“Тунхаг” бичгийг “мунхаг бичиг” гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

“Тунхаг” бичгийг “мунхаг бичиг” гэж дүгнэв

“Шинэ хөгжил” сан, “МАХН-ын үнэт зүйлийг хамгаалъя” бүлгэм, “Зөв сонголт” МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хөдөлгөөн, “Шинэ үе-Ардчилал” Төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй “МАХН-ын шинэчлэл: Ухрах уу, урагшлах уу? сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн үеэр намын гишүүд, дэмжигчид намын шинэчлэлийн талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, санал бодлоо хэлцгээж байна. Тэд “Намын нэрийг солино гэдэг олон зүйлд нөлөөлнө. Одоо хэрэггүй. Энэ их аюултай зүйл болно. Намын их хурлаар зөв хүнээ сонгож чадвал урагшилж магадгүй. Одоо гаргаад буй “тунхаг” бичгийг “мунхаг бичиг” хэмээн дүгнэж байна. Намын хяналтын хороогоос эхлэн бүтцийн  байгууллагууд нь Удирдах зөвлөлдөө л үйлчилж байна. Жирийн гишүүн хяналтын зөвлөлд асуудал тавихад нам чамаар дутахгүй хэмээн загнаж байна. Намын дүрэм нь намын гишүүдийг намнадаг дүрэм болсон байна” гэх шүүмжлэлийг хэлж байна.

Баянгол дүүргийн намын хорооны гишүүн н.Батдэлгэр “Намын одоогийн дүрмэнд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулинд хүнийг эд хөрөнгө, албан тушаал, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн байдаг. Гэтэл манай намын дүрмэнд дүүргийн намын бага хурлын гишүүн байхын тулд 40 мянган төгрөг, Нийслэлийн намын бага хурлын гишүүн байхын тулд 80 мянган төгрөг, МАХН-ын бага хурлын гиүүн байхын тулд 400 мянган төгрөгний татвар төлнө гэдэг нь эд хөрөнгөөр нь ялгаварлаж байгаа зүйл юм” гэв.

Мөн Баянгол дүүргийн намын хорооны гишүүн н.Шуураа:
-Ер нь намын гишүүн дэмжигчдийн их чуулганыг явуулах шаардлагатай болоод байна. Намыг шинэчлэхэд гишүүд дэмжигчдийн үүрэг асар чухал. Ийм учраас чуулган зохион байгуулах ажлыг санаачилж болохгүй хэрэг үү. Манай нам энгийн гишүүддээ хаалттай болсон. Жирийн гишүүд намын удирдлагатайгаа ярьж, уулзаж чадахгүй байна шүү дээ. Гишүүд, дэмжигчдийн өмнө татсан энэ хар хөшгийг авч хаях хэрэгтэй. Намыг нэрээ солих асуудлыг нарийн авч үзэх ёстой. Хэрэв тэгэхгүй бол нам нэрээ соливол намаасаа гарч, намын батлахаа хадгална гэх хүмүүс ч бидний дунд байна шүү хэмээв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж