Булган аймгийн засаг даргын шийдвэрээр томилсон ажлын хэсгийнхэн болон улсын бүртгэлийн хэлтсийнхэн ихээхэн санаачилга тавьж ажилласны дүнд иргэний шинэчилсэн бүртгэлд 41,8 мянга гаруй хүн хамруулахаас 30 наруй мянга буюу 78,9 хувийг нь хамруулаад байна. “Сумдын ажилтнуудаа арга зөвлөмжөөр сайтар хангасан. Ажлын явцын талаар зарим суманд очиж танилцан шалгаж тусалсан. Орон нутгаас өдөр бүр мэдээлэл авч зөвлөгөө чиглэл өгч байна. Энэ бүхний дүнд ажил эрчимжсэн” гэж тус хэлтсийн иргэнийн бүртгэл мэдээллийн албаны дарга Д.Алтантуяа ярьж байна. Улс орон даяар өрнөж байгаа энэ ажилд Гурванбулаг сумынхан аймагтаа тэргүүлж 91,3 хувьтай болжээ. Тус суманд 2152 иргэн хамруулахаас 1965-ыг нь шинэчлэн бүртгээд байна. Тус сумын Засаг дарган тамгын газраас энэ ажилд онцгой анхаарал тавьж багуудыг хуваариар оролцуулсны дээр явуулын үйлчилгээгээ хөдөө ажиллаж мөн хэвтрийн болон өөрөө ирэх бололцоогүй айл өрхийн гэрээр очиж, сум орон нутагт болох хурал зөвлөгөөн зэрэг нэгдсэн арга хэмжээний үеэр бүртгэх зэргээр ажилласан нь ийнхүү үр дүнгээ өгчээ. Мөн Рашаант суманд 82,6 хувьтай болоод байгаа бол хамгийн олон буюу 9,2 мянга гаруй иргэний бүртгэлийг шинэчлэх аймгйин төв-Булган сумынх 71,5 хуьд хүрээд байна. Сумдаас Сэлэнгэ, Хишиг-Өндөр суманд 63,2-64,7 хувьтай удаашралтай явна. Ялангуяа Хялганат тосгонд 2920 иргэнээс 1143-ыг нь хамруулан дөнгөж 39,1 хувьтай байна. Уг нь тус тосгоны иргэд бараг бүгд төв дээрээ байдаг тул энэ ажлыг богино хугацаанд шуурхай явуулах боломжтой атал ийнхүү удааширч байгаа иргэд идэвх сул, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ хангаллтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Энэ ажлын явцад ямар хүндрэл тулгарч байгаа талаар албаны дарга Д.Алтантуяагаас тодруулахад “Гол нь төрсний гэрчилгээтэй холбоотой асуудал байгаа. Орон нутагт шүүгээд гарахгүй болохоор улсын бүртгэлийн газарт хүсэлт тавьдаг. Хариу нь ирэхгүй удахаар дахин хүсэлт болгоход мөн ирж өгөхгүй юм. Хэлтсийнхээ архивчныг долоо хоногийн томилолтоор явуулж 100 гаруй хүнийхийг авчирлаа. Уг нь 800 гаруй хүний төрсний гэрчилгээнд лавлагаа гаргаж өгөх шаардлагатай байгаа. Одоо үлдсэн хүмүүсийн лавлагааг яаралтай бүрдүүлэх арга хэмжээ авах болно” гэв.
Ж.Мөнх-Очир