“Там-Очир”-ыг “Шүүх-Очир” болгох нь ээ

Хуучирсан мэдээ: 2010.09.25-нд нийтлэгдсэн

“Там-Очир”-ыг “Шүүх-Очир” болгох нь ээ

УИХ-ын гишүүн С.Дамба-Очир парламентад сонгогдсоноосоо хойш Лүнгийн замаас болж, сайн нэр дуулахаа байсаар удаж буй. Ямар сайндаа л иргэд, сонгогчид нь түүнд Там-Очир нэр хайрлахав дээ. Одоо харин уг замын ажлаас болж, шүүхэд дуудагдаж магадгүй нь бололтой. Учир нь эрхэм гишүүний нэр дээр байдаг “Очир төв” компани нь Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 км замыг дуусгах шатанд оруулсан ч зам тавих нэрээр компанийнхан нь байгалийг нэлээд сүйтгэж буй аж. Үүнд нутгийн иргэд ихээхэн бухимдаж, шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ.

Улаанбаатар-Лүнг холбосон хатуу хучилттай 106.2 км авто зам барих ажлыг “Очир төв” компани 2007 оноос эхлүүлсэн түүхтэй. Гэрээнд зааснаар тус компани нь энэ замыг 2008 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч өнөөг хүртэл хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Шалтгааныг нь тайлбарлахдаа Монгол Улсын хэмжээнд нэгэн үе шатахууны үнэ өсч байснаас алдагдал ихээр амсч, ажил хийх аргагүй болсон. Дараа нь ажлаа дахин үргэлжлүүлтэл санхүү, эдийн засгийн хямрал залгуулаад сөхөө авахуулаагүй гээд зовлон ихээр тоочдог. Гэвч С.Дамба-Очир гишүүнд нөхөд нь тусалж замын компаниудад үнийн зөрүүг олгох хэрэгтэй гэж үзэн, таван тэрбум төгрөгийн төсвийг УИХ-аас нэмж баталсан ч өнөө хэр нь энэ зам хэл ам таталсаар байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж