Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-2

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Супер гүрнүүдийн сөргөлдөх талбар-2

Пентагоноос
энэ асуудалд нэ­лээд нухацтай хандаж  АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний
штабын дарга адмирал Гарри Рафхед ОХУ-ын ижил алба хашиж байгаа адмирал
В.Высоцкийд хандан тайлбар хүссэн байна.

Хэдийгээр ОХУ, АНУ-ын
цэргийн хүчнийхэн Хойд мөсөн далай дахь бие биенийхээ хөдөлгөөнийг
ажиглан дагах нь байдаг л үзэгдэл боловч оросуудын дараалан хийсэн энэ
үйлдлүүд “илүү түрэмгий шинж”-тэй байсан гэж  АНУ-ын хөлөг онгоцны ахмад
ярилцлагадаа дурджээ. Цэргийнхэн энэ үйл явдалд одоогоор үнэмшилтэй
тайлбар тавихгүй байгаа бол харин хөндлөнгийн шинжээчид огт өөр илүү
ноцтой тайлбар өгч байгаа юм. Энэ долоо хоногт Москвад болохоор
товлогдсон Хойд туйлын асуудлаархи олон улсын форумын үеэр Оросын тал
өөрийн эзэмшлийг хамгаалахын төлөө гал цогтой тэмцэхээ илэрхийлж байгаа
нэг хэлбэр байсан гэж тэд үзэж байна.

Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ

Байлдааны
онгоц АНУ-ын цэргийн хөлөг онгоцыг шүргэх шахан “өдөж” байх зуур бас
нэгэн анхаарал татсан ажиллагааг оросууд хийж эхэлжээ. Энэ нь дэлхийд
хамгийн томд орох мөс зүсэгч хөлөг онгоцыг оросууд бүтээхээр болсон
бөгөөд өвлийн хүйтэнд ч Хойд туйлын мөсийг хага ярах аварга техник байх
бололтой. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол энэ хөлөг нь Хойд мөсөн
далайн мандлаар бусад хөлөг онгоцуудад зориулан зам гаргаж өгөх бөгөөд
үүний зэрэгцээ Хойд туйл орчмоос нефть болон байгалийн хий олборлоход
тус дэм болох гэнэ. Тэгээд ч Хойд туйлын мөсөн бүрхүүл 1.8  сая хавтгай
дөрвөлжин миль хэмжээгээр хайлж хорогдсон нь өнгөрсөн долоо хоногт
тодорхой болжээ. Мөсөн бүрхүүлийн зузаан нь ч 1976 оныхыг бодвол хоёр
дахин багасч 8 фут орчим болсон байна. Энэ байдал экологид сөрөг нөлөө
үзүүлэх тухай ярихаас илүү эдийн засгийн ашиг сонирхолд нь нийцэх талыг
нь ашиглахаар оросууд чармайж эхэлсэн гэж барууныхан хардаж байгаа аж.
Учир нь гурван жилийн өмнө дэлхий дээрхи хамгийн том атомын мөс зүсэгч
“Ялалт- 50 жил” нэртэй онгоцыг бүтээсэн бөгөөд тэр нь одоогийн мөсөн
бүрхүүлээс илүү зузааныг буюу 10 фут мөсийг хага ярах хүчтэй гэж яригдаж
байгаа.

 Тэгвэл үүн шиг дахин хоёр хөлөг онгоцыг үйлдвэрлэхээр
болж байгаа ба тэдгээрийн цөмийн реакторууд нь тус бүртээ 60 мегаватт
эрчим хүчийг гаргах чадалтай байх гэнэ. Энэ нь дунд зэргийн хотыг эрчим
хүчээр бүрэн хангах бололцоог олгож чадах юм. Мөн 110 мегаватт эрчим хүч
гаргах өөр нэг аварга хөдөг онгоцыг ч нэмж бүтээхээр төлөвлөжээ. Энэ
бүхнийг хийж байгаа оросуудын хүчин чармайлт барууныхны тэр дундаа АНУ,
Канад улсуудын ашиг сонирхолд огт нийцэхгүй байгаа гэж хэлж болно. Тэд ч
мөн мөс цасны орны цагаан бүрхүүл доорхи чамгүй баялгийг эзэмших туйлын
хүсэлдээ шатаж байгаа юм. Тэгээд ч Хойд туйлд бусад өндөр хөгжилтэй
орнуудаас илүү ойрхон орших АНУ,Канад улсууд олон арван тэрбум
ам.долларын хөрөнгө зарцуулсан боловч одоо болтол ганц ч ам.долларын
ашиг олоогүй байгаа тул ядаж л зардлаа нөхөхийг чармайх нь ойлгомжтой.

