
Улс төрчид, сонгуулийн хорооныхон болон ажиглагчдын дүгнэснээр ард иргэд сонгуульд идэвхтэй оролцсон бөгөөд ерөнхийлөгч Чавес, сөрөг хүчний хооронд өрнөх тэмцлийн хувь заяаг шийдвэрлэх чухал ач холбогдолтой сонгууль ажээ.
Ерөнхийлөгч Уго Чавес ард иргэд сонгуульд идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглээд нийт санал өгөгчдийн 70 хувь нь сонгуульд оролцох төлөвтэй байгааг онцлоод Чавесийг засгийн эрхэнд гарахаас өмнө 1999 онд нийт сонгуульд оролцогчдын 70 хувь нь саналаа өгөлгүй өнгөрснийг дурдан ярьсан байна.
Хүүхэд, ач нараа дагуулан санал өгөхөөр ирсэн ерөнхийлөгч Уго Чавесаас түүний Венесуэлийн Нэгдсэн Социалист Нам ялалт байгуулж чадах болов уу гэж сэтгүүлчийн тавьсан асуултад “таамаг тодруулах гэсэн асуулт байна. Би таамаг зүйлд таамаг хариулт өгдөггүй” хэмээн хариулсан аж. Венесуэлийн нийт 17,5 сая иргэд сонгуульд санал өгөх ажээ.
Орон нутгийн цагаар өглөөний 5 цагаас оройн 22.30 цаг хүртэл санал хураалт явагдах бөгөөд санал хураах цаг өнгөрсөн ч саналаа өгөхөөр дугаарлан зогсож буй иргэдийг санал хураалтад оруулах ёстой гэж ерөнхийлөгч удирдамж өгчээ.
Венесуэлийн парламентийн 165 гишүүний 110 буюу гуравны хоёр хувийн саналыг авсан тохиолдолд 2012 онд явагдах ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес байр сууриа бататган дахин ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийг олох ёстой ажээ.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн олон ургаль, плюралист үзэл бүхий парламент байгуулах эрмэлзлээ ялалтад хүргэхээр тэмцлээ өрнүүлж байгаа тул олон нийтийн сонгууль нэлээд “халуун уур амьсгалын дор болж өнгөрөх нь” тодорхой болжээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг