Зэргэлдээх Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаа тул хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чангатгахтай холбогдуулан Хэнтий аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжид зааснаар, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бусад аймаг, нийслэлд оруулахыг, мөн дээрх аймгуудтай хил залгаа Баянхутаг, Баян-Овоо, Галшар, Норовлин, Батноров сумдаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Өндөрхаан хот, бусад аймаг, нийслэл, сумдын бүс нутагт оруулахыг түр хугацаагаар өчигдрөөс эхлэн хориглосон байна. Мөн тусгай зөвшөөрөлгүй зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж хөдөлгөөнт эргүүл, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд тавих хяналтыг чангатгаж сонор сэрэмжээ өндөрүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах аймгийн албадын дарга, сум, багийн Засаг дарга нартаа үүрэг болгожээ. Одоогоор тус аймгийн нутаг дэвсгэрт байгаа зээрийн сүргээс сэжигтэй тохиолдол илрээгүй байгаа ч зээрийн хөдөлгөөнийг байнга ажиглаж зээр нутагшсан нутагт мал сүргээ бэлчээрлүүлэхгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Нийслэл хот руу борлуулах зорилгоор өвс хадланг ч тээвэрлэхийг хориглолоо. Дорнод, Сүхбаатар аймгуудтай хил залгаа сумдад байнгын болон хөдөлгөөнт эргүүл, цэгүүдийг нэмэгдүүлэн ажиллаж хамгийн түрүүнд тэдгээр сумдынхаа мал сүргийг вакцинжуулахаар шийдвэрлээд байна.