
Италид тус орны хамгийн аюултай 30 гэмт хэрэгтний жагсаалтад бичигдсэн мафийн босс Франко Ли Берголисийг баривчилсан тухай Sky телевиз мэдээлэв.
Өмнө нь бүх насаараа хоригдох ял авсан 32 настай мафийн лидерийг есдүгээр сарын 26-ны өглөө Апулия мужийн Монте хот дахь гэрээс нь баривчилсан байна.
Хууль хяналтын байгууллагын ажилтнуудын хэлснээр Берголис нь Апулийн Гаргано районы мафийн бүлэглэлийг толгойлдог ба хэдэн жилийн өмнө түүнд хар тамхи ба зэвсгийн нууц наймаа хийсэн мөн 2001 онд хүний амь хөнөөсөн зэрэг хэргээр бүх насаар нь хоригдох ял өгсөн байжээ. Гэвч тэрээр даван заалдсан ба тэр үеэр түүнийг барин саатуулах хугацаа нь дууссан учир 2009 онд түүнийг сулалсаны дараа тэр нуугдаж байлаа.
Тэрээр 2010 оны зургадугаар сард ерөнхийлөгч Жоржо Наполитано, Дотоод хэргийн сайд Роберто Марони нарт захидал бичин өөрийгөө гэм буруугүй гээд шударга шүүхийг шаардсан байв. The Herald Sun сонинд өгүүлснээр тэдний гэр бүлийнхэн гэмт хэргээр алдартай хүмүүс ба хоёр ах нь шоронд хоригдож байна. Берголисийн эцэг мафийн дайнаар 1995 онд алагдсан бөгөөд авга ах нь өнгөрсөн жилд буудуулжээ.