
“Оюутолгой” ХХК-ийн цахим хуудаснаа тавигдсан “Ажилд орох анкет”-ийн асуулга тэнд ажиллаж, цалин орлогоо нэмэгдүүлэх гэсэн монголчуудын хувьд нэлээд эмзэглүүштэй зүйл болоод байгаа. Учир нь, тэнд тавигдсан анкетын этгээд гэмээр асуултууд таны аль намын гишүүн болохоос эхлээд “Таны хамаатан садан, найз нөхдөөс хэн нэг нь Монгол Улсын төрийн байгууллагад ажилладаг эсэх”-ээр үргэлжилсэн байгаа. Хэрэв тийм бол тэдгээрийн овог нэр, албан тушаал, таны юу болох талаар дэлгэрэнгүй бичихээс гадна төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, Олон улсын байгууллагын ажилтан /НҮБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт/ таны хамаатан садан дотор байдаг бол тэдний ч гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг шаардсан байдаг. Харин анкетийн төгсгөлд “Миний өгсөн мэдээлэл үнэн зөв бөгөөд ямар нэгэн зүйл буруу буюу худал байсны улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцаж, шаардлагатай бол тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн баталгаа гаргуулсны дараа ажилд авдаг байна.
Энэ юу гэсэн үг вэ. Төдийгөөс өдий наслахдаа… гэгчээр урьд өмнө манайхан иймэрхүү анкетад ийм асуулга огт байсангүй. Энэ ажилтнуудын хувийн амьдралд хэт их оролцсон төдийгүй ажлын байранд ялгаварлал гаргасан гэж үзэх үндэстэй. Хамгийн гол нь хэрвээ энэ анкетийг үнэн мөнөөр нь бөглөнө гэвэл “Оюутолгой” ХХК нь УИХ, Засгийн газар болоод төрийн бүх байгууллага, тэнд ажиллаж буй нөхдийн талаар манай Тагнуулын ерөнхий газарт ч байхгүй мэдээллийн том бааз бий болох нь л дээ. Оюутолгойд хамгийн багаар бодоход 3000 хүн ажиллана гэж бодоход түүний ар гэрт нь 15000 хүн багтаж байна. Тэдний хамаатан садан, цусан төрлүүдийг л тоолоход нэг хүний ард дахиад 200-300 хүн гарч ирнэ ээ дээ. Ингэхээр Монголын 2,7 сая хүн ам тэр чигээрээ УИХ, Засгийн газартайгаа “Оюутолгой” гэдэг канад эзэнтэй компанийн хяналтад орно оо гэсэн үг. Тэгэхээр одоо үүнийг юу гэж үнэлэх вэ. Тагнуулын ажиллагаа явуулж байна гээд хэлчихэд буруутахгүй л бололтой. Бодвол үүнийг ч гэсэн хуулиар хориглосон зүйл заалт байдаг л байх. Харин ХЭҮК энэ удаа тэнд ажиллагсдын эрх ашигтай холбогдуулан өөрсдийн дүгнэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл “Оюутолгой” компанийн ажиллагсдын гаргасан гомдлын дагуу УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ХЭҮК-т хандаж, уг компанийн явуулж буй энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын иргэний эрх ашгийг зөрчсөн зүйл байгаа эсэхийг Хүний эрхийн үндэсний комисст хүсэлт гаргасан аж. Сар шахмын өмнө өгсөн энэ хүсэлтийн хариуг ХЭҮК-оос Хүний эрхийн дэд хороонд ирүүлжээ.
ХЭҮК уг асуудлыг шалгаж үзээд “Оюутолгой ХХК Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна” гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Ингэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн хуулийг иш үндэс болгожээ. Тодруулбал, Хөдөлмөрийн хуулийн долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил хүсэгчээс “…хувийн амьдрал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, намын гишүүнчлэлтэй холбоотой мэдээлэл шаардах”-ыг хориглодог аж. Эл заалтыг мөн хуулийн есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тайлбарлахдаа “…дээрх мэдээллийг гаргуулан авах нь ажлын байранд танил талаар дамжуулан давуу байдал үүсгэсэн” гэж үзэх үндэслэл болох тул хуулийн хариуцлага тооцохоор заасан байдаг юм байна.
Монголын Засгийн газар “Оюутолгой” ХХК хэмээх хамтарсан компанийг байгуулахын тулд хөрөнгө оруулагч талд чамгүй олон хөнгөлөлт үзүүлж, тогтвортой байдлын гэрээ хүртэл байгуулсан. Харин энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд “Монгол Улсын хуулийг мөрдөхгүй байх” тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй санагдах юм. Ялангуяа Монгол Улсын иргэдийн хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулсан Хөдөлмөрийн хуулийг ягштал мөрдөх нь манайд үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын бүх аж ахуй нэгжийн нэн түрүүнд хүлээх үүрэг. Харин “Оюутолгой” компаний хувьд Монголын хуулийг үл ойшоогоод зогсохгүй түүнийгээ ил зарлаж, олон нийтэд сурталчилж чадаж байгаа нь бүр ч тохуутай харагдаад байгаа юм. Тэр тусмаа тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй манай хууль хяналтын байгууллагууд, мэргэжлийн хяналт, хөдөлмөрийн байцаагч нар юу харж байдаг нь бүр ч сонирхолтой. Ер нь бол эндээс харахад манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн монгол ажилчдад тавьж буй шаардлагыг эргээд нэг харчихад гэмгүй бололтой.
ХЭҮК ч яах вэ, дүгнэлтээ гаргачихлаа. Харин одоо энэ дүгнэлтийн мөрөөр хэн юу хийх вэ?