Цасан бүрхүүлтэй том бялуу

Аварга
гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчлийг “шатаагаад” байгаа нь мэдээж Хойд
туйлын хахир хүйтэн мөс цас биш нь ойлгомжтой. Харин доор нь байгаа
нөгөө л эрчим хүчний асар их нөөц болох байгалийн баялаг – нефть,
байгалийн хий мөн бусад ашигт малтмалууд… Олон тооны судалгаанд
үндэслэсэн таамгууд байгаа ч дундчилсан тоо баримтыг харвал одоогоор
дэлхий дээр байгаа ашиглаж эхлээгүй нефтийн нөөцийн арван хувь нь Хойд
туйлын доор оршиж байна. Мөн байгалийн хийн нөөцийн гуравны нэгээс илүү
нь цас мөсөн доор хучаастай байгаа гэж судлаачид баталж байгаа билээ.
Зузаан цасан бүхүүл доороос хэдийнээ “үнэр нь мэдрэгдэж” эхлээд байгаа
энэ “бялууны” төлөө тэмцэл эхэлснийг зарласан эхний алхмыг оросууд
гурван жилийн өмнө хийсэн билээ. Тэд бичил шумбагч завиар Хойд туйлын
ёроолд зэвэрч муудахгүй металлаар хийсэн Оросын төрийн далбааг аваачиж
зоосон байна. Нэг үгээр хэлбэл энэ хавийн баялаг манайх гэж зарлаж
байгаа нь тэр.

Энэ үйл явдлыг баталж Оросын ерөнхийлөгч Дмитрий
Медведев ч үг хэлээд амжжээ. Тэрээр “ Хойд туйлыг Оросын 21-р зууны
түүхий эдийн бааз болгох зорилт Кремлийн өмнө тулгараад байгаа” гэж
мэдэгджээ. Медведевийн энэ үг ч хэрэгжиж эхэлж байгаагийн баталгаа болох
Оросын хайгуулын экспидецүүд АНУ, Канадын ижил зорилготой багуудтай
өрсөлдөн Хойд туйлд бууцгааж эхлэв. Гэхдээ Оросын зарим мэргэжилтнүүдийн
хэлж байгаагаар бол өнөөдөртөө оросууд хөлбөмбөгтөө зарж байгаагаас ч
бага хөрөнгийг туйлын судалгаанд зориулж байгаа аж. Харин АНУ болон
Канад гээд барууны өрсөлдөгчид нь зарим мэдээллээр бол 20 гаран тэрбум
ам.долларыг зарцуулсан гэж байгаа нь харьцуулшгүй их тоо мэт харагдахаар
байгаа юм. Нөгөө талаар Орост одоогоор туйлын мөсөн дээр олборлолт
явуулах техник технологи байхгүй байгаа ч үүнийг бий болгох ажил хэдийнэ
эрч хүчээ авсан гэж байна. Зарим судлаачид туйлын нөөц баялгийг ойрын
арван жилд ашиглаж эхлэх бололцоотой хэмээн баталдаг.
 Энэ байдлаас
харвал техник технологийн бололцооноос түрүүлээд улстөр, геополитикийн
бололцоогоо тогтоож авах гэсэн их гүрнүүдийн яаруу занг ойлгож болохоор.
Хэрэв АНУ  Хойд туйлын баялгийг ашиглаж чадах юм бол дэлхийн аль ч цэгт
хямралт байдал үүсч байлаа ч түүнээс үл хамааран өөрийн эрчим хүчний
хангамжийг шийдээд явах маш сайхан ирээдүйг олж хараад байгаа гэнэ. Тийм
болохоор тэд өөрийн энэ чиглэл дэх салшгүй түнш Канадын хамтаар Оростой
тэмцэлдэх гол өрсөлдөгч нь болж байна. Гэвч энд бас нэг чухал үйл
явдлыг заавал тооцож үзэх хэрэгтэй байгаа билээ. Гурван жилийн дараа
буюу 2013 онд НҮБ Хойд туйлын асуудлаар хуралдаан хийхээр товлосон
бөгөөд энэ хуралдаан их гүрнүүдийн маргааныг нэгмөсөн тасалж чадна гэж
зарим шинжээчид баталж байна. Гэвч “зоос жингэнэж байхад худалдаачинд
хөгжим сонсогддоггүй” гэсэн үг бий.  Их гүрнүүд гэдэг ашигт малтмал энэ
тэрээс гадна зэр зэвсэг, үзэл суртал,  хувьсгалыг ч зарж наймаалцаж
чаддаг ясны худалдаачид. Тэд Фольклендийн арлын хэрэг явдлаас өгсүүлээд
Афганистан, Ирак гээд хичнээн олон үйл явдлын тухайд бусдыг үл хэрэгсэн
“таг дүлий” байж ирсэн түүх бий. Хэрэв Хойд туйлын баялгийг Мексикийн
булан шиг ашиглавал дүлий нь ч тэр, дуугарсан нь ч ялгаагүй адилхан
сүйрэх эрсдэл бий. Гэвч их гүрнүүд одоогоор лав энэ тухай огт сонсоогүй
мэт аашилж байна. Тэд харин олзоо харамласан арслан шиг битүүхэн
заналтайгаар бие биенийхээ “хүрхрэхийг” нь л анхааран чагнаж байгаа
ажээ.

    
        М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж