Модны үйлдвэрлэлийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Модны үйлдвэрлэлийг хязгаарлана

Хөвсгөл аймгийн зарим сумдын ойн нөөц доройтож буй энэ цаг үед олон хөрөө рамууд өдөр шөнөгүй мод бэлтгэж, модны хулгай хяналтаас гарч  байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Монгол Улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 16, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйл, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2002 оны 82 дугаар тушаалыг үндэслэн Хөвсгөл аймгийн хэмжээнд мод зүсэх, боловсруулах чиглэлээр Р-63, Р-65, туузан хөрөө рамуудыг ашиглан ажиллуулж байхаар зөвшөөрсөн байна. Дээрхи раманд зөвхөн ойгоос мод бэлтгэх эрх бүхий мэргэжлийн байгууллагын бэлтгэсэн модыг гэрээ байгуулан зүсэж, боловсруулахыг рамын эздэд даалгажээ. Дугуй хөрөө рамыг үйлдвэрийн паспорттай, стандартын шаардлага хангасан тавцантай, зүсмэл материал боловсруулах зорилгоор зөвшөөрөгдсөн хөрөө рамын дэргэд ажиллуулах, мөн зөвшөөрөгдсөн “Мод, модон материал худалдан борлуулах зах” дотор байрлуулан ажиллуулж байхаар зөвшөөрчээ. Суманд  үйлдвэрлэл явуулж байгаа ахуйн зориулалттай жижиг дугуй хөрөөг мужаан цехийн хүрээнд зохих хууль тогтоомжийн дагуу ажиллуулахыг сумдын Засаг дарга нар шийдэх юм байна.

Мөн энэ захирамжид аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Мод, модон материал худалдан борлуулах зах” байгуулах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан ойн мэргэжлийн эрх бүхий байгууллагыг түшиглэн шийдвэрлэхийг Мөрөн сумын Засаг даргад даалгав.

Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөө рам, дугуй хөрөөнүүдийг түр хугацаагаар зогсоож, нэг цэгт төвлөрүүлж, зөвшөөрөгдсөн хөрөө рам, дугуй хөрөөг ажиллуулах, асуудлыг ирэх арваннэгдүгээр сарын 10-ны дотор багтаан шийдвэрлэхийг Мөрөн сумын Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга , Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгов. 

Сумдын засаг дарга нарт тухайн жилд бэлтгэх модыг ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалтын ажлыг хийлгэн эрх бүхий ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлийг дэмжих замаар тэднээр зохих хууль тогтоомжийн дагуу бэлтгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг мөн даалгасан байна. Тус захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, энэ жилд багтаан Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болголоо.

Г.Алдараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж