
Башёгийн 14 дэх өдрийн барилдаанд ёкозуна Хакухо ёрикири мэхээр озэки Котоошюг давснаар түрүүлэх нь тодорхой болсон төдийгүй дараалсан 61 дэх даваагаа авсан юм. Харин сүүлийн өдөр Хакухо нутаг нэгт озэки Харумафүжи Д.Бямбадоржийг давж, дараалсан 62 дахь даваагаа авсан. Ирэх арваннэгдүгээр сард эхлэх кюүшю башёд их аварга уналгүйгээр дараалан найм давсан тохиолдолд 1936-1939 оны хооронд дараалан 69 давсан домогт ёкозуна Футабаямагийн амжилтыг эвдэж, Японы сумогийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон дараалан давсан сумоч болох юм. Мэргэжлийн сумогийн 35 дахь ёкозуна Футабаямагийн дараа амжилтаараа хоёрдугаарт бичигдсэн Таниказэ 1778-1782 оны хооронд дараалан 63 давж байжээ. Харин их аварга Хакухо одоогоор 62 даваатай гуравдугаарт эрэмбэлэгдээд байна.
Дөрөв дэх удаагаа дараалан нэг ч өдөг шороодолгүй, 15-0 гэсэн 100 хувийн амжилтаар түрүүлсэн их аварга Хакухо аки башёгийн 14 дэх өдрийн барилдааны дараа “Түрүүлэх нь нэгэнт тодорхой болчихсон учраас би сандраагүй. Би анх удаагаа дөрвөн башё дараалан түрүүлж байна. Сэтгэл сайхан байна” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн “Цом авахын тулд ялах л ёстой. Би ёкозуна болсноос хойш бараг дөрвөн жилийг ардаа үдсэн байна. Тиймээс ялах гэдэг ямар хүнд хэцүү, бас ямар их үүрэг хариуцлага дагуулж байдгийг мэднэ” гэжээ. Харин Футабаямагийн амжилтыг гүйцэх тухайд ёкозуна Хакухо “Маргааш бол маргааш. Бүх зүйл дуусаагүй байна” хэмээн хариулжээ.
Мэргэжлийн сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү 2006-2007 оны хооронд дараалан дөрвөн башёд түрүүлснээс хойш энэ амжилтад хүрсэн анхны сумоч нь Хакухо болж байгаа юм.
Аки башёд макүүчи буюу дээд зиндаанд зодоглосон манай бусад сумочдын тухайд озэки Харумафүжи Д.Бямбадорж 15 дахь өдрийн барилдаанд Хакуход өвдөг шороодсоноор найман даваа, долоон унаатай башёг дуусгасан бол комүсүби Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням нар тус бүр есөн даваатай, зүүн жигүүрийн маэгашираг манлайлан барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар хоёр даваа, 13 унаа, Токүсэгава Б.Ганболд зургаан даваа, есөн унаа, Кёкүтэнхо Н.Цэвэгням дөрвөн даваа, 11 унаа, Моконами Г.Базарсад таван даваа, 10 унаатай тус тус энэ жилийн аки башёг өндөрлүүлж байна. Мөн Хакуба А.Өнөржаргал найман даваатай, Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваатай, Коорюү Э.Мөнх-Оргил зургаа давсан амжилттайгаар аки башёг үдлээ.