Уур амьсгалын өөрчлөлт ноцтой түвшинд хүрээд байна

Хуучирсан мэдээ: 2010.09.25-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлт ноцтой түвшинд хүрээд байна

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг онцгойлон хөндөж буй энэ дугаартаа бид УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатарыг урилаа.

Засгийн газар цөлд хуралдсаны ач холбогдол юу вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн дөчөөдхөн жилийн дотор Монгол орны байгаль орчинд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, бэлчээр хомсдох, цөлжилт тэлэх, ган, зуд, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл улам элбэгших, мөнх цас, мөс, цэвдэг хайлах, ил задгай усны нөөц багасах, ургамал, амьтан цөөрөх зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байна. Энэ нь улс орны эдийн засгийн хөгжил, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн салбарын тогтвортой байдал алдагдаж, улмаар ард түмний амьжиргаанд нөлөөлөөд зогсохгүй хүний эрүүл мэндэд нөлөөлөх болов. Монгол Улсын Засгийн газар энэ байдалд анхаарлаа хандуулж, хуралдаанаа уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа газар хийж, эдгээр асуудлыг тусгайлан авч хэлэлцлээ. Хуралдааны ач холбогдол нь дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад уур амьсгалын өөрчлөлт Монгол нутагт хэрхэн илэрч, ямар хор уршиг хөнөөл учруулж байгаа, ялангуяа цөлжилт ямар хэмжээнд хүрээд байгааг харуулж, тэдний анхаарлыг хандуулахад оршиж байна.

НҮБ-д явуулсан илгээлтээс Засгийн газар ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Засгийн газрын хуралдаанаас Дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудад хандаж илгээлт гаргасан. Илгээлтэд Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн төлөв байдал, цаашдын хандлага, түүний учруулж эхлээд байгаа хор хөнөөлийн талаар мэдээлж, ирэх 12 дугаар сард Мексик улсын Канкунд болох НҮБ-ын Бага хурлаас уур амьсгалын өөрчлөлтөнд илүү өртөж байгаа хөгжиж байгаа улс орнуудын онцлог нөхцөл байдлыг тусгасан, тэдэнд техник технологи, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг даван туулах чадавхийг бий болгох асуудлыг тусгасан тодорхой шийдвэр гаргаж, олон улсын дагаж мөрдөх баримт бичиг батлахыг  Дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагууд, улс орнуудад уриалсан. Монгол улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ гэрээ хэлэлцээг нэн яаралтай байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж байгаа хөгжиж байгаа улс орнууд, ялангуяа эх газрын гүнд орших, далайд гарцгүй, эмзэг экосистемтэй, ган, цөлжилтөнд ихээр нэрвэгдэж байгаа орнуудад бодит тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Монгол оронд нүүрлээд байгаа цөлжилтийн хэм хэмжээг Засгийн газар ямар түвшинд дүгнэж байгаа вэ?
Манай оронд уур амьсгалын өөрчлөлт болон аж ахуйн үйл ажиллагааны улмаас цөлжилт хүчтэй явагдаж цар хүрээ нь улам бүр тэлж, нилээд ноцтой түвшинд хүрээд байна. Судлаачдын тогтоосноор нийт нутаг дэвсгэрийн 72 орчим хувь нь цөлжилтөнд хэдийн өртжээ. Үүнээс 5 хувьд нь маш хүчтэй, 18 хувьд нь хүчтэй, 26 хувьд нь дунд зэргийн хүчтэй, 23 хувьд нь сул хүчтэй цөлжилт илрээд байгаа.

НҮБ-ээс “Арван жилийн цөлжилт” эхэлснийг зарлалаа. Монголын Засгийн газар цөлжилттэй тэмцэхэд ирэх 10 жилд юу хийж, ямар үр дүнд хүрэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
НҮБ-аас цөлжилттэй тэмцэх дараагийн 10 жилийн Стратеги төлөвлөгөө боловсруулж, 2010-2020 оныг Цөлжилттэй тэмцэх 10 жил болгон зарласантай холбогдуулан Монгол улс “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-өө шинэчлэн боловсруулж 2010 оны 4 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Монгол улс Цөлжилттэй тэмцэх бодлогоо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан шинэчилсэн явдал юм. Энэ хөтөлбөртөө байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэх, суртал ухуулга, оролцоог нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлүүдээр нийт 15 зорилт, 52 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгааад байгаа.

Үндэсний тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж