,4 хувь, зочид буудал, ресторан үйлчилгээний салбарт 7,8 хувь, аж үйлдвэрт 3,6 хувь, уул уурхайд 6,6 хувиар өсөх хандалгатай байгааг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди хэлж байсан.
Саяхан Мянганы хөгжлийн сорилтын сангаас ойрын хоёр жилд хөдөлмөрийн зах зээл дээр өндөр эрэлттэй байх ажил мэргэжлийн жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтын хамгийн эхэнд уул уурхай, хүнд даацын машин техникийн жолооч, оператор, зам барилгын ажилчин, бүх төрлийн засварчин, газар тариалангийн ажилчид орсон байна. Гэтэл хэрэг дээрээ экскаваторын оператор, хүнд даацын автомашины жолооч мэргэжлийг курст суун эзэмшсэн олон арван залуус ажилгүй хэвээр л байна. Уул уурхай хөгжлөө, ажлын байр нэмэгдэнэ гэх сургаар энэ чиглэлийн курс дугуйлан олширсныг зар сурталчилгааны сонингоос төвөггүй харж болно. Эдгээр курс дамжаанууд нь мэргэжлийн үнэмлэх өгөхөө л урьтал болгохоос хүмүүсээ сургахыг хойш тавьдагаас чадвар муутай ажилчдыг олноор нь бэлтгэж байна. Хүсэл зориг нь байгаа ч чадваргүй, дадлага туршлагагүй хүнийг сургаад ажиллуулдаг компани ховор байгаагаас залуус дээрх сургалтын төвүүдэд сард 200-250 мянган төгрөгийн хандив өргөчихөөд гудамж метрлэн алхаж байна. Улс орны хэмжээгээр боловсон хүчний бодлого алдагдсаны тодоос тод жишээ энэ. Ажил олгогч, ажилгүй иргэдийн ашиг сонирхол нийлэх цэгийг л олж харж гэмээнэ ажилгүйдэл буурах билээ.