
-Танай холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хамтран боловсруулсан хуулийн төсөлд даатгуулагчийн эрх, тэдэнд хандсан эрүүл мэндийн үйлчилгээний талаар ямар давуу талыг тусгасан бэ?
-Эрүүл мэндийн даатгалын хариуцлагын тогтолцоо хамгийн чухал. Төрийн байгууллага муу үйлчилгээ үзүүлбэл даатгуулагч гомдол гаргах, гомдлын мөрөөр хариуцлага тооцуулах, үйлчилгээ авах байгууллагаа солих, сонгох эрхтэйг оруулж өгсөн. Эмч нар иргэдийн мэдээлэл муутайг далимдуулж, хэрэгтэй, хэрэггүй жор бичиж өгдгийг хөндлөнгийн хүнээр хянуулах хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх хүрээнд даатгуулагчийн зөвшөөрлөөр ажлын байрандаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх ёстой. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нь бидний даатгалын мөнгөний дөрвөн хувиар цалинждаг бус харин төрийн бус байгууллага, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь бие даасан байх ёстой.
-Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даалаа гэхэд ямар үр дүн гарах вэ?
-Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн даатгалыг захиран зарцуулах эрхийг авчихвал хүн өөрөө өөртэйгээ хариуцлага тооцдоггүйтэй адил юм болж хувирна. Иймд Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гэсэн гурван талаас бүтэц байгуулж, гомдлыг хамт шийдье гэж байгаа юм. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо төр болон эмнэлэгт бус даатгуулагчийн оролцоотой хөндлөнгийн байгууллагад хамаатай байдаг.
-Хэрвээ УИХ та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Монголчууд жилдээ 90 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалд төлсөн байдгаас 50 хувийг нь ажил олгогч, 50 хувийг нь иргэд гаргадаг. Гэтэл түүнийг хянах ямар ч тогтолцоогүй байж болохгүй шүү дээ. Тиймээс УИХ энэ бол эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх түүхэн боломж гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв ард түмнийг үл ойшоовол тэдний дэмжлэгийг автлаа мэдээлэл түгээж, хүчээ нэгтгэн суулт хийнэ.