Хакухо дараалсан 60 дахь даваагаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хакухо дараалсан 60 дахь даваагаа авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёгийн 13 дахь өдрийн барилдаан сонирхолтой болж өнгөрлөө. Өнөөдөр Эстонийн озэки Барутотой учраа тааран барилдсан их аварга Хакухо М.Даваажаргал уватэнагэ мэхээр өрсөлдөгчөө давснаар башёгийн 13 дахь, дараалсан 60 дахь даваагаа авлаа. Одоо ёкозуна Хакухо цаашид амжилттай барилдаж, уналгүй дараалан 10 давж чадвал ёкозуна Футабаямагийн амжилтыг эвдэж, сумо бөхийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон дараалан давсан сумоч болох юм. Өдгөө уг жагсаалтыг тэргүүлж буй мэргэжлийн сумо бөхийн 35 дахь ёкозуна Футабаяма 1936-1939 оны хооронд дараалан 69 давсан бол хоёрдугаарт бичигдсэн Таниказэ 1778-1782 оны хооронд дараалан 63 давж байжээ. Одоогийн байдлаар их аварга 60 даваатай гуравдугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.

Аки башёгийн 13 дахь өдрийн барилдаанд манай сумочид хэрхэн барилдсан талаар танилцуулахад, озэки Харумафүжи Д.Бямбадорж Болгарын озэки Котоошюг окуринагэ мэхээр давж, башёгийн найм дахь даваагаа авсан байна. Харин комүсүби Какурюү М.Ананд ёрикири мэхээр Котошогикүд ялагдсан бол Токүсэгава Б.Ганболд ошидаши мэхээр комүсүби Кисэносатод өвдөг шорооджээ. Мөн өнөөдөр Кёкүтэнхо Н.Цэвэгням ёрикири мэхээр Тосаюүтакаг давсан бол Хакуба А.Өнөржаргал цүридаши мэхээр Точиношинд, Моконами Г.Базарсад ёрикири мэхээр Шимоторид ялагдсан байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил хатакикоми Бушуямаг, Коорюү Э.Мөнх-Оргил мөн хатакикоми мэхээр Какизоэг тус тус давжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж