
Монголын хөвгүүдийн хамтлагийн шинэ, залуу залгамж халаа болон 2006 онд Хүүхдийн ордны Л.Ганчимэг багшийн дууны дугуйлангаас төрөн гарсан "Good boys" хамтлагийнхан “Хайр ирлээ” бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ сарын 14, 15-нд 19.00 цагт “Аса” циркт мэргэжлийн өндөр түвшинд амьд шоу тоглолтыг үзэгч фенүүддээ хүргэхээр хэдийнээ бэлтгэл ажилдаа оржээ. 2010 оны дөрөвдүгээр сараас “DX” продакшнтай хамтран ажиллах болсон тэдний анхны тоглолтын хөгжмийн найруулагчаар “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг ажиллаж байгаа юм байна. Поп урсгалаар дуулдаг тус хамтлагийнхан цагаан сарын өмнө “Хайр ирлээ” нэртэй анхны цомгоо худалдаанд гаргажээ. Тэд хэдийгээр хүүхэд ч бие даасан тоглолтоо Монголыг рок, поп хамтлагуудын хэмжээнд зохионо хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээрээ онцолж байлаа. Тоглолтод урилгаар “Сарны чулуу” чуулгын бүжигчид, “Opozzit” хамтлагийн С.Гантулга, “Green mask”, Ц.Байдраг, “A-Sound”-ын соло гитарчин Н.Атка, “Fire”-ын басс гитарчин Д.Батбилэг, “The Lemons”-ын ритм гитарчин С.Шинэ-Од, “Чингис хаан”-ны бөмбөрчин Н.Батсайхан нар оролцох аж. “Хайр ирлээ” тоглолт дөрвөн хэсэгтэй бөгөөд тэд цомогтоо орсон 10 дуу болон урын сандаа байгаа уран бүтээлүүдээсээ гээд нийт 20 гаруй дуугаа толилуулах нь ээ. Дашрамд сонирхуулахад гадаадын дуунуудыг өөрийн стильд оруулан дуулсан уран бүтээлүүд ч энэ үдэш эгшиглэх юм байна. Тоглолтын үеэр шинэхэн цомог нь гучин хувийн хямдралтай үнээр борлогдох гэнэ. Харин тоглолтын тасалбар 6000 төгрөгөөр худалдаанд гарчээ.
Г.Даша